Оросын эдийн засаг барууны тавьсан хоригоос үүдэж тийм ч сайнгүй байгаа. Гэвч тус улсын зэвсэглэлийн бизнес эрхлэгч “Клашников” компанийн “АК-47” автомат бууны борлуулалт санхүүгийн эхний улирлын байдлаар гурван тэрбум рубль (45 сая ам.доллар) хүрч өсчээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 28 хувиар огцом дээшилсэн тоо баримт аж.
“Хэдийгээр хориг арга хэмжээ Оросын эдийн засагт хохирол учруулж байгаа ч “Клашников” компанийн бүтээгдэхүүн борлуулалт өнгөрсөн долоон жилтэй харьцуулахад маш өндөр дүнтэй гарлаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Криворучко “CNN” агентлагт ярив.
Украины хямралаас үүдэж барууныхан Оросын эдийн засагт хориг тавьснаас зарим аж ахуй нэгж хямарч, экспорт бууран гадаад зах зээлийн тэнцэл үлэмж зөрж байгаа юм. Уг нь шинжээчид “Клашников” компанийг худалдааны хориг арга хэмжээнд хамгийн түрүүнд хохирч үлдэх магадлалтай гэж таамаглаж байв. Гэтэл компани өмнөхөөсөө ч илүү захиалгад дарагдаж, шинэ хэрэглэгчид нь Ази, Африк болон бусад орнуудад нэмэгдсээр байна. Үүнийг компани 2014 онд боловсруулсан маркетингийн стратегитай холбон тайлбарласан юм.
“АК-47” автомат бууны экспортоос олох ашиг Оросын дотоодын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг асар том зах зээл юм. ОХУ 2012-2017 оны улсынхаа батлан хамгаалах салбарт зарцуулах төсвөө 85 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Тэгэхээр” АК-47”зэвсгийн борлуулалт энэхүү төсвийг эргээд гадаад зах зээлээс нөхөх боломжтой аж. “Клашников” компани өнгөрсөн 2014 онд 120,000 ширхэг “АК-47” зэвсэг үйлдвэрлэжээ. Бүтээгдэхүүний экспорт 2015 оны байдлаар 25 хувиар өсч, огцом ашиг авч ирсэн байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )