Рецедивүүдтэй хоригдсон ОУВС-гийн захирал амиа хорлож ч магадгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн гүйцэтгэх захирал Доминик Штраусс Каны хүчингийн хэрэг дэлхий дахиныг шуугиулж байна. АНУ-ын хууль сахиулагчид түүнийг амиа хорлохоос сэргийлэн, бүхий л арга хэмжээг авч эхэлжээ. “Rikers Island” шоронгийн харгалзагчид түүний үйлдэл бүрийг маш ойроос хянаж байгаа аж. Доминик Штраусс Кан үйлдсэн хэрэгтээ зохих хариуцлагыг хүлээх ёстой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа гэнэ. Ямартай ч түүнийг эмчийн үзлэгээр оруулсан бөгөөд сэтгэл зүйн хувьд сайн байгаа гэж эмч нар мэдэгдэв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОУВС-гийн гүйцэтгэх захирлын байр суурь хэдийнэ ганхаж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Учир нь ОУВС-гийн ажилтнууд болон Европын улс орнуудын эрх баригчид түүнд хуулийн дагуу ял ногдуулах нь зүйтэй гэж мэдэгджээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Францын эрх баригчид ч мөн адил Доминик Штраусс Каныг зохих шийтгэлээ эдлэх ёстой гэсэн байна. Харин АНУ-ын Сангийн сайд Тимоти Жейтнер “Доминик Штраусс Кан баривчлагдсан нь түүнийг энэ үүрэгт ажлаа хийх боломжгүйг харууллаа” гэжээ. Дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд ОУВС-гийн тэргүүнд 10 гаруй хүний нэрийг дэвшүүлсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Дашрамд дурдахад Доминик Штраусс Каны хоригдож байгаа Нью-Йоркийн “Rikers Island” шоронд хамгийн хүнд гэмт хэрэгтнүүд хоригддог. Тэгэхээр түүнийг тун хүнд амьдрал хүлээж байна гэсэн үг юм. Доминик Штраусс Кан цагтаа попын хаан Майкл Жексоныг өмгөөлж байсан нэрт өмгөөлөгч Бенжамин Брафманыг хөлслөн авсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top