Украины Донецкийн нисэх онгоцны буудлын орчимд ширүүн буудалцаан болж нэлээд олон хүн амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр буудалцаан Донецкийн нисэх онгоцны буудал, Луганскын хойд бүст болжээ.
Украиныг дэмжигчид Оросын талын хүчинтэй нисэх онгоцны буудлын төлөө тулалдаж, одоог хэр нь аль нэг нь Донецкийн онгоцны буудлыг өөрсдийн мэдэлд авч чадаагүй л байна. Украины хэвлэлийн мэдээлснээр Донецкийн бүс нутагт Оросыг дэмжигчдийн хүч улам бүр нэмэгдсээр байгаа аж.
Сүүлийн саруудад Украины зүүн нутгийн төлөөх тулалдаан намжаад байсан ч хоёр долоо хоногийн дотор хэд хэдэн мөргөлдөөн болж, эцэстээ Донецкт дахин дарийн утаа үнэртэж эхлэв. Украины хүчин Донецкийн онгоцны буудлыг алдахгүйн төлөө хүчтэй тэмцэж байгаа бол Оросыг дэмжигчид энэ бүс нутгийг орхин гарахгүй гэдгээ удаа дараа мэдэгджээ.
Украины төв телевизийн дамжуулснаар Донецкийн нисэх онгоцны буудлын орчимд хар утаа суунаглаж, энд тэндгүй автомат тачигнах чимээ сонстох болсон байна. Даваа гарагийн мөргөлдөөнд дор хаяж 20 орчим хүн амиа алджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )