АНУ-ын найруулагч Терренс Маликийн "Амьдралын мод" Каннын наадмын тэргүүн дээд шагнал "Алтан далдуу модны мөчир" хүртлээ. Брэд Пит, Шон Пенн нарын тоглосон уг кинонд 1950-иад оны амьдралыг өгүүлэх бөгөөд гол өгүүлэмж нь амьдралын үнэ цэнийн тухай аж. "Амьдралын мод" өдгөө 67 настай Т.Маликийн 40 жилийн хугацаанд найруулсан тав дахь бүрэн хэмжээний кино бөгөөд Каннын кино наадамд өрсөлдсөн анхны бүтээл нь юм. Олны өмнө гарах дургүй, нуугдмал гэгддэг тэрбээр шилдгийн шагналаа биеэр гардаагүй бөгөөд киноны продюсеруудын нэг Билл Полад шагналыг гарджээ.
64 дэх удаагийн Каннын кино наадмын шүүгчдийн багийг Америкийн нэрт жүжигчин Роберт Ди Неро ахласан юм. Тэрбээр өөрийнх нь ахлах шүүгчээр ажилласан жил нутаг нэгтнүүд нь амжилттай байгаад баярлаж буйгаа илэрхийлжээ. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Лос-Анжелест үйл явдал нь өрнөдөг, франц киночдын "Уран бүтээлч" хэмээх дуугүй кинонд гол дүр бүтээсэн Францын жүжигчин Жан Дюжарден хүртсэн бол шилдэг эмэгтэй жүжигчнээр Америкийн жүжигчин Кирстен Данст найруулагч ЛарсФон Триерийн "Меланхолия" киноны дүрээр шалгарчээ. Харин шагнал гардуулах ёслолд Фон Триер оролцоогүй аж. Тэрбээр ёслолын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө нацист хэмээсэн нь наадмын зохион байгуулагчдыг эгдүүцүүлсэн бололтой, түүнийг ёслолд оролцохгүй байхыг хүссэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )