Алт хөрөнгө оруулагчдын хамгийн найдвартай хэрэгсэл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Ирэх найман сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр унц алтны үнэ 2000 долларт хүрч магадгүй байна. Ийм дүгнэлтийг Германы Дойчебанк хийжээ. Энэ оны тавдугаар сард алтны үнэ 1577 доллар 57 центэд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт билээ. Алтны үнэ зогсолтгүй өсч, Европын Холбооны гишүүн хэд хэдэн орон өрийн хямралд автаад байсан үед буюу өнгөрсөн жилийн хугацаанд Америкийн нэртэй санхүүч, хөрөнгө оруулагч Жорж Сорос алтыг их хэмжээгээр худалдан авчээ. Харин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт  Соросын эзэмшилд байдаг хөрөнгө оруулалтын “Soros Fund Management” сан нөөцөлсөн бүх алтаа худалдсан байна. Энэ мэдээлэл нь алтны үнэ 1,6 хувиар буурахад шууд нөлөөлжээ. Учир нь биржийн худалдаачид Сорос өөрт байсан бүх алтыг үнэ нь дээд цэгтээ хүртэл өссөн үед худалдсан болохыг мэдэрсэн байна. Гэвч «Стандард энд Пурс» үнэлгээний компани Грекийн зээлийн чансааг бууруулан мэдээлсний дараа алтны үнэ дахин өсч эхэлсэн бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчид алтыг хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэж үзэж байгаатай холбоотой ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top