Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зүүн Украины нөхцөл байдал үнэхээр хар дарсан зүүд мэт байлаа. Жил орчим үргэлжилсэн Украины хямралыг зогсоох тухай барууны саналыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүлээн авснаар нөхцөл байдал дээрдэх тал руугаа хандлаа.
Германы канцлер Ангела Меркель “Украины дайныг зогсооход үл ойлголцол хэрэггүй. Ямар нэгэн хориг арга хэмжээ ч асуудлыг шийдвэрлэхгүй” гэв. Тэрбээр Европын холбооны лидерүүдийг гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдлыг ихэд сайшааж, цаашид дахин үл ойлголцол гаргахгүй байхыг уриалсан байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Беларуст болсон уулзалтад ОХУ, Украин, Франц, Германы удирдагчид Донецк, Луганскын зөрчилдөөнд цэг тавих асуудлаар ширээний ард суусан юм. Хэрэв тэнд зөвшилцсөнөөр бүх зүйл явбал Украин, Орос хоёр ирэх бямба гарагаас эхлэн харилцан гал зогсоох ёстой. Оросыг дэмжигч талынхан ч пүрэв гарагийн уулзалтад ач холбогдол өгч, мөргөлдөөнийг түр зогсоох тал дээр дэмжлэг үзүүлжээ.
Мөн Дэлхийн банк Украин улсын сүйрч, үгүйрсэн эдийн засаг, барилга байгууламж, нийгмийн салбаруудыг өөд татахад туслан 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Украинд үүссэн хямралын улмаас 5486 хүн амиа алдаж, 12972 хүн шархдсан байна. Мөн 5.2 сая хүн нутгаасаа дүрвэн гарчээ. Тус улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ийнхүү мөргөлдөөний голомт болсон билээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )