Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ –ын босгыг алхаад 60 гаруй хонолоо. Энэ хугацаанд батлагдах нь байтугай хэлэлцэгдсэнгүй. Ажлын хэсгийнхнээс хэтэрсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт болсон “Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015” чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ долоо хоногт гэрээг эргүүлэн татаж авна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “шинээр Таван толгойг тавууланг нь хөгжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлдэж байна. Ингэснээр Тавантолгойн нийт баялгын 60 хувь нь байгаа үлдсэн гурван толгойг хамтад нь хөгжүүлэх юм. Энэ асуудлыг мөн 1300 километр төмөр замын төсөлтэй ч уяхаар ажиллаж байна. Төмөр замын тухайд Японы талтай өргөн хүрээний санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар бэлдэж байна” гэсэн юм.
Харин энэ зуур УИХ-дахь ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг тэргүүтэй хүмүүс Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зориод иржээ. Тэд Эрдэнэс Тавантолгойн ажилтай уурхай дээр нь очиж танилцаад ирснээ хэвлэлийнхэнд дуулгав. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн жинхэнэ “ориг”-оор нь газар дээрхи дээрхи нөхцөл байдалтай танилцсан тэдний өмнөх төсөөлөл ихэд өөрчлөгдснийг мэдээллээс нь анзаарч болохоор байлаа. Ажлын хэсгийн ахлагч хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Тавантолгойн гэрээг цааш явуулах боломжгүй” гэж хэлсэн. Ийм гаргалгаа хийх хэд хэдэн шалтгаан байгааг тэр онцолжээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр хадгалагдаж байна. Мөн хоёр сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн болгожээ. Нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий эдгээр нөөцөөр “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхээр байна” гэв. Зүүн цанхийн уурхайн Хятадуудад төлөх өр үндсэндээ энэ оны төгсгөл гэхэд дууссан тохиолдолд тус хэсэгт ч монголчууд өөрсдөө ажиллах боломж бүрдэнэ.
Хамгийн гол нь ажлын хэсгийнхэн “Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. "Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна. Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байна” гэдгийн онцлов. Энэ бол монгол хүний нүдээр олж харсан боломж гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл өөрсдийн хийж чадаад байгаа зүйлд заавал бусдын том хөрөнгө оруулж, эргээд түүндээ барьцаалагдах хэрэггүй гэдгийн сануулга. Тэгэхээр ажлын хэсгийн энэ санал дүгнэлтэд нь тусч УИХ-д танилцуулагдах байх. Түүнчлэн ажлын хэсгийнхэн Тавантолгойн асуудлаар өөр тогтоолын төсөл өргөн барина гэлээ.
Монголын нүүрсний өртөгийг өндөрсгөж байгаа гол хүчин зүйл нь тээвэрлэлт. Хэрэв төмөр замаар тээвэрлэлтээ хийвэл нэг тонн нүүрсний өртөг 10 ам.доллараар хямдрах боломжтой. Өөрөөр хэлбэл тонн тутмаас ийм хэмжээний ашиг нэмж олно.
Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө гэдгээ Л.Эрдэнэчимэг илэрхийлсэн. Ямартай ч ажлын хэсгийнхний энэ дүгнэлт сав л хийвэл гадныханд найддаг, өөрсдийгөө доош нь хийдэг, газрын баялгаараа дэнчин тавьдаг зуршлаас салах, өөрсддөө итгэж сурах хэрэгтэйн сануулга болж байна. Үнэхээр ч ил шахам байгаа нүүрсээ ухаж тээвэрлээд гадаад зах зээл дээр борлуулж чадахгүй болтлоо доройтоогүй ш дээ бид.
Гэхдээ бас учир бий. Нүүрсний экспортод яалт ч үгүй хоёр хөршийнхөө гарыг харахаас аргагүй байдал бас бий. Хятадын эрх ашиг Тавантолгойд орхигдож, тэд манай нүүрснээс татгалзчихвал ганц гадаад зах зээлээсээ сална. Асуудлын алтан дунджийг олох нь улс төрчдийн ур чадвар болно.
“Эрдэнэс Тавантолгой” компанид төрийн оролцоо дэндүү их, улс төрчдийн хар цагаан хэл ам, ашиг сонирхолд ямагт чичлүүлж байдаг. Ямар сайндаа л компаниа ашигтай ажиллуулж байсан захирал Я.Батсуурийг нь барьж хорьж байхав.
Улс төрчид “улсын” гэх тодотголтой “Эрдэнэс Тавантолгой”-г нүд үзүүрлэх шалтгаан нь хувийн эрх ашигт нь хөндөлсдөг байж мэдэх юм.
Улсын гэсэн бүхэн муу ажилладаггүйн жишээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой”. Хаяа залган үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” төрийн оролцоогүй, 100 хувь хувийн компани. Тэгсэн хэрнээ тус компани тэрбумаар тоологдох их хэмжээний өртэй гэсэн мэдээлэл бий. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани улс төрийн намуудын сонгуулийн амлалтын “Чалко”-гийн 240 сая ам.долларын зээлийг дангаараа төлж барагдуулж байгаа. Тус компанийн үйл ажиллагааг илүү тодотгох зарим нэг тоо баримт дурдая.
... “Норвест” компанийн нөөцийн урьдчилсан тооцооллоор Таван толгой орд нь 300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй байх боломжтой. Энд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н коксжих нүүрсний чанар хамгийн сайн нь гэж үнэлэгдсэн учраас Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг хариуцаж байна. Тус компани 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байсан бол 2014 онд зах зээлээ нэмэгдүүлж нийт экспортын 34 хувь, БНХАУ-ын импортын есөн хувийг дангаар хангажээ.
Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн дүн бан байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож байхад “Эрдэнэс-ТаванТолгой” харин борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж чадсан. Компани сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллаж, Монгол Улсын шилдэг татвар төлөгч 10 компанийн нэгд багтжээ. Ийм байсаар байтал төрийн мэдлийн хувь хэмжээг заавал “Энержи Ресурс” болон гадны хөрөнгө оруулагчдад бэлэглэж, Эрдэнэс Тавантолгойг амьгүй албат болгох нь бидний эрх ашиг биш баймаар.
Ажлын хэсгийнхэн Тавантолгойгоо өөрсдийн хүчээр ашиглая, гагцхүү төрөөс төмөр замынх нь асуудлыг шийдээд өгчих. Тэгсэн тохиолдолд заавал гадаадын компанийг энд хэрэггүй гэсэн санааг илэрхийлж байна. Экспортыг нь зохицуулаад өгвөл энэ харин дэмжиж болох хувилбар байж мэднэ. Үүний төлөө бол монголчууд “За” гэж хэлж чадна.
Сэтгэгдэл ( 1 )
Oo za za ikh guren shig l