АНУ-ын Аялал жуулчлалын холбоо виз олгох журмаа хялбаршуулахыг Засгийн газартаа уриалжээ. Виз авахад учирдаг хүндрэл нь жуулчид “үргэхэд” хүргэж байна гэж тус байгууллагын бэлтгэсэн илтгэл тэмдэглэснийг Франс Пресс агентлаг мэдээллээ. Олон сая жуулчид өөр улсыг зорьж, АНУ-д ирэх жуулчдын тоо цөөрсөн нь эдийн засгийн өсөлт удаашрахад хүргэж байна. Үүний сацуу АНУ-д зохион байгуулж болох байсан бизнес-арга хэмжээнүүд виз хялбар олгодог улсуудын нутаг дэвсгэрт болж байгаа аж.
“АНУ-ын виз авах нь удаан, тодорхой үйл явц байдаг” гэж илтгэлийг зохиогчид тэмдэглээд, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг түргэн хөгжиж буй орнуудад онцгой анхаарал хандуулахыг уриалжээ. “Хөөрөхөд бэлэн үү” гэж нэрлэсэн илтгэлд тодорхой нэлээд хэдэн зөвлөмж орсон байна. Албан ёсны мэдээгээр, АНУ-д очсон жуулчдын тоо 2000-2010 онд ердөө нэг хувиар өссөн байна. Жуулчдын тоог өсгөвөл 2020 он гэхэд ажлын шинэ 1,3 сая байр бий болно гэдэгт холбоо итгэлтэй байгаа ажээ. Жуулчдын урсгал нэмэгдсэнээр хилийн чанадаас орж ирэх мөнгөний хэмжээ өсч, худалдааны алдагдал багасахад тус болно. Виз олгох журмыг хялбаршуулснаар АНУ-д 859 тэрбум долларын ашиг оруулах аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )