Сэтгүүлчид соён гэгээрүүлэх үүргээ умартсан он жилүүдэд тайз, дэлгэцийн бүтээлүүд дэх зохисгүй үг хэллэг, харгис бурангуй хандлага, шалгуур үл хангах жүжиглэлт гээд тухай бүр нь засаж залруулахад зохилтой олон дутагдал хуримтлагдаж, тайзны соёл хэмээх ойлголт ч бүдгэрч эхэлжээ.
Нийтлэлч Ц.Оюунчимэг
УРЛАГТ ШҮҮМЖ ДУТАГДСАНЫ ҮР ДАГАВРЫГ ТА БИД ӨӨРСДӨӨ Л ТӨЛӨХ БОЛНО. БИД ӨНӨӨДӨР ХОЖИХ, ХОХИРОХЫН ЗААГ ДЭЭР ИРЭЭД БАЙНА.
Тайз, дэлгэцийн бүтээл олны хүртээл болох торгон мөчид үзэг, дэвтрээ бэлдээд бичиж тэмдэглэхэд бэлэн сууж байдаг хүмүүс бол урлагийн шүүмжлэгчид байдаг. Үзэгчдийн орчинд харанхуй байлаа ч санаагаа, ажиглалтаа заавал тэмдэглэж авах хариуцлагатай үүргийг тэд хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа дэлгэцийн бүтээл, драмын жүжгийн бүтээлүүд нь ийм шүүмж болоод шүүмжлэгч нарт хамгийн их хамаатай.
Урлагийн шүүмж хэмээх сэтгүүл зүйн төрөл жанр дөнгөж хөгжиж байх хоёр зууны тэртээх үед утга зохиолын томчууд л уран бүтээлийг шүүмжилж зүрхэлдэг байв. Цаг хугацаа улиран нийгэм өөрчлөгдөхийн хэрээр энэ үүрэг сэтгүүлчид болон урлаг судлаачид руу аажмаар шилжсэн байдаг. Харин манайд, хөгжлийн эхэн үеийн “Зөвхөн томчууд шүүмжилнэ” гэсэн сэтгэлгээ өнөө ч ноёрхсоор байна. Урлаг судлаачдын бичсэн шүүмж гэж байдаг /байгаа гэдэгт итгэнэ/ ч хэрхэн олны хүртээл болдог юм бол?
“Томчууд” л бичих ёстой гэсэн сэтгэлгээгээр урлагийн шүүмжээс зайлсхийснээрээ бид юуг алдаж, юу хожив? Урлаг соёлын сэдвээр сэтгүүлчдийн хийсэн ярилцлага, сурвалжилсан мэдээ, бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг уншиж үзвэл Монголын сор болсон урлагийн алдартнуудаас зөвхөн хувийн амьдралыг нь л асуудаг байдал давамгай харагдах нь гунигтай. Хэдийгээр уран бүтээлийг нь түлхүү гаргаж ирэх хандлага хөгжиж байгаа ч, хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн дийлэнх нь тэдний хувийн орон зай руу чиглэгдсэн хэвээр харагдана.
Нэг ч гэсэн сэтгүүлчийн бичсэн шүүмжийг олж унших завшаан тохиосонгүй. Сэтгүүлчид энэ үүргээс өөрсдийгөө бүрэн чөлөөлсөн гэдэг үнэн бололтой юм. Сэтгүүлчдийг ийнхүү урлаг соёлоос чөлөөлөгдөн гавьяаны амралтаа эдэлж байх зуур урлаг соёлынхон шинэ шинэ бүтээлийг ар араас нь бүтээж, урлагийн зах зээлд нийлүүлсээр байна. Тэд сэтгүүлчид хэзээ, юу бичиж нийтлэхийг хүлээн суухгүй нь тодорхой шүү дээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо бүрэн солигдсон сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сэтгүүлчид маань урлаг соёлоос чөлөө авч /үйл явдлын сурвалжлага, ярилцлага, шар мэдээг энд оруулаагүй болно/ амарцгаалаа. Сэтгүүлчдийг ийнхүү амарч байх зуур нийгмийн сэтгэлгээнд хувьсал явагдаж, уран бүтээлчдээс хүлээх хүлээлт ч өөрчлөгдсөн аж.
