“Нуугдмал охин” –ы нууц түүх ил болсон нь

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Залуу эх Шайима амьдралаа газар дээрх диваажинтай зүйрлэн ярьж байна. Гэхдээ амьдрал нь үргэлж ийм байсангүй.  Тэр Египетэд  төрж өссөн нэгэн. Түүнийг найман настай байхад эцэг эх нь  нэгэн айлд зарцаар худалджээ.  Шинэ  эзэгтэй жаахан охиноор өдөрт 20 цагийн хөдөлмөр хийлгэх бөгөөд яг л шорон шиг цоож цуургатай жижигхэн  өрөөнд байлгана. Үргэлж харааж загнаж,  заримдаа цохиод авахаа юман чинээ бодохгүй. Ийм л амьдралын дүр зургууд Шайимагийн хүүхэд ахуй үеийг илэрхийлж байлаа.  Түүнийг худалдаж авсан гэр бүлийнхэн  АНУ-д шилжин суурьшсан нь  залуу охины амьдралд хожим тохиосон “алтан боломж”-ийн эхлэл болжээ.  Аз жаргалгүй цагаач охины гунигт байдлыг өгүүлсэн нийтлэл Daily Mail сонинд нийтлэгдснийг  Калифорни мужийн  нийгмийн ажилтнууд олж уншжээ. Эндээс л ирээдүйн он жилүүдийн   гэгээн өдрүүд эхэлсэн юм.

Шайима 11 хүүхэдтэй ядуу гэр бүлд төрж өсчээ. Египетийн  Александр хотоос өмнө зүгт тэдний тарчигхан гэр бүл амьдардаг байв.  Хэдийгээр эцэг нь хүүхдүүдээ үе үе зоддог ч төрөлх гэртээ тэр аз жаргалтай, ах эгч нартайгаа бужигнасан шиг сайхан л амьдардаг байж. Гэвч энэ амьдрал удаан үргэлжилсэнгүй.   

Шайимагийн нэг эгч нь хулгайн хэрэгт холбогдсноос бүх зүйл эхлэв. Эгч нь зарцлагдаж байсан айлаасаа эд  зүйл хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж нөхөн төлбөр төлөх болов. Харин охины эцэг эхэд төлөх мөнгө байсангүй. Ингээд төлбөрийн оронд Шайима охиныг тэднийд зарцаар өгөх болжээ. Эцэг эхийнхээ ийм шийдвэрт  охин уйлж байсан ч энэ нь гэр бүлийнх тусын тулд учраас танихгүй айлын босгыг давахаас өөр аргагүй болов. Наймхан настай балчир охин ийн Абдель Нассер Эйд Юсуф Ибрагим гэх баян гэр бүлийн зарц болов. Эхний хоёр жил үнэхээр хүнд хүчир өнгөрөв. Хөөрхий охин энэ айлын эзэн, эзэгтэй хоёрыг “аав, ээж” хэмээн дуудна. Өөрөөс нь гурван насаар дүү ихэр хоёр хүүхдийг нь бас харж хамгаалах учиртай. Харин хүүхдүүд нь Шайимаг эгчээ биш, зарц гэдгийг нь мэднэ. Эцэг нь Шайимаг зоддог, ээж нь түүнийг “тэнэг зарц” гэж дууддагыг бас мэднэ.

Ибрагимын гэр бүлийнхэн Америкт шилжиж ирсэн ч зарц охины хувьд байдал дээрдсэнгүй. Каирт байхдаа тэднийх бас өөр нэг зарцтай байсан бол энд тиймгүй. Бүхий л ажил бяцхан охины нуруун дээр  буув.  Тэр өглөө 5.30 цагт босч шөнө дунд хүртэл борви бохисхийх завгүй ажиллана. Өрөө нь агаажуулагч байхгүй, шалан дээр хаясан ганцхан гудаснаас өөр  эд хогшил үгүй.  Гэрийн эзэгтэй түүнийг угаалгын машин хэрэглэхийг  хориглосон учир хувцас хунараа гараар угаана. 

Эзэгтэй бас охиныг гадаа гарахыг хориглосон бөгөөд хэрэв зугатах гэж оролдвол цагдаад барьж өгнө гэж заналхийлдэг байв. Энэ ч бас бага хэрэг. Хэрэв чи гадаа гудамжинд гарах гэж оролдвол эцэг эхтэйгээ хэзээ ч уулзахгүй  гэж  бодоорой хэмээн дарамтлана.  Ийм айдас дунд байдаг болохоор тэр хэзээ ч оргож зугатах тухай бодож байсангүй.

Гэвч амьдралд аз гийдэг өдөр байдаг аж. 2002 онд тэр нь санаандгүй байтал тохиов.  Зарцлагдаж байгаа бяцхан охины талаархи мэдээлэл мужийн Нийгмийн хамгааллын ажилтнуудад хэн нэгэн илгээжээ. Эрх бүхий байгууллагынхан египэт гаралтай гэр  бүлийн гэрт ээлж дараалан иржээ. Харин энэ үеэр гэрийн эзэгтэй охинд хандаж “Зарцлагдаж байсан тухай бүү ярь. Харин эднийд зочлохоор ирсэн хэмээн итгүүл” гэж арабаар хэлэхийг нь анзаарчээ.  Тэр эрх чөлөөтэй болов.

“Чи охиноо өг. Тэгвэл дэлхий аврагдах гэж байна гэсэн ч би охиноо хэн нэгэнд  зүрхэлж өгч чадахгүй” хэмээн Шайима ярьжээ. Эхийн хайр гэдэг ийм л байдаг. 

 

Удтал уулзаагүй эцэг эхдээ боолчлолоос чөлөөлөгдсөнөө дуулгах гэж охин яарчээ. Энэ мэдээг сонсоод аав ээж минь их баярлана даа хэмээн охин бодож байв. Гэвч эндүүрчээ. Аавтайгаа утсаар ярьсан чинь  толгой хоргодож өссөн орон гэрээ орхиж явлаа хэмээн уурсч, даруй Египетэд эргэн ирэхийг сануулсан байна. Харин Шайима Америкт үлдэхээр шийдсэн юм.  Түүнийг нэгэн сайн санаат гэр бүл “үрчилж авч”  сургуульд сурч, коллеж төгсчээ. Одоо тэрбээр ажил эрхэлж бусдаас дутахгүй амьдарч байна.  Тэр цаашдаа цагаачлалын албанд ажиллаж хүний наймаатай тэмцэхийг хүсдэг.

Америкт гэр бүлтэй болж хөөрхөн охин төрүүлжээ. “Чи охиноо өг. Тэгвэл дэлхий аврагдах гэж байна гэсэн ч би охиноо хэн нэгэнд  зүрхэлж өгч чадахгүй” хэмээн Шайима ярьжээ. Эхийн хайр гэдэг ийм л байдаг. Тэр өөрийнхөө аз жаргалд хүрэх зам урт бөгөөд хүндхэн байсан хэмээн ярьдаг. Үнэхээр тийм байсан.

Шайима амьдралаасаа сэдэвлэн  “Нуугдмал охин” нэртэй ном бичжээ. “Өөрт тохиолдсон бүхнээ хүмүүсийн сонорт хүргэе гэж энэ номыг бичсэн. Боолчлол гэдэг юм зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан хэмээн олон хүн боддог байх. Гэвч тэр бидэнтэй зэрэгцэн оршдог” хэмээн залуу бүсгүй өгүүлжээ.

Шайима эрх чөлөөтэй болж сайхан амьдарч байгаа ч гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй хэвээр байна. Эцэг нь хэдийнэ мөнх бусыг үзүүлсэн сурагтай. Харин түүний худалдагдсан гэр бүлийнхний хувь заяа тийм ч сайнгүй. Тэднийг боолчлолын хэргээр 2-3 жил шоронд суух ялаар шийтгэсэн юм. Дараа нь эзний эзэгтэйг  Египет  рүү албадан гаргасан бөгөөд  харин эзэн Калифорнид амьдарч байгаа ажгуу.

П.Булган

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Engee(202.179.20.106) 2015 оны 02 сарын 10

Bid baychuudaa het davraah yum bol uum l dur zurag bidniig huleej bna

0  |  0
orhon (213.114.161.151) 2015 оны 02 сарын 10

Arabd 1iljig 10emegteigeesch vnetei gj yaridiin bnalee

0  |  0
europiin oyutan(81.14.231.169) 2015 оны 02 сарын 09

nadad ch gesen iimerhuu zuil tohioldoj baisan. iim baidlaar bi neg heseg amidarch uzsen. jaahan mongotei arai gaigui gesen arabuudaas iimerhuu zuil olhon gardag yum. europed amidardag arabuud jaahan ohidiig zartsalj hamag yumaa hiilgedeg yum daa. zanalhiilj bas surduuleh gej uzne. ene bugdiig bi davaad l garsan. odoo ergeed bodohod bi ih hatuujiltai baisan baigaa yum shu. neg udaa ter aild baihdaa uilj baigaagui.

0  |  0
zochin(112.72.13.69) 2015 оны 02 сарын 09

ene shima ni ooroo mash muu hun bna.ergeed duu ah eej egchde tuslah l bsn uulzaagui aj jarhaltai amidarch bna gedeg.

0  |  0
zochin(124.158.107.58) 2015 оны 02 сарын 09

Shyima Hall geed googledeheer bn

0  |  0
Итгээ(202.126.89.176) 2015 оны 02 сарын 09

Аймаар юм. Арабын ертөнц эмэгтэй хүний хувьд там л гэсэн үг. Тэнд эмэгтэй хүний үнэ цэнэ гэж байдаггүй юм биш үү.

0  |  0
Top