Бүх хувьцаат компаниудын хөрөнгийн үнэлгээг дахин хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг Хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасч, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай. Иймд гуравдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэсэн юм.

Мөн тус хуралдаанаар ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм. Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус СЗХ-нд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан эсэхийг судлаад энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр ХААН банк Монгол Улсад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх гурав дахь банк нь болоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top