Сэтгүүлчид соён гэгээрүүлэх үүргээ умартсан он жилүүдэд тайз, дэлгэцийн бүтээлүүд дэх зохисгүй үг хэллэг, харгис бурангуй хандлага, шалгуур үл хангах жүжиглэлт гээд тухай бүр нь засаж залруулахад зохилтой олон дутагдал хуримтлагдаж, тайзны соёл хэмээх ойлголт ч бүдгэрч эхэлжээ. Социализмын үеийн хяналт цензурээс бүрэн чөлөөлөгдсөн урлагийнхан маань уран бүтээлийн эрэл хайгуулаа огт зогсоогоогүйг энд хэлэх хэрэгтэй. Тэд сэтгүүлчид шиг залхуурч, үүргээ умартсангүй. Цензур зогсохтой зэрэгцээд төрийн дэмжлэг багассан, бараг л зогссон хүнд нөхцөлд урлагийнхан өөрсдийн чадлаар зүтгэсээр урлаг соёлоо авч үлдлээ.
Хяналт цензургүй, бас шүүмжгүй орчинд урлаг соёл байж болох дээд хурдаараа хөгжиж буй. Гэвч аливаа хөгжил түргэсэхийн хэрээр алдаа дагуулдаг жамтайг мартаж болохгүй. Урлаг соёлоо ялзралд оруулж, мөхөлд хүргэхгүйн тулд сэтгүүлч, урлаг судлаач, шүүмжлэгчид үзгээ хурцалж, урлагийн шүүмжийн төрөл жанрыг сэтгүүл зүйн салбарт, урлагийн ертөнцөд, сошиал орчинд хөгжүүлэн тайз, дэлгэцийн бүтээлүүдэд салхи оруулах цаг нэгэнт болжээ. Эс тэгвээс урлагт шүүмж дутагдсаны үр дагаврыг Та бид өөрсдөө л төлөх болно. Хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшлөөр, Монгол Улсаа авч явах залуусынхаа монголгүй сэтгэлгээгээр, тэр ч байтугай монгол соёл урлаг орших, эс оршихын хязгаараар ч хэмжигдэж мэднэ.
Бид өнөөдөр хожих, хохирохын зааг дээр ирээд байна. Тайз, дэлгэцийн бүтээлийг шүүмжлэх эрхээ эдэлцгээе. “Зиндаа” сэтгүүл соёл урлагийн шүүмж судлалын “Реценз” буланг тогтмол хөтлөн явуулахаар боллоо. Таалан болгооно уу.
“Реценз” булангийн маань анхны зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал уригдлаа. Гавьяат маань “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн гэргий Дулмаагийн дүрээр олонд танигдсан уран бүтээлч. Анх Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцан төгсөж Хүүхдийн театр, Дархан хотын “Залуучууд” театрт ажиллан, кино болон драмын жүжгийн олон сайхан дүр бүтээсэн. “Мюзик холл” Театр, кино, хөгжмийн дээд сургууль, “Бэрс” Хэвлэл мэдээлэл, театр, киноны дээд сургууль, КУДС-д багшилж, FM 104.5 радио, “Эх орон” телевизийн “Өглөө” хөтөлбөр, “Ерөөлтэй орчлон” нэвтрүүлэг хөтөлж байв. Одоо TV8 телевизийн “Утга зохиолын увдис” цуврал нэвтрүүлгийн хөтлөгч, редактораар ажиллаж байна.
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: УРЛАГИЙН БҮТЭЭЛ ДЭХ МОНГОЛ ДҮР ТӨРХ АЛГА БОЛЖ БАЙГАА НЬ СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛДЭГ
ЗИНДАА: Урлагийн зах зээл ч, номын зах зээл ч замбараагүй болж, шалгуур хангахгүй бүтээлүүдээр дүүрчихлээ гэж ярих болжээ.
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Шүүмжийг хориглочихсон юм уу?
ЗИНДАА: Үгүй шүү дээ.
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Шалгуур цензур байхгүй болохоор шүүмжийг хүлээж авахаа больчихсон л байхгүй юу...
Бид ийн ярилцлагаа эхлэв. Нээрэн л шүүмж бичихийг хориглочихсон юм биш байгаа? Эсвэл үнэхээр шалгуур цензур гэж байхгүй учир шүүмжийг хэн ч хэрэгсэхээ больчихов уу?
