Хоёр жилийн өмнө Кени улсын нийслэл Найроби хот Африкийн хамгийн ухаалаг хотоор нэрлэгдэж байв. Бусад орны томоохон хотуудад тавьдаг үндсэн долоон шаардлагыг Найроби биелүүлжээ.
Энэ шаардлагын эхний үзүүлэлт бол дотоодын эдийн засаг хэр өндөр байгааг харна. Мөн нийгмийн боловсролын түвшин, хотын аюулгүй байдал, аялал жуулчал ба технологийн салбар дахь өсөлтүүдийг бусад томоохон хоттой харьцуулдаг аж.
Найроби 2015 онд дэлхийн 21 том хотын нэгд багтсан цорын ганц Африкийн хот.
Олон улсын оюун ухааны форумын үндэслэгч Роберт Бэлл “Бид Найробид асар том хандивын сан байгуулж, түүгээр дамжуулан нийгмийг боловсролын тогтолцоо руу хөтөлсөн. Энэ нь яваандаа амжилттай хэрэгжиж эдийн засаг сэргэж, экосистемийг дагасан инноваци хүчээ авах гол шалтгаан болж байв. Олон улсын болон үндэсний компаниуд Найробид маш олноор байгуулагдсан” гэжээ.
Одоо Найроби хуучны Африкийн хот бус орчин цагийн барилга байгууламж сүндэрлэж, бизнесийн зогсолтгүй урагшлах хөл хөдөлгөөний гол цэгүүдийн нэг болоод байна.
Кенийн нийслэл ирэх зургаадугаар сард дэлхийн хамгийн богино хугацаанд боловсорч чадсан хотуудад олгодог Intelligent Community of the Year шагналд нэр дэвшиж байна. Найробигийн хамт АНУ-ын Арлингтон Каунти, Колумбус, Австралийн Ипсвич, АНУ-ын Мишэл, Тайванийн Нью Тайпей, Бразилийн Рио Де Жаниеро, КАнадын Саррэй хотууд тус тус өрсөлдөх юм.
Найроби хот 4.3 сая хүн амтай. Энэ улсад интернэт хэрэглэгчдийн тоо 17 саяд хүрсэн бөгөөд бүс нутагтаа гар утаснаасаа интернэтийн үйлчилгээг хамгийн их авч байгаа орноор нэрлэгджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )