Монголчуудын “Сүмтэй будаа” хэмээн нэрлэдэг Хятад цагаан будаа бий. Харин ийм савлагаатай хуурамч будаа орж ирсэн талаархи мэдээлэл цахим ертөнцөөр дэгдэж байна. Резин материалыг төмсний цардуултай хольж хийсэн Хятадын хуурамч будаа урьд нь хэд хэдэн улсаас илэрсэн тухай мэдээлэл бий.
Үүнээс улбаалаад Монгол цагаан будааны тухай өгүүлэхийг зорилоо. Энэ нь хэдийгээр мөрөөдөл мэт санагдавч улс төрчдийн популист амлалтаас огт өөр хэрэгжих бодит боломжтой мэт санагдана.
...Өнгөрсөн жилийн өдийд Баянхонгорыг зорих замдаа Өвөрхангайн төвд Сандагийн Батжаргал гэгч хүнтэй уулзаж танилцаж билээ. Энэ хүнийг онцлох болсон шалтгаан гэвэл тэрбээр Монголд анх удаа цагаан будааг туршилтын журмаар тариалсан нэгэн байв. Зураг хөдөлмөрийн багшаар Хөвсгөл аймагт олон жил ажилласан тэрбээр нутагтаа ирж суурьшихдаа мэргэжлээ сольж газартай “ноцолдох” болжээ. Тэгэхдээ янз бүрийн л ногоо тарьж, аймгийн тэргүүний тариаланч хэмээх алдрыг хүртэж явсан гэнэ.
Хоёр жилийн өмнө Өвөрхангайд Японоос мэргэжилтнүүд ирж цагаан будаа тариалах чиглэлээр сургалт явуулжээ. Нарийнтээл, Хархорин зэрэг хэд хэдэн сумаас сонирхсон хүмүүс ирж сургалтад хамрагдсан гэж байна. Номын дууг нь сонссон тариланчид жаахан жаахан газар туршилтын тариалалт хийжээ. Хүлэмжинд, ил талбайд гэхчлэн. Болж байна гэнэ. Ялангуяа хүлэмжинд бол бүр ч сайн ургажээ. Нэг ишнээс 5-7 түрүү салаалж, ном журмаараа бол 1.5 кг тутрага хураадаг аж. Будаагаа жаахан махлуулж байгаад арван сарын эхээр ургацаа хураасан гэж байна. Цагаан будааны “тариаланчид”-ын ярьж байгаагаар бол боломж байна гэнэ шүү. Цагаан будааны талаар бол төр бус сонирхсон хувь хүмүүс л дуугарч байна.
Хэдхэн хоногийн өмнөөс Хөдөө аж ахуй, газар тариалангийн чөлөөт бүсийн тухай сураг дуулдаж эхлэв. Р.Бурмаа сайдын хэлснээр бол Халх голд ийм чөлөөт бүс байгуулах боломжтой гэж байгаа бололтой.
Хүн төрөлхтний уламжлалт хүнсний нэг нь цагаан будаа. Олон давуу талтай. Хадгалалт, тээвэрлэлтийг даах чадвар маш сайн. Жилд 600 гаруй сая тонн тутрага тариалж, нэг хүн дунджаар 58 кг цагааан будаа хэрэглэдэг гэсэн тооцоо судалгаа байна. Манай Азичууд тутрага тариалах тал дээрээ гаргууд, дэлхий нийт хэрэгцээний 90 шахам хувийг хангадаг юм байна. Ер нь манайхаас бусад Азийн ихэнхи орон тутрага тариалдаг аж. Урд хөршийнхөн маань жилд 200 сая шахам цагаан будаа хураан авч тэргүүлдэг. Мөн дэлхийн цагаан будааны гол хангагч орнууд гэвэл Энэтхэг /120 сая тн/ Индонези /66,4 сая.тн/ Бангладеш /49,3 сая.тн/ гэхчлэн Азийн орнууд эхний байрт жагсдаг.
Гэсэн хэрнээ монголчууд энэ тал дээр гаднаас гар тосдог. Гадныхны гарыг харна гэдэг хэцүү. Үнэ ханш, нийлүүлэлт, хэрэглээ хүртээмж гээд бүгд тэднээс хамааралтай. Гэхдээ монголчууд цагаан будаанаас хараат байхгүйн тулд ургадаг нутагт нь газар түрээсэлж тарихыг илүүд үзэж байгаа бололтой. Өнгөрсөн өвөл хаврын заагаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн /парламентын/ дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэр Монголын тал Лаосын нутаг дэвсгэрт 10 мянган га газарт цагаан будаа тариалах санал тавьжээ. Хариуд нь тэд Монголд хонь, ямаа, адуун сүрэгтэй болох талаар яриа хөөрөө өрнөсөн билээ. Лаос дахь “газар нутагт”-аа ургуулсан цагаан будаагаа монголчууд хэзээ амтлах нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ санал санаачлага шинэ юм, асуудлыг шийдвэрлэх байж болох хувилбар. Ингэж сэтгэсэнд талархах хэрэгтэй байх.