ЗИНДАА: Өнөөдөр дэлгэцийн зарим бүтээлд муу муухайг хэт их харуулж байна. Та мэргэжлийн хүний хувьд үүний шалтгааныг хэрхэн харж байна вэ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Барууны соёл хэт их нэвтэрч, дээр нь нэмээд оюуны хоосрол бий болж. Оюуны хоосролд орсон учраас агуулгаас илүү хэлбэрийг хөөцөлдөх нь ихсэж. Уран бүтээлд муу муухайг үзүүлэхдээ хэм хэмжээг нь хэтрүүлээд байна. Энэ харгис кино ший чинь хүүхдийн хүмүүжлийг эвдэж, ах захгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулаад байна шүү дээ. Тэгэхээр бид уламжлалт ёс заншил, дэг жаяг руугаа л эргэж хандах хэрэгтэй.
ЗИНДАА: Таны багш нар, найруулагчид ямар арга барилаар ажилладаг байв?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Ер нь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл нүдэнд заавал илэрч гарч байх ёстой гэдгийг манай Э.Оюун багш их хэлдэг байсан. Нүд, нүд, нүд гээд л. Гэтэл Л.Ванган багш болохоор дуу хоолойны интонац дээр анхаарч, тэрүүгээр нь хүнийг зөв ярьж байна уу, буруу ярьж байна уу гэдгийг их мэдэрдэг хүн байж. Л.Ванган багш бол доошоо хараад суугаад байна. Тэгээд яриад л явж байтал “зогс, стоп, худлаа. Шал худлаа ярьж байна чи” гээд л. Э.Оюун багш бол ерөөсөө нүд ширтээд суучихдаг. “Нүд нүд, чиний дотор чинь хов хоосон болохоор нүд чинь хов хоосон байна шүү дээ, хонгор үр минь” гээд суучихна.
ДҮРИЙГ МУУ ГАРГАНА ГЭДЭГ ДҮРЭЭ СУДЛААГҮЙ, ДҮР ДЭЭРЭЭ АЖИЛЛААГҮЙ, ДҮРИЙН БОЛООД ХЭЛЖ БАЙГАА ҮГИЙНХЭЭ УТГА УЧРЫГ ОЙЛГООГҮЙТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ
ЗИНДАА: Тоглолтын хувьд тайз, дэлгэцийн жүжигчний ялгааг хэрхэн дүгнэдэг байв?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Дээхнэ үедээ тайзны жүжигчдийг кинонд авах дургүй байсан. Яагаад гэхээр тайзныхаа өргөлтийг хийгээд, театрынхаа өргөгдсөн нөхцөлөөр тоглочих гээд байдаг. Киноны жүжигчид гэж тусгайлан бэлтгэж эхэлсний учир үүнтэй л холбоотой байх. Тэгээд кинонд дуу оруулдаг дублёжийн жүжигчид гэж гарч ирж байсан юм. Кинонд дуу оруулдаг жүжигчид бол тайзан дээр тоглож байгаагаас ялгаагүй шүү дээ. Ямар сайндаа л жүжигчин биш хүн дүрд тохирдог. Дүрд тохируулаад жүжигчин биш хүнийг тоглуулчихаад, заавал жүжигчин хүнээр дууг нь хийлгэдэг зарчимтай байлаа. Жүжигчин биш хүн дүрийнхээ дотоод ертөнцийг нарийн гаргаж чадахгүй шүү дээ. Тэрийг дуугаар нь хийж өгч дүрийг товойлгож өгдөг. Жишээ нь, “Тунгалаг тамир” –ын Цахиур Төмөр бол яг ийм аргаар бүтээсэн дүр. Тэр хүнгэнэсэн сайхан хоолойг Ардын жүжигчин Н.Дагийранз агсан хийсэн. Ингэж л дүрийг тодотгож өгдөг.
ЗИНДАА: Дууг зураг авалтаас тусад нь хийх үнэхээр чухал төдийгүй уран бүтээлийн чанарт бас нөлөөлдөг байх нь ээ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Чанараа бодоод дууг нь дахин хийдэг найруулагч одоо ч байгаа. Харин жүжигчин биш хүн тоглочихоод өөрөө дуугаа оруулахад дүрээ унагаачихдаг гэм бий. Зарим тохиолдолд хиймэл, сүржин, хэтрүүлсэн тоглолт хийгээд байгаа тал бас харагддаг. Энэ нь Солонгосын жүжигчдэд их харагддаг. Юмыг хуулбарлахын уршиг юм уу даа. Солонгосын кинонд зарим дүрд эргүү маанаг юм шиг өнгөний тоглолт харагддаг. Үүн шиг зүйл сүүлийн үеийн зарим кинонд цухалзах болсонд эмзэглэдэг. Бас зохиол гэдэг юмтай их нандин холбоотой байх.
