Р.Жигжид: Оюутолгойн хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбумыг давна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Монголын эдийн засаг дахь хамгийн халуун сэдэв Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болоод байна.  Дубайд хоёр дахь шатны бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа  олон улсын хөрөнгийн зах зээл дээр Рио Тинто болон  “Туркойз Хилл Ресурс”  хувьцааны үнэ өсч, манай Засгийн газрын бондын хүү "Чингис бонд"-ын хүү рүү дөхөж очсон. Түүнчлэн ам.долларын ханш 1920 төгрөг рүү орж буураад байна.

 УИХ дээр ажлын хэсгийнхэн болон Ерөнхий сайдын хийсэн мэдээллээс харвал  далд уурхайн бүтээн байгуулалтаас Монголын эдийн засагт жилд 1.2 тэр ам.доллар орж ирнэ хэмээн мэдэгдсэн. Энэ бол өнөөгийн ханшаар тооцоход  2.0 их наяд гаруй төгрөг гэсэн үг.  

Оюутолгойн далд уурхайн төсөл дээр иргэд хийгээд Их Хурлынхны хамгийн их сонирхож байгаа асуудал бол долоон Эрдэнэттэй дүйцэхүйц их алт зэсийн нөөцтэй энэ ордоосоо монголчууд  ямар ашиг орлого хүртэх вэ гэдэгт байгаа юм.  Тэгвэл энэ асуудлыг тодотгож Уул уурхайн сайд  Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боломжийн талаар мэдээлэл өглөө. Р.Жигжид сайдын дуулгаж буй энэ мэдээлэл тооцоо салбарын яамныхны хийж гаргасан хамгийн бодитой хувилбар байх магадлалтай.  Гэхдээ энэ бол тухайн бүтээн байгуулалттай уялдан Монголд орж ирэх хөрөнгийн нийт хэмжээ болохоос  ашиг орлого биш гэдгийг тодотгох нь зүй байх.

Далд уурхайг ашиглалтад оруулахад 7 жилийн хугацаа шаардах юм байна. Харин энэ хугацаанд манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбум ам.доллар давна 

Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой” гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдсан.  Сайдын хэлж байгаагаар  далд уурхайг ашиглалтад оруулахад 7 жилийн хугацаа шаардах юм байна. Харин энэ хугацаанд манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбум ам.доллар давна гэдгийг тэрбээр дуулгалаа.

 Яамны зүгээс Оюутолгой төслийн зардал болон Монголд орж ирэх ашгийн талаар хэрхэн тооцсон мэдээллийг  нарийвчлан хүргэе.

 1. Хөрөнгө оруулалтын зардал

 -   Эхний нэг дэх жилд 400 сая ам.доллар

-    Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

-  Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар

-   Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар

-   Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

-   Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар

-  Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар

Нийт 6.8 тэрбум ам.доллар.

Эндээс анзаарвал  жил бүр үндсэндээ 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт  орж ирэхээр харагдаж байгаа юм.

 2. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал

    - Нэг дэх жилд 300 сая ам.доллар

   - Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар

   - Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар

  -  Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.долллар

  -  Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар

   - Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар

  -  Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар

 Нийт 4.7 тэрбум ам.доллар.

 3. Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд

     Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар

    Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

    Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

    Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар

    Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар

    Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

    Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

 Нийт 9 тэрбум ам.доллар.

Мөн “Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд Монголын тал хяналтыг тавих тогтолцоог бий болгож чадсан” хэмээн Р.Жигжид ярилаа. Түүнчлэн менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгосон гэдгийг сайд мэдээллийнхээ төгсгөлд тодотгосон.

Хэрэв энэ янзаар хөрөнгө оруулалт хийгдвэл Монголын эдийн засгийн эрчмийг сэргээх нь тодорхой. Мөн Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх  боломжтой. Энэ бол эдийн засаг дахь өнөөдрийн мөрөөдөл билээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top