Иргэд чанартай гэхээсээ хямд бараа хайж ”Нарантуул” захыг зорих болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Оюутан сурагчдын зуны амралт дуусч хэдхэн хоногийн дараа хичээл эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд хүн ихтэй байна. Энэ жил улс орон эдийн засгийн хямралтай байгаа гэх нэрийдлээр наймаачид хүртэл худалдан авалт муутай байна гэж барааныхаа үнийг нэмэх хандлага ажиглагдаж байгаа. Ингээд “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Тус худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн, хичээлийн хэрэглэлээ бэлдэхээр яваа оюутнууд их байлаа.

Мөн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч олон байв. Хүнс, цахилгаан бараа, ахуйн хэрэглээний барааны лангуунаас өмд, гутал, цамц гээд хувцасны лангуу үйлчлүүлэгч их байна. Хүүхдийн хувцасны тасаг, тэр дундаа цагаан цамц, юбка, хослол худалдаалдаг лангуу дүүрэн хүнтэй байна. Зарим худалдагчид дуугарах ч сөхөөгүй наймаа хийж харагдана. Бүр өмнөх хүндээ үйлчлээд хажуугаар нь хүн юм асуухад бухимдах аястай.

-ОЮУТНУУД 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БҮРЭН ХУВЦАСЛАВ-

Ингээд хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр нэгэн оюутныг дагаж зах тойрохоор шийдлээ. Хамт “Нарантуул" захаар худалдан авалт хийхээр болсон шинэ танил маань энэ жил хоёрдугаар курст орно гэнэ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Алдар нэрээ танилцуулаач. Аль сургуулийн оюутан бэ?

-Хулан. МУБИС-д сурдаг.

-Ямар мэргэжлээр сурдаг вэ?

-Нийгмийн ажилтан.

-Эндээс юу юу худалдаж авах төлөвлөгөөтэй байна?

-Пүүз, ботинк, даашинз, цүнх авна.

-Өөр...

-Өөр үү. Аан үсний индүү, нүүрний тос авна. Тэгээд мөнгө хүрвэл бас нэг юм авна гэж бодож байгаа.

-Юу?

-Будаа агшаагч.

-Таны хувьд будаа агшаагч тийм чухал зүйл үү?

-Би оюутны байранд байдаг болохоор будаа агшаагч хамгийн их хэрэгтэй. Өнгөрсөн жил би нэг шинэ агшаагч хичээл эхлэхэд аваад хулгайд алдчихсан. Хичээлтэй үед ч тэр, мах дууссан үед ч тэр будаа агшаагаад идчихэд л амар байдаг юм.

-За тэгвэл хоёулаа төлөвлөсөн эүйлсийг чинь авахаар явах уу?

-Тэгье. Ингээд бид хоёр эхний ээлжинд гутлаа авахаар захын гутлын лангуунуудаар хэсэг явлаа. Хулан хоёр гутал авна. Тэгээд ч бусдаасаа арай үнэтэй байдаг учраас эхэлж гутлаа аваад үлдсэн мөнгөндөө тааруулж бусад хэрэглээгээ зохицуулах гэнэ. Пүүзний хувьд нүд хужирламаар саатай саагүй, гялтгар гээд олон төрлийн сонголттой юм. Бас өсгийтэй, өсгийгүйгээрээ ялгаатай. Загварын хувьд энэ жил алтлаг, мөнгөлөг өнгийн өсгийтэй пүүзнүүд моодонд оржээ. 25-45 мянган төгрөг. Үнийн хувьд ямар ч загварын  гутал байсан 50 мянган төгрөгөөс хэтрэхгүй юм. Бүгд л Эрээнээс авчирсан бараа учраас нэг их үнэтэй биш гэнэ. Хүмүүсийн авч байгааг харахад 30 мянган төгрөгөөс доош үнэтэй гутал сонгож байсан. Ингээд Хулан гурван өөр пүүз өмсч үзээд биеийн тамирын хичээлдээ өмсөнө гээд шууд ултай, шагайнаас доогуур татсан түрийтэй тод ногоон өнгийн торон пүүз 20 мянган төгрөгөөр авлаа. Энэ жил тод улбар шар, шар ногоон өнгө эрэлттэй байгаа аж. Хулан пүүзээ авчихаад өндөр өсгийтэй туфль авахаар өөр нэг лангуун дээр очлоо. Худалдагч нь “Манай гуталнууд ориг арьс, Солонгосоос ирсэн, энд өөр ийм лангуу байхгүй. Авбал эгч нь 5000 төгрөг шууд татаад өглөө” гэж ирээд л найрч байна. Хулан ч ягаан өнгийн туфль 25 мянган төгрөгөөр авчихав. Тэрээр хөдөөнөөс 350 мянган төгрөгтэй ирсэн гэнэ. 150 мянган төгрөгөөр шинэ утас авсан байна. Сургалтын төлбөрийг ээж нь араас нь явуулах гэнэ. Ногоо хураах ажилд өдрийн 30 мянган төгрөгөөр есдүгээр сарын сүүл хүртэл ажиллаад олсон мөнгөө охиндоо өгөх юм байх. Цаашаа даашинз авахаар явлаа. Гутлын хэсгийг бодвол арай хүн багатай, хүнтэй зөрөх зайтай байна. Хулан “Би өнгөрсөн жил хоёр ээлжийн жинсэн өмд, малгайтай цамц авсан. Тэгсэн хотын охид чинь дандаа гоё даашинз өмсдөг юм билээ. Тийм болохоор ямар ч байсан нэг даашинз авна аа. Оюутныхаа 70 мянгыг буухаар дахиад шинэ даашинз авна” гэж байна. Ингээд цагаан торон материалтай даашинз 25 мянган төгрөгөөс буулгаад 18 мянган төгрөгөөр авав. Цүнх мөн л 18 мянган төгрөгөөр авлаа. Үсний индүү, нүүрнийхээ тосыг ч авчихав. Түүнд бодсоноос нуилүү мөнгө гарсан учраас 23 мянган төгрөгөөр будаа агшаагч авч хүрэв. Ингээд тэр хичээлдээ бэлэн.

Дэвтэр балны тухайд гэвэл өнгөрсөн жилийн үлдэгдэл бий бололтой. Тэрээр оюутныхаа байр руу явахаар автобусны буудал руу зүглэв.

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Оюутан охин 120 мянга орчим төгрөгөөр бүрэн хувцаслачихлаа. Харин эрэгтэй оюутан хэдэн төгрөгөөр хувцаслахыг сонирхохоор шийдлээ. Ингээд наймаа хийж яваа олон хүний дундаас ээж, дүүтэйгээ яваа нэгэн залуутай уулзлаа. Түүний хувьд энэ жил төгсөх курсийн оюутан юм байна. Нэр нь Төмөрхүлэг. Төмөрхүлэгийн ээж хүүгийнхээ хувцас хунарыг авч өгөх зуураа зургадугаар ангийн охиныхоо хичээлийн хэрэглэлийг давхар бэлдэх ажилтай яваа гэнэ. Тэд Булган аймгаас иржээ. Төгсөх курсийн оюутан Төмөрхүлэг хослол дээр өмсөхөөр нэг гутал 40 мянган төгрөгөөр авсан байна. Мөн биеийн тамирын цамц 25 мянган төгрөгөөр авчээ. Одоо тэрээр намрын сэрүүнд өмсөх куртка авахаар лангуунуудаар хэсч явна. Тэр жижигхэн, эвхээд уутанд нь хийдэг “умс” загвартай нимгэн куртка авахаар сонирхож байгаа юм. Хайсан куртка нь ч лангуу болгон дээр өнгө өнгөөрөө харагдана. Эхний лангуунаас л өмсч үзээд авахаар болов. Ээж нь цүнхнээсээ худалдагчид 30 мянган төгрөг авч өглөө. Эрэгтэй хүүхэд болохоор нэг их нарийн хэрэглээний юм авсангүй бололтой. Одоо дүүгийнх нь хувцсыг авах гэнэ. Охин дүү нь алтлаг өнгийн саатай пүүз, биеийн тамирын хослол, хоёр ээлжийн цагаан цамц авахад нийтдээ 78 мянган төгрөг Зарцууллаа. Ээж нь хоёр хоногийн дараа нутаг буцах учраас гэртээ гурил будаа гээд хоол ундныхаа материалыг бас авах юм байна. Тиймээс хүнсний лангууг зорив. Хөдөөний хүн байнга хот орж ирээд байх зав олдохгүй учраас нэг ирсэн дээрээ гээд 50 кг-ын “Алтан тариа" компанийн үйлдвэрлэсэн гурил, 10 кг-аар савласан зааны зурагтай будаа авав. Гурил кг нь 1000-1250 төгрөгийн үнэтэй. Будаа кг нь 2500 төгрөг. Гэхдээ Хятад, Орос, Монголд үйлдвэрлэсэн гэдгээрээ үнийн хэлбэлзэлтэй. Төмөрхүлэгийн ээж Нараа “Би наадмын үеэр орж ирэхэд гурил кг нь 850 төгрөг гэж байсан. Дээд гурил 1100 төгрөгөөс хэтрэхгүй байсан ш дээ. Үнэ нь нэмэгдчихсэн байна. Тогтмол орлогогүй хөдөөний бид гурилын үнэ дийлж авахаа байх нь ээ. Яана даа” гэв. Түүний ярьснаар бол энэ жил эдийн засгийн хямралтай гээд мөнгөгүй гэх хүн олон болж. Хөдөөгөөр мал авахаар явдаг наймаачид нэг хонийг 50 мянган төгрөгөөс дээш үнээр авахгүй байгаа гэнэ. Харин хотод болохоор нэг кг хонины махны үнэ 6500 төгрөгөөс дээш үнэтэй гээд мэдээллийн хэрэгслээр яриад байхаар хэдэн хонио зарж үрж чаддаггүй юм байх. Мөн сумын төвийн дэлгүүрүүд барааныхаа үнийг хотынхоос нэг дахин нугалаад зардаг учраас орон нутгийнхан зарлага өндөртэй амьдардаг бололтой. Ийн ойр зуурыг ярьж явсаар гэр рүүгээ явахаар микронд суулаа.

