ХЯТАДААС АВАХААР ЗЭХЭЖ БУЙ ЗЭЭЛИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

Үндэсний үйлдвэрлэл сэргэхэд төрийн бодлого л дутагдаж байна гэж бид өнгөрсөн 26 жилийн турш үглэн дууллаа. Одоо дуулахаа болиод, боломж бололцооны дуу хоолойг сонсоцгооё гэж уриалах цаг болжээ. Төр засгийн зүгээс үйлдвэрлэлийг дэмжих талаар бодитой бодлого, шийдвэрүүд гаргаад эхэллээ. Үйлдвэрлэгчдийн хүсдэг урт хугацаатай, бага хүүтэй зээлийн сураг ч дуулгах гэж хичээдэг боллоо.

Хятадаас авахаар санаархаж буй зээлийн зориулалт нь үйлдвэрлэлийн салбар гэх чихэнд чимэгтэй мэдээлэл ч дуулдаж байна. Үнэхээр ч Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарах ганц боломж нь уул уурхай, мал аж ахуй гэхээсээ илүүтэй аж үйлдвэрлэлийн салбар байж мэдэх талтай. Энэ салбарын уналт үргэлжилсээр байгаа нь нууц биш. Гаднаас олж ирсэн бондын хөрөнгийг өсгөн үрждэг үйлдвэрлэлийн салбарт бус, зам тавьж царцаасны балгийг өнөөдөр монголчууд амсаж байна. Тэгвэл гаднаас олж ирсэн ширхэг зоос бүрийг хоёр зоос болгон үржүүлэх салбарт л хөрөнгө оруулалтыг зориулах зайлшгүй шаардлагатай.

 

УИХ болон Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажил хийгдээд явж байгаа.

Зах зээлд шилжсэн үеэс хүнд үйлдвэрлэлийн буюу ашигт малтмалын болон уул уурхайн салбарыг дагнан шүтсэн байдлыг төрөөс халахыг хүсч байгаа аж. Тодруулбал, дээрх стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчилнэ гэжээ.  Стратегийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ. Төмөр, зэс, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, кокс үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулна. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын инженерийн дэд бүтцийг цогцоор нь барих үйл ажиллагааг дэмжинэ.

Төр ингэж амлаж байна. Уул уурхай гэж туйлшрахаа больсонд нь ядаж талархаад, цаашид улам их боломжийг үйлдвэрлэлийн салбарт нээхэд нь ташуур өгье. Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулахыг зорих, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж хэлж буй эрх баригчдын үг хуучин, магадгүй улиг. Гэвч гол ололт нь үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэсэн сэтгэл зүрхээ олж авсан явдал. Ийм урам зоригоо бид аль 1990 онд гээчихсэн байсан. Үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр сүйтгэж, зах зээл нэрээр хаалгыг нь барьсан. Түүнээс хойш үйлдвэрлэл бус, уул уурхай улс орныг минь чирсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хүч нь шавхагдаж байна. Тэгээд ч өнөөдөр нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг атлаа төсөвт үзүүлэх үр нөлөө нь дөнгөж 17 хувь байгаа аж. Дээр нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тогтмол буурах боллоо. Тэнд зэс, нүүрсний үнэ уруугаа хэлбийхэд энд Монголын эдийн засаг элгээрээ хэвтдэг болжээ. Үйлдвэрлэлийн баялаг бол уул уурхайг бодвол шавхагддаг бус, үрждэг, өсөн нэмэгддэг баялаг юм. Бидний жишээ авах дуртай АНУ-д хөдөлмөрийн чадвартай хүн амын талаас илүүг ажлын байраар хангаж буй 20 сая жижиг, дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Зарим сурах бичигт бичсэнээр жижиг фирмүүдийн 20 хувь нь ердөө 1000 – 5000 долларын хөрөнгөтэй гараагаа эхэлж, тэдгээрийн талаас илүү нь гурван жилийн дотор жилийн орлогоо нэг сая доллар болгон өсгөдөг. Үүнд л мөнөөх эдийн засгийн өсөлтийн нууц нь оршдог юм байна. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(188.64.243.212) 2016 оны 10 сарын 14

ard tvmend ug . . sarangerel avgain . saltaan salpitik . alavchakand zoriulah yum bol hereg alga l bn

0  |  0
Болд(202.9.42.236) 2016 оны 10 сарын 13

гаднаас зээл аваад жирийн иргэдэд бол ямар ч ашиг тус байхгүй дээ

0  |  0
Unfan(103.57.94.77) 2016 оны 10 сарын 12

Gdelhiin jishigt baihgui urt hugatsaatai, baga huutei zeel avna gej Enhbold yarina lee, eh ornii mini erh ashig hundugduj Ulaanbaatariig zarsan shigee ulsiig mini uriin baritsaand tavichihgui baigaasai l gej husch bna. Neg ulsaas iim ih hemjeenii zeel avah ni ugaasaa ersdeltei. Mongoliin ard tumen uhaalag baigaasai.

0  |  0
Top