Ливийн босогчид давшилтад оров

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Мисрат хотыг бүрэн хяналтандаа авсан Ливийн босогчид өчигдөр Сирт хотыг эзлэхээр давшилтад оржээ. Тэднийг Таварга гэдэг сууринг эзлэн авах үеэр Каддафийн цэргүүд эсэргүүцэл үзүүлээгүй байна. “Хоёрдугаар сарын 17-ны хувьсгал” байгууллагын цэргийн жижүүрийн төлөөлөгч Ахмед Банигийн хэлснээр, Триполи болон Бенгази хотуудын дунд орших Сирт хотыг эзлэн авах нь сөрөг хүчний гол зорилтуудын нэг ажээ. “Аль Жазира” сувгийн мэдээлснээр босогчдын анги нэгтгэлүүд Триполи хотын зүг аажмаар урагшилж байгаа бөгөөд нийслэлээс 150 км зайд орших Злитен хотын орчимд байрлалаа эзэлжээ. Түүний зэрэгцээ, даваа гарагт НАТО-гийн нисэх хүчин Ливийн цэргийн болон иргэний хэд хэдэн байгууламжид цохилт өгсөн байна. Тухайлбал, нийслэл Триполи болон түүний дагуул хот болох Каср-бен-Гашир бөмбөгдөлтөнд өртжээ. Эвслийн хүчин нийслэлээс 30 км-т орших Тажура хотод байрлах радарын станцыг устгажээ. Агаарын цохилтуудтай зэрэгцэн Каддафи болон түүний хүү Сейф аль-Ислам, Тагнуулын албаны дарга Абдулла аль- Сенусси нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутган баривчлах зөвшөөрлийг Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Луис Морено-Окампо тус шүүхийн шүүгчдэд олгосон байна. ОХУ Ливийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахын тулд тодорхой алхмуудыг хийж эхэлжээ. Лхагва гарагт Ливийн Засгийн газрын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирэх бол босогчдын төлөөлөл ойрын үед ирэхээр болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top