Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна.
Шагайн харвааг Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, "Даян мэргэн" шагайн харвааны холбооны тэргүүн, аймгийн Гоц мэргэн, судлаач Ганболдын Мягмарсүрэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Үндэсний Шагайн харвааны тайлбарлагч, аймгийн Гоц мэргэн Чинбатын Тулгаа нар тайлбарлан хүргэж байна гэж Монголын шагайн харвааны холбооноос мэдээллээ.
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААН ҮҮСЭЛ, ТҮҮХ
Малыг гаршуулж эхэлсэн цагаас шагайн наадгайн үүсэл эхэлсэн гэж үздэг. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл Мөнх хаан дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулж байсан гэдэг. Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжөөд байна.
Шагайн харваа XIII зууны үед хаад ноёдын өргөөндөө зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болон өргөжсөн. Энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой бөгөөд анх шагайн харвааны тэмцээнийг “Тойром” хэмээн нэрлэдэг байжээ.
1991 оны баяр наадмын үеэр шагайн харвааны анхны “Улсын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдаж, 1993 оноос албан ёсоор улсын цол, зэрэг олгож эхэлсэн. 1998 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсанаар 2000 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд шагайн асрыг ашиглалтад оруулав. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шагайн харвааг ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )