ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын тухай дүн шинжилгээ гаргаж, ойрын хоёр жилийн хугацаанд Орос орон хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байгааг мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр төсвөө танаж, улс орон даяар санхүүгийн хүнд бэрхшээлтэй үеийг даван туулахын тулд зарим татварыг нэмэх болсноо зарласан билээ.
Үүний хүрээнд ОХУ санхүүгийн секторуудад тодорхой хэмжээний таналт хийнэ. Мөн банкуудыг амьжиргааны зээлүүдийн хүүгээ бодлоготойгоор бууруулах, төсвийн үргүй зардлыг хэмнэх зэрэг хэд хэдэн ажил хийгдэхээр болж байна.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хэт өсгөхгүйн тулд зарим хүнсний бүтээгдэхүүнээс авах татварыг өсгөхөөр боллоо. Үүнд, юун түрүүнд архи согтууруулах ундааны төрөл багтаж байгаа бөгөөд хойд хөршид архины үнэ одоо байгаагаас даруй 10-15 хувиар өсөх нь тодорхой боллоо. Харин буудай, будаа, гурил тэжээлийн үнэ ханш хэвийн байх тухай эдийн засагчид дүгнэжээ.
Путин ойрын хугацаанд баримтлах бодлогоо “шинэ” эдийн засгийн арга барил гэж нэрлэсэн бөгөөд жижиг бизнесүүдийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой бодлогоор туслалцаа үзүүлэх юм байна. Хэдийгээр төсвийн таналт явагдах хэдий ч Оросууд технологийн салбарт хаях мөнгөн дүнгээ бууруулахгүй гэнэ.
Түүнчлэн хойд хөршийн оршин суугчид ойрын хоёр жилийн хугацаанд баяр ёслолд зарцуулах мөнгөө ч бууруулах бөгөөд энэ нь төсвийг танах хамгийн боломжит хувилбаруудын нэг болжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )