Улсын сан хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэгдэж байгаа Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, түүний гэргий Сюзан Сабит нар “ард түмнийхээ тусын тулд хувийн бүх хөрөнгө, мөнгөнөөсөө татгалзахад бэлэн буйгаа илэрхийллээ” гэж Египетийн “Аль-Ахрам” сонин мэдээлжээ.
Сонинд мэдээлснээр, Мубарак, түүний эхнэрийн өмгөөлөгчид гэр бүлийн эд хөрөнгийн, тэдгээрийн дотор хяналтын байгууллагуудын хараанд өртөөгүй хөрөнгийн жагсаалт гаргахаар бэлтгэж байна. 83 настай Мубарак болон түүний 70 настай гэргийд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Мөрдөн шалгалтын үеэр тэднийг баривчилсан боловч эрүүл мэнд нь муу байгаагийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа ажээ. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, тансаг харш, орон сууц, тэрчлэн банкуудад байгаа олон саяын данс хуучин Ерөнхийлөгчийн орлогод нийцэхгүй байгаа юм. Албан тушаалаа ашиглан хувьдаа хөрөнгө хуримтлуулсан хэмээн Мубаракийг гэргийнх нь хамт буруушааж байгаа ч тэд үүнийг няцааж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )