Турк улсад аялж яваад сураггүй болсонӨмнөд Солонгосын иргэн Ким овогтой, 18 настай залууг Сири дахь Исламын улсын зэвсэгт босогчидтой нэгдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ким дунд сургуулиа орхиж тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр онлайнаар харилцдаг найзтайгаа уулзахаар Турк руу явсан байна.
Түүнийг хамгийн сүүлд Сири улстай хиллэдэг Туркийн Килис хотын зочид буудалд байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Хүүгээсээ холбоо тасарсан Кимийн эцэг эх нь Сөүлийн цагдаагийн газарт мэдэгджээ. Харин түүний твиттертээ бичсэн зурвас нь хуулийнхны анхаарлыг татсан байна. Тэрбээр твиттер хаягаа “Сүнни Мужахдиен” гэдэг нэрээр хөтөлдөг байсан бөгөөд жихадист бүлэгт нэгдэх хүсэлтэй байгаагаа бичсэн байжээ.
Тиймээс 18 настай Кимийг жихадуудтай нэгдэхээр Сирийн хилийг давсан байж магадгүй гэж мөрдөгчид үзэж байна. “Тэр Исламын Халифат улсыг их сонирхож байсан нь олон баримтаар нотлогдсон. Гэхдээ Ким тэдэнтэй нэгдсэн эсэх нь тодорхойгүй байна” гэж Сөүлийн цагдаагийн газрын ахлах офицер ярьжээ.
Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Ким Исламын радикал бүлэгт нэгдсэн Өмнөд Солонгосын иргэн анхны болох юм. Туркийн цагдаагийн албанаас ажиглалтын камерын бичлэгт Ким зочид буудлын ойролцоо үл таних эрэгтэйн хамт зөвшөөрөлгүй таксинд сууж байгаа нь бичигджээ. Тэд Сири улсаас таван километрт байрладаг Бесирие тосгон дахь дүрвэгсдийн лагерийн ойролцоо буусныг Туркийн цагдаагийн алба нотолжээ.
Сэтгэгдэл ( 0 )