Арнолд Шварценеггер гэрийн үйлчлэгчийнхээ хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19


 

АНУ-ын Калифорни муж улсын захирагч асан, “Терминатор” киноны гол дүрээрээ дэлхий нийтэд танил болсон Арнольд Шварценеггер гэрийн үйлчлэгчээр нь ажиллаж байсан эмэгтэйн хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл “Лос-Анжелес Таймс” сонинд гарсан байна.

Арав гаруй жилийн өмнө болсон дээрх явдлын талаар Шварценеггер эхнэр Мария Шрайверт хэлсэн нь тэдний гэр бүлээ цуцлуулах шалтгаан болсон ажээ. “Терминатор”-ын хүүхдийн ээж нь 20 гаруй жилийн хугацаанд гэрийн үйлчлэгчээр ажилласан гэнэ. Дөрвөн хүүхдийн эцэг Шварценеггер энэ тухайгаа "Би захирагчийн албаа хүлээлгэж өгсний дараа арван жилийн өмнө болсон явдлыг эхнэртээ хэлсэн" хэмээн “Лос-Анжелес Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Энэ явдал гэр бүл, найз нөхдийг маань гомдоож, урмыг нь хугалсан гэдгийг би ойлгож байна. Тэд намайг уучлахгүй ч би хариуцлагаа хүлээнэ. Би эхнэрээсээ, хүүхдүүдээсээ, гэр бүлийнхнээсээ уучлалт хүсч байна" гэжээ. Шварценеггер шүүмжлэлийг хүлээх ёстой хүн нь гэр бүлийнхэн нь биш, өөрөө учраас гэр бүлийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг хэвлэлийнхнээс хүсчээ.

Иймээс тус сонин жүжигчний гэрийн үйлчлэгч бүсгүйн нэр болон хүүхдийнх нь нас, хүйсийг нууцалсан байна.

Арнольд Шварценеггер Жон Кеннедигийн үеэл болох Мария Шрайвертай 1977 онд танилцан 1986 онд гэр бүл болжээ. Тэдний том охин Кэтрин Юнис 1989 онд, бага хүү Кристофер нь 1997 онд төрсөн байна. Дөрөвдүгээр сар хүртэл тэднийх Лос-Анжелес хотын дагуул хотуудын нэг болох Брентвудад харшдаа амьдарч байжээ. Гурван долоо хоног орчмын өмнө Мария Шрайвер гэрээсээ явсан бөгөөд тэд гэр бүлийнхээ амьдралтай холбоотой асуудлаар цаашид тайлбар өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Шрайвер Калифорни муж улсын тэргүүн хатагтай байхдаа буяны ажиллагаанд, тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхтэй оролцож байжээ. Гэхдээ тэрбээр нөхрийнхөө улс төрийн үзэл бодлыгхуваалцдаггүй байсан бөгөөд учир нь Кеннедигийн гэр бүлийнхэн Ардчилсан намыг дэмжигчид юм. Харин Шварценеггер Бүгд Найрамдах намаас сонгогдсон билээ.

2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шрайвер Обамад саналаа өгсөн бол түүний нөхөр Жон МакКейны төлөө саналаа өгч байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top