Аргентины баруун хойд хэсэгт телевизийн шоу нэвтрүүлгийн зураг авалтын үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдсөн осол гарсны улмаас Аргентины хоёр нисгэгч, Францын найман иргэн нас барсан юм. Тэгвэл хохирогчдын дунд Олимпийн медальт Францын нэрт тамирчид байжээ. Тэдгээр нь холын зайн дарвуулт завины тамирчин Флоренс Арто, Олимпийн медальт усанд сэлэгч Камиль Мюффа, боксчин Алексис Вастин нар аж. Камиль Мюффа нь 2012 оны Лондонгийн Олимпоос усан сангийн сэлэлтийн төрөлд гурван медаль хүртсэн тамирчин бол боксчин Алексис Вастин 2008 оны Бээжингийн Олимпын хүрэл медальтан аж. “TF1” сувгийн “Dropped” нэртэй шоу нэвтрүүлгийн зураг авалтыг Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос 1000 гаруй км зайтай орших Ла Ройжа мужийн Вилла-Кастелли тосгоны ойролцоо хийж байсан аж. Уг шоу нэвтрүүлэгт алдартнууд оролцон ой дотроос хоол хүнс, хорогдох газрыг эрж хайдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )