Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны зургадугаар сарын 9, 30-ны өдөр мөн өнөөдөр хуралдсаны үр дүнд мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны тавдугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж буурч, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байгаа юм.  Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул 2015 оны инфляцийн зорилт хангагдахаар байна. 2015 оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байна. Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх боломжийг хязгаарлаж байна. Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжинэ. Хэрэв 2015 оны хоёрдугаар хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын төсөвт эерэг өөрчлөлт гарвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top