Эдийн засгийн чиглэлээр оюутнууд илтгэл тавив

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

“Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2015” болж өнгөрлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд зургаан их дээд сургуулийн нийт 40 гаруй оюутны 20 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад арван илтгэл шалгарч эцсийн шатанд өрсөлдөв. 

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол Улсын эдийн засаг, түүн дотроо мөнгөний бодлогын онол болон практик мэдлэгийг сайжруулах, оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх чадварыг хөхүүлэн дэмжихэд оршино.

Мөн тус хуралд Монгол Улсын их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн 3-4 ангийн оюутнууд оролцож, “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч индикатор”, “Тогтвортой эдийн засгийн бодлого, шийдэл”, “Эдийн засгийн болзошгүй хямралыг урьдчилан таамаглах нь”, “Өр ба эдийн засгийн өсөлт”, “Арилжааны банкны зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох нь” зэрэг сэдвээр илтгэл тавив. Уралдааны тэргүүн байранд “Монгол Улсын гадаад худалдааны гравитацын загварын шинжилгээ” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн оюутан Б.Эрхэмбаяр, дэд байранд СЭЗДС-ийн оюутан О.Энхбаатар “Үндсэн бүрдлийн шинжилгээг ашиглан эдийн засгийн өсөлтийг таамаглах нь” сэдвээр, гуравдугаар байранд “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч индикатор” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан М.Маргадмөн нар тус тус шалгарлаа. Бусад долоон багийн хувьд эн тэнцүү өрсөлдөж Монголбанкны нэрэмжит тусгай шагналын эзэд болов.

Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн IV курсын оюутан М.Маргадмөн

-Эрдэм шинжилгээний бага хуралд ямар сэдвээр илтгэл тавьсан бэ. Өөрөө ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?

-Би санхүүгийн менежмент, маркетингийн чиглэлээр суралцдаг. Энэ мэргэжлийг ахлах сургуульд байхаасаа л сонирхож ирсэн. Энэ нь гэр бүлтэй минь ч холбоотой байх. Яагаад гэвэл ах маань энэ мэргэжлээр суралцаж, төгссөн. Сая “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч, индикатор” сэдвээр илтгэл тавьж, танилцууллаа.

Эдийн засгийн чиглэлээр оюутнууд илтгэл тавив

-Судалгааны ажлыг хэр хугацаанд хийсэн бэ. Энэ төрлийн хуралд хэр их оролцдог вэ?

-Энэхүү сэдэв нь миний дипломны ажлын сэдэв юм. Ойролцоогоор гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ер нь суралцаж байх хугацаандаа 20 гаруй эрдэм шинжилгээний хуралд оролцсон ч Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд анх удаагаа оролцож байна. Монголбанк бол Монголдоо академийн судалгаа хийдэг хамгийн сайн байгууллага гэж боддог. Хурлыг ч мөн адил салбар салбарын мундаг мэргэжилтнүүд шүүж байна.

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнес, эдийн засгийн IV курсын оюутан Н.Наранцацралт

-Ямар сэдвээр илтгэл тавьсан бэ. Шүүгчдээс ямар үнэлгээ авсан бэ?

-Шүүгчид ямар үнэлгээ өгснийг мэдэхгүй байгаа ч судалгаагаа илүү сайжруулах зөвлөмж, зөвлөгөөг өгсөн. Илтгэлийн сэдвийн хувьд улс төрийн институц, улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлөх гол хүчин зүйлсийг тодорхойлох зорилготойгоор судалгааны ажлыг хийсэн. Энэхүү сэдвийг гуравдугаар курсэд байхаасаа эхлээд сонирхож эхэлсэн ч судалгааг сарын өмнөөс хийж эхэлсэн.

Монголд институц чиглэлээр дорвитой судалгаа хийдэг судлаач байдаггүй

-Энэ төрлийн эрдэм шинжилгээний хуралд оролцож байв уу?

-Монголд институц чиглэлээр дорвитой судалгаа хийдэг судлаач байдаггүй. Мөн институцийн чиглэлээр суурь судалгааг үнэлдэг, яг энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал хийдэг байгууллага ч байдаггүй. Тэгэхээр тоон шинжлэлийн судалгааны хажууд институцийн чиглэл нь ерөнхий зүйл юм шиг харагддаг учир өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(190.199.103.20) 2015 оны 07 сарын 29

You write so hotesnly about this. Thanks for sharing!

0  |  0
Top