БНХАУ-ын хууль хяналтын байгууллага өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 60,500 хүн шалгаж, 11.14 тонн хар тамхи хураан авсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Хятад улс даяарх энэхүү тоон мэдээлэл нь тус улсад хар тамхины хэрэглээг хянах, бууруулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн ажиллагааны тайлан мэдээлэл аж. Цагдаагийнхний мэдээлснээр эдгээр шалгагдсан иргэдийн 52.800 тохиолдлыг хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Тус улсын Хуулийн яамны мэдээлснээр урьдчилсан тооцоогоор Хятадад 180.000 иргэн тогтмол хар тамхи хэрэглэдэг гэсэн байна. Түүнчлэн хар тамхины төрөл зүйлийн хэрэглээ ч нэлээд хөгжсөн байна. Тодруулбал, methamphetamine, ketamine, ecstasy зэрэг хар тамхины төрлийн хэрэглээ Хятад даяар нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Цаашид хуулийнхан хар тамхины хэрэглээг хязгаарлах, хар тамхины наймаа, зөөвөрлөлтийг таслан зогсоох, зуучлагч борлуулагчдын бүлэглэлийг илрүүлэхийн тулд хил залгаа орнуудтай нягт хамтарч ажиллах аж. Тодруулбал, хар тамхины зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд Лаос, Мьянмар, Тайландаас ихээр орж ирдэг төдийгүй Зүүн Өмнөд Азийн хар тамхины мафиудтай сүлбээтэй ажилладаг байна. Энэхүү хар тамхины сүлжээг барьж илрүүлэх нь Хятадын хуулийнхны гол зорилго аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )