Гадаадын хөрөнгө оруулалттай 20 компани татан буугджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

2015 он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 146 компани шинээр бүртгүүлсэн болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. Харин энэ оны эхний хагас жилд гадаадын хөрөнгө оруулалттай 20 компани татан буугдсан байна.

Өнгөрсөн сард 52 аж ахуйн нэгж татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан бол 1251 аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулагджээ. Хуулийн этгээдийг цахимаар бүртгэдэг болсон нь шинээр бүртгүүлэх аж ахуйн нэгжийн тоонд нөлөө үзүүлж байгаа болохыг сүүлийн хэдэн сарын статистик мэдээллээс харж болох юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын бүртгэлд 149 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 80 хувь нь Үндэсний Статистикийн Хорооны Бизнес Регистерийн Санд бүртгүүлжээ. Бизнес Регистерийн Санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо энэ оны эхний хагас жилд 12.7 хувиар нэмэгдсэн байна. Тус санд бүртгэлтэй компаниудын тал нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй хоёр компани тутмын нэг нь зах зээлээ дагаж, Улаанбаатар хотод төвлөрч байгаа бол Хангайн бүсийг үндсэн зах зээлээ болгосон компаниудын тоо харьцангуй нэмэгдсэн байна. Зөвхөн Хангайн бүсэд гэлтгүй Төв, Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо нэмэгдсэнээс харвал бизнес эрхлэгчид зах зээлийн сул орон зайг харж, хөдөө орон нутаг дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлсэнийг харж болно.

Энэ удаад идэвхтэй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн ажилчдын тоонд төдийлөн өөрчлөлт гараагүй аж. Эхний улирлын адилаар үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа компаниудын 85 хувь нь 1-9 ажилтантай жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа бол гурван хувь нь 50-иас дээш ажиллагсадтай томоохон компаниуд байна. Салбараар нь харвал 42.7 хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр, 10 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн чиглэлээр, найман хувь нь барилга, мөн найман хувь нь боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа хэмээн УБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top