Өшөө авах ажиллагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Пакистаны Исламабад хотын цагдаагийн сонсогчдын төгсөлтийн баярын үеэр Аль Кайда бүлэглэлийн хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 65 гаруй сонсогч, 20 иргэн амиа алдаж, 100 гаруй иргэн шархаджээ.
Энэ бол тус бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладен амиа алдсаны дараах хамгийн олон хүний амь үрэгдсэн халдлага юм.
Аль Кайда бүлэглэл энэ халдлагаараа Бин Ладены өшөөг авах ажиллагаа эхэлснийг мэдэгдсэн байна. АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай хүчин энэ сарын 2-нд Исламабад хотын ойролцоо нуугдаж байсан Бин Ладеныг хөнөөсөн билээ. Тухайн үед шинжээчид Аль Кайдагийн алан хядлага идэвхжинэ хэмээн тооцоолж байсан юм. Иймээс үйл явц тэдний тодорхойлсноор өрнөж байна.
АНУ хэдийгээр удирдагчийг нь устгасан ч, тус бүлэглэлийнхнийг хөнөөгөөгүй болохыг энэ халдлага нотоллоо. Аль Кайда бүлэглэл АНУ, Европт томоохон халдлага үйлдэж болзошгүй гэх мэдээлэл тархсан. Иймээс барууныхан онгоц, метроны буудал, худалдааны төв, хүн амын нягтаршил ихтэй гудамжуудын хамгаалалтыг нэмжээ.
Бин Ладеныг хөнөөсөн юм чинь АНУ-ын цэргийн хүчин Ирак, Афганистан, Пакистанаас цэргээ гаргах ёстой гэсэн шаардлагыг эдгээр улсын иргэд тавьж байна. Харин Пакистанд Аль Кайда томоохон халдлага үйлдсэнээрээ АНУ-ын цэргийн ажиллагааг сунгаж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Бин Ладен Жорж Бушийн засгийн газрын дайн хийх шалтгаан байсан бол Барак Обамагийн засгийн газрынх Аль Кайда бүлэглэл байх магадлалтай аж. Иймээс АНУ тус бүс нутагт эрх мэдлээ тогтоохын сацуу хямд нефтийн сувгаа хаахгүйн тулд Аль Кайдаг ашиглах юм байна. Тэгэхээр энэ бүлэглэл халдлага үйлдэх тусам АНУ-д ашигтай гэж хэлж болно.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top