Монгол бүсгүйчүүдийг гейша хэмээн Израильд заржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

 БНСУ-д хэдэн жил ажиллаж, амьдарч байсны хувьд тэндхийн ард түмний аж амьдралыг жаахан гадарлахтайгаа болсон билээ. Тэнд хамт ажиллаж байсан монголчуудаас одоо хүртэл буюу тав, зургаан жилийн турш эх орондоо нэг ч удаа ирээгүй хүмүүс ч байдаг. Харин саяхны нэг өдөр БНСУ-ын Юнин хотод байдаг нэг найз минь утастаж, сонин дуулгав. Тэрбээр Сувон хотын Сувон метроны буудлын баруун талд замын цаана байх “Ягааны гудамжинд” нэг монгол бүсгүйтэй таарсан тухайгаа сонин болгон ярилаа. Тэр бол зүгээр нэг гудамж биш гэдгийг уншигчид минь зөвөөр ойлгоорой. “Ягааны гудамж” гэгч нь биеэ үнэлэгч бүсгүйчүүд шилэн хананы цаана олны нүдэн дээр сууж, үйлчлүүлэгч эрчүүдийг урин даллаж байдаг тийм нэгэн онцгой гудамж. Учир нь БНСУ-д биеэ үнэлэх нь хууль ёсны болчихсон. Танил маань тийм бүсгүйчүүдийн нэгийг монгол гэдгийг нь олоод мэдчихэж. Энэ юу хэлээд байна вэ гэхээр харь орон руу сайхан амьдрал хайн одсон бүсгүйчүүд маань хүний наймааны золиос болдог нь ердийн үзэгдэл болжээ гэсэн үг. Бид ч дөжирчихөж.

Саяхан даа, 2005 оны 12 дугаар сард Израилийн цагдаагийнхан 46 настай Дан Тибет гэгчийг монгол бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлсэн хэргээр баривчилсан. Дан Тибет нь загвар өмсөгчдийн төлөөлөгч хийдэг байсан бөгөөд монгол хүүхнүүдийг Японы гейша хэмээн танилцуулж, үйлчлүүлэгч нартаа зардаг байжээ. Израилийн хэвлэлд түүнийг зар сурталчилгааны агентлагт ажилладаг Монголын Туяа хэмээх гоо сайхны хатан хааны бие төлөөлөгч гэж мэдээлсэн байна. Дан Тибет биеэ үнэлэгчдийг зуучилж, зарсан хэргээр ял авсан юм. Гэхдээ тус улсын цагдаагийн газар эдүгээг хүртэл “Монгол-Тель-Авив” нэртэй тусгай ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тэд  Дан Тибетийн агентлагаас гадна загварын клуб нэрийн дор Тель-Авивийн элит хороололд хууль бус ажиллагаа эрхэлдэг өөр нэгэн компанийг баримтаар баталгаажуулан, илрүүлжээ. Цагдаагийн нууц ажилтнууд «бүрэн хэмжээний үйлчилгээ»-ний цагийн 500 долларын хөлсийг зөвшөөрсөн хариу өгөхөд хоёр бүсгүй болон зуучлагч нар ирсэн аж. Тэднийг баривчлан шалгахад бүсгүйчүүд нь Монгол Улсын иргэд байжээ. Өрнөдийн орнуудад гейша нар ихэд үнэ хүрдэг бөгөөд тэдэнтэй ганц цагийг өнгөрүүлэхийн тулд 250 америк доллар төлдөг аж. Баян үйлчлүүлэгчид монгол охидыг Японы гейша хэмээн андуурдаг юм байна. Израилийн цагаачлалын албаны цагдаагийнхан сонинд нийтлэгдсэн Японы гейша нартай танилцуулна гэсэн зард анхаарлаа хандуулснаар дээрх хэрэг илэрсэн байна. Үүний„зэрэгцээ урд хөршийн Эрээнээс авахуулаад Бээжин, цаашилбал Хонгконгт хүртэл монгол бүсгүйчүүд биеэ үнэлэх нь бараг хэвийн үзэгдэл болсон нь үнэхээр харамсалтай.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top