“Фүкүшима-1”-ийн ойролцоох бүх малыг устгана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Японы эрх баригчид гуравдугаар сард “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарсны дараа нүүлгэн шилжүүлэлт болсон бүсэд аргагүйн улмаас хаягдсан фермүүд дэх бүх малыг устгах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөдөө аж ахуй, ойн, загасны аж ахуйн яамны мэдээгээр, байгалийн гамшиг болж, станцад осол гарахаас өмнө станцыг тойрсон 20 километр бүсэд 3400 үнээ, 31500 гахай, 630 мянган шувуу байсан байна. Цацраг идэвхт бодист хордсон байж болзошгүй малыг устгах нь худалдаанд хортой мах гарахаас урьдчилан сэргийлэх цорын ганц арга ажээ. Үүний сацуу “Фүкүшима-1” станцын нэг ажилтан засварын ажил хийж байхдаа ухаан алдан унаж төдөлгүй нас барсан тухай “Токио электрик пауэр” компани мэдээлсэн байна. Одоо ажилтан нас барсан шалтгааныг тодруулж байна. Яаралтай үзлэгээр нас барсан ажилтны цогцос болон хувцаснаас цацраг идэвхт бодис илрээгүй ажээ. Түүний бие дэх цацраг идэвхт бодисын хэмжээ 0.17 миллизиверт байжээ. Цөмийн объектод аврах ажиллагаанд оролцогчийн биед жилд 250 миллизиверт бодис байх нь амь насанд аюулгүй гэж үздэг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top