Уламжлалт болтлоо хэрэглэж өдийг хүрсэн хэрнээ өөрийн болгож чадахгүй байгааг бодохоор монгол хөрсөнд тариад ургадаггүй юм байлгүй хэмээн хэн хүнгүй л боддог. Би ч бас ийм л бодолтон. Гэтэл цагаан будаа тариалахаар туршиж оролдож байгаа тухай сураг гарч байна. Тэр нь Өвөрхангай аймагт гэнэ. Ингээд энэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ассиосацийн тэргүүн Сандагийн Батжаргал гэдэг хүнтэй холбогдлоо. Аймгийн тэргүүний тариаланч хүн юм байна. Гэхдээ тутрагын тариалалт онцгой нөхцөл шаарддаг, буудай тариа шиг газарт булаад байгальд даатгаад орхичихдог эд бас биш аж. Ном журмаараа бол 20 хэмийн дулаанд хамгийн сайн ургац өгдөг, дулааны хэрэглээ их юм байна. Шаварлаг хөрсөнд, усан дотор ургадаг. Ийм ямбалаг ургамал болохоор тарихад төвөгтэй мэт. Гэвч япон багш нар энэ асуудлыг амархан шийдсэн гэж байна. Тарих талбайгаа 50 см гүн ухаад доор нь плёнк буюу гялгар уут дэвсээд дээрээс нь сайжруулсан хөрсөө 30 см тараагаад усаар дүүргэчихсэн гэнэ. Ингээд л тутрагын талбай бэлэн болж. Харин плёнкныхоо дор хоёр жижигхэн нүх гаргасан, түүгээр хуучин ус нь шүүрч байдаг гэсэн. Тэгэхээр ус зарцуулалт тийм ч их биш аж. Ийм нэг технологийг монголчууд одоогоор гартаа оруулахад тун ойртоод байгаа аж. Өнгөрсөн сарын сүүлчээр мөнөөх япон багш нар ирж, тариалалтын явцтай танилцаад буцжээ. Тэд монгол шавь нартаа “А” гэсэн үнэлгээ өгсөн гэж байна. Өвөрхангайгаас одоо хоёр агрономич Японд энэ чиглэлээр дадлагажиж байгаа аж. Тэд ирээд цахиур хагалж мэднэ. Ингэж усан дотор тариалахаас гадна хуурай аргаар тариалдаг бас нэг технологи байдаг юм байна. Гэхдээ ингэж тарьсан цагаан будаа амт чанарын хувьд усанд тариалсан будаагаа гүйцдэггүй болохоор төдийлөн өргөн хэрэглэгдээд байдаггүй юм байна.
Монголчуудыг будаа тарьж сургах гэсэн япон андуудын санал санаачлага ганц энэ удаагийнх биш юм байна. Монголыг анх зах зээлд шилжиж байх үе буюу 1990-ээд оны дундуур Өмнөговь аймгаас хэсэг залуучуудыг Японд аваачиж бүтэн жилийн турш будаа тарих номын дуу сонсгож, дадлагажуулсан юм байх. Монголдоо анхдагч гэмээр шинэ мэргэжил эзэмшсэн тэдгээр залуучууд харин эх орондоо эргэж ирээд мөр мөрөө хөөн оджээ. Будаа таръя, зээл тусламж авъя гэж ганц нэг нь хөөцөлдсөн ч бүтсэнгүй. Тэгээд бас говьд дулаан нь байвч ус нь дутагдаад байсан биз. Нөгөөтэйгүүр тутрагын тариалалт бол ганц нэгээрээ бус хамтын хөдөлмөрөөр бүтдэг ажил. Тийм болохоор дадлагажиж мэргэшсэн хамт олон хэрэгтэй болдог байна. Энэ мэт учир шалтгааны улмаас говьд будаа тарих ажил “будаа” болсон гэнэ.
Монгол нутагтаа цагаан будаа тарихын төлөө сэтгэлээ чилээж яваа хүн бол Хакуко Даваажаргал юм. Угтаа энэ Өвөрхангайд хийгдээд байгаа ажил ч түүний санал санаачлагааар хийгдэж байгаа бололтой. Боломжинд хязгаар үгүй.
Монголд үйлдвэрлэсэн цагаан будаа мөрөөдөл гэхээсээ илүүтэй эдийн засгийн эрч хүчтэй салбар болон хөгжих ирээдүй гарын үзүүр хүрэх газарт байгаа юм биш үү.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо цагт технологи хөгжиж юм өөр болж байна. Тэгээд ч Өвөрхангайд тарьж ургуулсан туршлага байгаа. Харин хэрхэн яаж томруулах вэ гэдгийг бодоод олчихвол цагаан будаагаар дотоодын хэрэглээгээ хангах боломж бий.
Социализмын үед будаа тарих туршилт хийгээд үзсэн байдаг. Ус их зарцуулдаг манайд огт боломжгүй гэсэн дүгнэлт байдаг. Түүнийг олж үзэх хэрэгтэй. энэ бол огт боломжгүй зүйл. Сайхан сонгуулийн шоу байна.