ЗИНДАА: Зарим кинонд жүжигчин нь “Би дүрд тоглож байгаа” гэх байдалтай хуурай тоглолт хийсэн нь анзаарагддаг. Энэ юутай холбоотой вэ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Энэ бол дүрээ судлаагүйтэй л холбоотой. Хоёрдугаарт, уран бүтээл дээр ажиллаж байгаа нь Солонгосын кинонуудыг их дуурайгаад байна уу гэмээр ажиглагддаг. Дүрийг муу гаргана гэдэг дүрээ судлаагүй, дүр дээрээ ажиллаагүй, дүрийн болоод хэлж ярьж байгаа үгийнхээ утга учрыг ойлгоогүйтэй шууд холбоотой. Үүнээс болж хүнд үнэмшигдэхээр биш, хүний зүрх сэтгэлд үлдэж чадахгүй дүр бий болж, уран бүтээлийн чанарт ч нөлөөлдөг.
ЗИНДАА: Зарим кино бүтээлд үзэхэд ч хэцүү үйл явдал харуулах юм. Ийм зүйлийг хэт дэлгээд байх нь хэр зөв байдаг юм бэ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Хэцүү кинонууд бий л дээ. Хүний гол гогодсон хэцүү юмнууд. Дээр үед манай багш нар хэлдэг байсан юм. Энэ чинь их түгээмэл асуудал биш. Мэр сэр гардаг асуудлыг тэгж дэлгэж тавих учиргүй гэж бид нарт ойлгуулдаг байсан. Тэрийг чинь дэлгээд тавьчихаар болчимгүй нэг нь дуурайж байна. Хүнийг их харгис хэрцгий болгож байна. Үүнийг нуухаас өөр аргагүй гэдэг байлаа. Юуг харуулах, юуг харуулахгүй байх гэдэг дээр урлаг, улс төр хоёр адил юм. Урлагт ч, улс төрд ч бодлого гэж байдаг. Ялангуяа урлаг бол гэгээлэг зүйлийг харж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үүргийг нийгмийнхээ өмнө хүлээж байдаг учиртай. Тайз, дэлгэц гэдэг чинь хүмүүжлийн талбар байлаа шүү дээ.
ЗИНДАА: Урлагийн бүтээл дэх Монгол дүр төрхийн тухайд таны бодлыг сонсъё.
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Түүхэн кинонуудад Монгол дүр төрхийг аргагүй л гаргасан байдаг. Орчин үеийн бүтээлүүдэд Монгол дүр төрх илэрхийлсэн кино байна, гэхдээ ховордох гээд Солонгос киноны стиль рүү ороод байна. Ялангуяа эмэгтэй хүн, охид нэгэндээ атаархах, нэгэндээ хортой юм хийх, хор хонзон санах. Энэ чинь уг нь Монгол зан чанар биш юм шүү дээ. Энийг чинь бүр эрт дээр үеэс эхлэн цээрлэж ирсэн араншин. Монгол дүр төрх гэдэг чинь зүгээр харагдах өнгөнөөсөө дээл өмсөөд намбайгаад алхаад байна гэсэн үг биш, зан чанар, үзэл бодол, ухамсар, хүмүүжил юм. Тэр бүхэн энэ уран сайхны дүрүүдээс үнэхээр л алга болоод байна.
МОНГОЛ ДҮР ТӨРХ ГЭДЭГ ЧИНЬ ЗҮГЭЭР ХАРАГДАХ ӨНГӨНӨӨСӨӨ МОНГОЛ ДЭЭЛ ӨМСӨӨД НАМБАЙГААД АЛХААД БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ, ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, УХАМСАР ХҮМҮҮЖИЛ ЮМ.
Урлагийн бүтээл дэх Монгол дүр төрх алга болж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг.