ЧАНАРТАЙ ГЭХЭЭСЭЭ ХЯМД ЗҮЙЛИЙГ ХАЙЖ ЗАХЫГ ЗОРИХ БОЛСОН БАЙНА

Ингээд хүн ихтэй лангуунуудаар орж сонирхлоо. Сурагчийн цагаан цамц материал хийцээсээ шалтгаалаад 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн жинсэн өмд 15-25 мянган төгрөг. Харин дэвтэр 12 хуудастай нь 150, 24 хуудастай нь 260, 32 хуудастай нь 380 төгрөгийн үнэтэй. Дэвтрийн хавтас 10 ширхэг нь 400 төгрөг. Зургийн дэвтэр 1500 төгрөг гээд хичээлийн хэрэгслийн үнэ харилцан адилгүй юм билээ. Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд их байв. Хоёр охин, нэг хүүдээ өмд авч өгөхөөр зогссон эгч "Ихэнх нь л мөнгө муутай учраас нэг ээлжийн хувцас авч өгөөд хүүхдийнхээ хичээлийг нь эхлүүлэхээр явж байгаа" гэнэ. Тэрээр “Өмнөх жилүүдэд хүүхдүүдийнхээ хувцсыг хотын төв орчимд байрлах дэлгүүр ороод л бэлдчихдэг байсан. Энэ жил юун тэгж тансаглах. Цалингаа ч бүрэн авч чадахгүй юм. Дарга хямралтай гэх шалтаг тоочин цалин бүтнээр өгдөггүй бага багаар нь цувуулж өгөх юм. Цалингаас цалингийн хооронд хоногийн хоолоо залгуулахын оронд хүүтэй мөнгө хүнээс зээлээд цалингаа өрөндөө өгөөд таарна. Ямар мөнгөгүй гээд үр хүүхдээ түмний нүдэн дээр нүцгэн гүйлгэлтэй биш гээд хямдхан ч гэсэн шинэ хувцас авч өгөхөөр хүүхдүүдээ дагуулж явна” гэв. Иймэрхүү зүйл ярих олон хүн таарсан. Харин наймаачдын хувьд худалдан авалтын ид эрэлттэй үе. Үүнтэй холбоотойгоор урд хөршийг зорих зорчигчдын ачаалал ч ихэссэн гэнэ. Зуны цагтдолоо хоногт нэг урагшаа явдаг байсан бол наймдугаар сар гарснаас хойш долоо хоногт хоёроос дээш удаа Эрээнийг зорьж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
181818(85.142.103.24) 2015 оны 08 сарын 25

Ter UB mart Gurval gal 3-4r horoolliin delgyyr deer chn dandaa l narantuuliin baraa bdg shyy de. Tendees onodr yneer avch bhaar narantuulaas avsan n hamaagyi deeree

0  |  0
zochin(202.179.28.172) 2015 оны 08 сарын 25

Narantul der chanartai ch bii hyamd ch bii busad gazra bodvol hyamd bdag bolohor chanargui baratai geh oilgolt usch bga ym da

0  |  0
zochin(180.149.78.23) 2015 оны 08 сарын 25

Narantuul ter chigtee ereenii muu baraa bdg ym bnle ereend chanartai baraa n ulaanbaataraar barag unetei ym bnle

0  |  0
Top