Япон батлан хамгаалах салбартаа үлэмж төсөв хаяв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Японны парламент Батлан хамгаалах салбартаа удаан хугацааны бодлогоор 4.98 триллион иен буюу 42 тэрбум ам.доллар төсөвлөлөө. Энэ нь Хятадын батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй хөрөнгөтэй дүйх хэмжээний төсөв юм байна. Япон улс өнгөрсөн оны энэ үеэс 2.8 дахин их хөрөнгийг цэрэг зэвсгийн салбартаа оруулах аж.

 Тус улсын БХЯ-ны сайдаар шинээр томилогдсон Ген Накатани “Японы одоогийн армийн баазыг бүхэлд нь өөрчилж, шинэ түвшинд гаргах шаардлагатай” гэсэн юм.

 Энэхүү хөрөнгөөр хамгаалалтын зэвсэг, агаарын хүчний шинэчлэлд зарцуулах тухай Шинзо Абэ тодотгосон байна. Юун түрүүнд Япон улс шинээр 20 ширхэг зөөвөрлөгч хөлөг онгоц, таван нисэх онгоцны бааз барьж байгуулахаар болсон гэнэ.  Мөн одоо ашиглагдаж байгаа армийн машин, хуурай замын цэргийн тоноглол, зэвсэг тэргүүтнийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр боллоо.

 Шинжээчид Японы уг үйлдлийг “Хятадтай өрнүүлж байгаа арлуудын маргаан хурцдахаас сэргийлж байгаа” хэмээн тайлбарласан байна.

Япон  улс эртнээс БНХАУ-тай Хятадын зүүн тэнгисийн орчимд арлын маргаантай оршиж байна. Хятадаар Дайюу, Японоор Сенкаку гэгддэг энэхүү арал нь Дэлхийн II дайны дараа хоёр улсын газар нутгийн маргааны гол шалтгаан болоод байсан түүхтэй.

Одоогоор арлыг Япон улс бүрэн хянадаг. Гэвч Японы засгийн газар 2012 онд “Сенкаку арал Япон улсынх” гэж мэдэгдсэний дараа Хятадын тал зарга үүсгэж, хоёр орны дипломат харилцаа хөндийрөх болсон юм.

Хэрэв арлын маргаан цагийн нөхцөлөөс шалтгаалан хурцдах юм бол БНХАУ-ын армийн бие бүрэлдэхүүн Японы одоо байгаа батлан хамгаалахын түвшинээс харьцангуй өндөр юм.

Өнгөрсөн сард Японы БХ-ын сайд Накатани “Япон нөхцөл байдлаас шалтгаалж армийн шинэчлэлдээ цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Бид батлан хамгаалахын салбартаа шинэчлэл хийж байгаа нь Японы агаар, далай, хуурай газар, цэргийн хүчний хувьд дэвшил байх болно. Мөн бид ард түмнийхээ аюулгүй байдалд санаа тавих ёстой” гэж байжээ.

 Гэхдээ наран улсын хувьд батлан хамгаалахдаа зарцуулж байгаа хөрөнгө тийм ч их биш. Учир нь АНУ гэхэд л өнгөрсөн онд цэрэг зэвсгийн салбартаа 600 тэрбум ам.доллар зориулсан юм. Харин тэдний араас БНХАУ 112 тэрбум, ОХУ 68.2, Франц 52.4 тэрбум ам.долларыг тус тус армийнхаа төсөвт баталж байжээ.

Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top