ЗИНДАА: Уран бүтээлээр дамжуулж юуг илүү тодотгох шаардлагатай, нөгөөтэйгүүр уран бүтээлээс үзэгч юу олж авах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Нэг жишээ хэлэхэд, “Хувь тавилангийн ээдрээ” гэж киноны төгсгөлийн 60 дугаар ангийг үзэхэд их гоё төгслөө. Тэр бие биендээ муу санаж хорсож явсан санаа бодлоо цайруулаад төгсгөж байна. Их сайхан санагдсан. Уучлах, өршөөх, энэрэх, уужуу сайхан сэтгэл гэж байх ёстой. Үүнийг л уран бүтээлд түлхүү харуулах шаардлагатай болов уу. Чингис хаан гэхэд л дандаа дайсны талынхаа хүмүүсийг нөхрөө болгоод авчихдаг байсан. Тэр хүний уучлах сэтгэл их агуу байна аа даа. Иймд кино үзэхдээ юуг нь амьдралдаа хэрэгжүүлж авах вэ, юуг нь гээх вэ гэдгээ бодох нь их чухал юм. Энэ зохиолыг бичсэн, энэ уран бүтээлийг хийсэн хүмүүс хичнээн их зовж байж бүтээж байна. Энэ хүмүүс юу хэлэх гээд ингэж зовж зүдэрч хийгээд байна гэдэг тэр зорилгыг ойлгож авч чадах юм бол бидний ч гэсэн хэрэг бүтэж байна гэсэн үг.
ЗИНДАА: Тайз, дэлгэцийн бүтээлүүд дээр гарч байгаа, та л хэлэхгүй бол өөр хүн хэлэхгүй, анхаараасай гэсэн ямар шүүмж байна вэ?
Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: Манай уран бүтээлчид судалгааг их сайн хийсэн л гэж яриад байна. Гэхдээ тэр жинхэнэ судалгаа байна уу, үгүй юу. Жүжигчин хүн жүжгийн болон кино зохиолоо аваад заавал гараараа хуулж бичих ёстой байдаг юм. Түүн дээрээ ажиллаад, дэвтэртээ хаана нь яаж хэлэх вэ, гуних уу, инээх үү гээд тэмдэглэдэг. Манай С.Гэндэн багш “жүжигчин хүний дэвтэр улаан эрээн байх ёстой” гэдэг байсан. Тэр улаанаараа тодотголуудаа хийж аваад, дэвтэр дээрээ өөрийнхөө бүх бодол санааг гаргадаг. Найруулагчийн хэлснийг тэмдэглэж авдаг ийм ажиллагаа заавал байх ёстой юм. Одоо тийм юм ерөөсөө байхгүй болчихож. Зохиолыг хэвлээд өгчихнө, тэрийг нь барьж байгаад ямар ч харандаа хүрэхгүй, бичсэн үгээр нь тоглоод явчихаж байна. Гэтэл тэр зохиол дээр бичгийн хэлээр бичсэн байдаг. Дэвтэрт хуулж авдгийн учир юу гэхээр, бичгийн хэлнээс ярианы хэл рүү хөрвүүлж байгаа юм. Тийм ч учраас жүжигчний ангид бичгийн хэлнээс яриа руу хөрвүүлж авдаг хичээл ордог. Тэр хичээлийг нь дэвтэр дээр ажиллаж байж сурч авна. Үүнд судалгаа дутагдаж байна гэж боддог.
Ярилцсан Ц.Оюунчимэг
СОЁЛ УРЛАГИЙН ШҮҮМЖ СУДЛАЛЫН РЕЦЕНЗ БУЛАН
ДЭЭХНЭ ҮЕДЭЭ ТАЙЗНЫ ЖҮЖИГЧДИЙГ КИНОНД АВАХ ДУРГҮЙ БАЙСАН. ЯАГААД ГЭХЭЭР ТАЙЗНЫХАА ӨРГӨЛТИЙГ ХИЙГЭЭД, ТЕАТРЫНХАА ӨРГӨГДСӨН НӨХЦЛӨӨР ТОГЛОЧИХ ГЭЭД БАЙДАГ. КИНОНЫ ЖҮЖИГЧИД ГЭЖ ТУСГАЙЛАН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ УЧИР ҮҮНТЭЙ Л ХОЛБООТОЙ
2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/
Сэтгэгдэл ( 12 )
Монгол кино үздэггүй ээ. Хаяа ТВээр үзэхээр ямарч зохиол байхгүй, мэргэжлийн жүжигчин байхгүй, мисс, загвар өмсөгч гэх хүмүүс л хачин муухай өнгөтэй хоолойгоор орилсон, хашгирсан, зодолдсон, хорлосон, харанхуй юм гардаг шүү дээ. Зохиолтой мэргэжлийн жүжигчинтэй шал өөр гоё байдаг. Жүжигчин гэдэг нь хршин шогийнхон биш шүү
монгол дүр төрх байхгүй болсон, хэт онгироо, хиймэл дүр эсгээд байдаг болсон. бас монгол хүмүүс нь бага болж хятад төрхийн овилгогүй ойворгон жүжигчид их болсон байна билээ. Төкө ч гэнэ үү. хятад ч юм уу эрлийз ч юм уу нэг нөхөрт монгол хүний сэтгэлгээ, хөдөлгөөн гэж алга аа. хятад хүн монголоор яриад маазраад харагддаг
Bogs boornii sedew zawhairaliig l haruulna.iim uzegdel i sedew hiisneeree eh etseguudiin dirguig hurgeed bn.eh etsguud chin ur huuhdee bainga bodj yawdag uchraas tarhind m hamgiin turuun huuhduud min izeh wii dee gej sanaa zowno
Suuliin ueiin mgl kino mash muu.uzej nerwtsenees ogt uzhgui bsn hamaagui deer.ongiroo sagsuu zaluusiin hellege yariatai.huuhduuded buur uzuuleltgui !!!
