Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Москвад Оросын сөрөг хүчнийг 20 жил удирдсан, “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг, 55 настай Борис Немцовыг өнгөрсөн баасан гаригийн шөнө дунд Москвагаас холгүй орших Большой Москворецкийн гүүрэн дээр найз бүсгүйтэйгээ хамт явах үед нь цагаан өнгийн машинтай үл таних этгээдүүд араас нь буудсан. Түүн рүү зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар нь онож, тэрээр газар дээрээ нас барсан талаар Оросын хэвлэлүүдэд бичсэн байна. Тэрээр “РПР-ПАРНАС” улс төрийн намыг хамтран даргалагч, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байв. Борис Немцовыг гуравдугаар сарын 3-нд Москва хотын Троекуровск оршуулгын газарт оршуулахаар болсныг “РПР-ПАРНАС” намын Холбооны улс төрийн зөвлөлийн товчооны гишүүн Константин Мерзликин мэдээлжээ. Түүнтэй Москвагийн цагаар 10:00-14:00 цагийн хооронд Сахаровын төвд салах ёс гүйцэтгэсний дараа оршуулах ёслол Троекуровскт болох юм байна. Хэрэг гарснаас хойш түүний амийг хэн хороосон байж болох талаарх элдэв таамгийг дэлхийн улсууд дэвшүүлж байна. Зарим нь лалын хэт даврагчид түүнийг буудсан гэж үзэж буй бол зарим нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг улсын тэргүүнээс буулгахыг хүсэгчид ийн өдөөн хатгалга үйлдэж байна хэмээн үзэж буй ажээ. ОХУ-ын төрийн тэргүүн, Немцовын 86 настай ээжид эмгэнэлийн цахилгаан утас илгээж, түүндээ “Бузар, эрээ цээргүй аллага зохион байгуулагчид болон гэмт этгээдүүдийг олж илрүүлж, зохих шийтгэлийг нь хүлээлгэх болно" гэснийг Кремль мэдээлсэн байна. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү аллага нь туйлын өдөөн хатгасан үйлдэл боллоо гэж мэдэгдсэн гэжээ. Оросын сөрөг хүчний удирдагчийн аминд халдсан ноцтой хэргийн дараа олон мянган хүн түүнд хүндэтгэл үзүүлсний дотор АНУ болон Европын улс орнуудын элчин сайд нар байсан аж.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