Монголын кино урлаг 1990 онтой цуг устсан. Хашгирсан гуугачсан, алсан хядсан, луйвардсан мэхэлсэн , завхайрсан зайдагнасан, цодсон цохьсон ямар ч оюун санааны үнэ цэнэ, үр нөлөөгүй аймшгийн юм хийж байгаа. Кино урлаг бол нийгмийн хөгжлийг түүчээлж, оюун санааны хувьд соён гэгээрүүлж байх ёстой. Мэндбаяр шиг, Дэлгэржаргал шиг, Цэрэндаваа шиг... ийм сайхан яс чанартай, дүрдээ жинхэнэ утгаар нь орж тоглодог жүжигчин алга аа.. Урлаг бол зөвхөн бизнес биш, энд төрийн бодлого, нийгмийн хариуцлага байх ёстой. Цензуртай, бодлоготой байх хэрэгтэй ш дээ.
Сүүлийн үеийн кино шиг юмнуудыг үздэг ч үгүй, сэтгэлд үлдэх юмгүй дандаа хар бараан худал хуурмагыг харуулсан ёстой үзэх юмгүй кинонцорууд
Монголын одооны кино, жүжиг үзэх дургүй. Бүгд л хэрэлдсэн, уурласан зодолдсон үйл явдал. Гэр бүл гэдэг чинь найрсаг халуун дулаан уур амьсгалтай шүү дээ.
Одооны монгол кино гэж хов хоосон ямар ч гялайх юм тэнд байхгүй завхай зайдан хэрүүл зодооны шал худлаа дүр сүрээс өөр юу ч байхгүй монголын амьдралд хэзээ ч байгаагүй зодоон энэ тэрэнд хэн үнэмшихвэ дээ шал худлаа өшөө авалт энэ тэр ч гэсэн том машин унаад давхиад хүн зодоод л ямар ч үнэмшил байхгүй ёстой цагийн гарз нээх шорон моронд орцон гарууд гаараад ч байх шиг энэ чинь үнэмшилгүй амьдралгүй кино ч гэж дээ яг нөгөө хошин шог үзэж байгаа юм шиг л ёстой дургүй хүрчихлээ
ОЮУНЫ ХООСРОЛ БУЮУ ХОШИН ШОГ ХЭМЖЭЭНИЙ ТАРХИНЫ БӨГЛӨРӨЛТЭЙ Л ЮМУУДАА МОНГОЛЧУУД
Одооны монгол кино гэж хачин юм гарах болсон байна.Ер нь монголчууд бид ингэдэг билүү гэж бодох үе ч байх юм.НЭгнийгээ зодсон алсан цус нөж болгосон аль сэтгэлд буухгүй юм байх юм солонгос киног л хуулаад байгаа юмуу даа хүүхэд залуучуудыг ямар хүмүүжлийн үзэл сурталд уруу татаад байгаа юм болоо.Хянадаг хаадаг дугардаг хүн ч алга болжээ.Жүжигчид ч гэж дээ чааваас худлаа арзганасан хэдэн юм л харагдах юм
Үнэн юм ярьж дээ. Одооны ихэнх кинонууд хүчирхийлэл, мөнгө, авилгыг улаан цагаан гаргах болсон. Хүүхдүүдэд буруу үлгэр үзүүлдэг болоод байна. Чадахгүй дуракуудыг, дуртай мал нь кино хийдгийг болиулмаар юм. ТВ-ээр гаргаж байгаа зүйлд ч хяналт сайн тавьбал таарна. Ирээдүйгээ ямар заваан, хар мэдээллээр тархийг нь дүүргэж байгаагаа энэ тэнэгүүд ойлгохгүй байна даа