“Эрхэт Монгол” групп уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

"Эрхэт Монгол" группын харьяа “Их Шижир Баялаг” ХХК олон жилийн туршлагатай “Нисээч Интернэйшнл” ХХК-тай уул уурхайн хүнд даацын машин, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, эхний ээлжийн техникүүдээ хүлээн авлаа.

Энэхүү удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээг батлах, эхний ээлжийн машин, механизмыг хүлээн авах ёслол Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "Coal Mongolia 2018" чуулга уулзалтын үеэр болж, "Эрхэт Монгол" группын Уул уурхай хариуцсан дэд захирал бөгөөд "Их Шижир Баялаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбадрах, "Нисээч Интернейшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Усанболор нар оролцов.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Их Шижир Баялаг" ХХК эхний ээлжинд 60 тонны даацтай МТ86 маркийн өөрөө өргөгч дамп машин найм, 4.3 куб метрийн шанагатай 970Е маркийн экскаватор нэг, CLG8128H маркийн ковш нэг ширхэг зэрэг нийт 4.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий машин, механизмыг хүлээн авлаа. "Эрхэт Монгол" групп дараагийн ээлжинд 4.3 куб метрийн шанагатай экскаватор хоёр, 60 тонны даацтай МТ86 маркийн өөрөө өргөгч дамп машин хорин ширхэгийг худалдан авах юм.


 “Эрхэт Монгол” групп нь 2010 оноос уул уурхайн салбарт нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 оноос "Таван толгой" ХК-д хөрс хуулалтын операторын үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор тус компани хөрс хуулалтын ажлын хэмжээгээрээ "Таван толгой" ХК-ийн уурхайд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй юм.

“Нисээч Интернэйшнл” ХХК нь 2003 оноос эхлэн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд даацын машин, механизмын худалдаа, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулсан туршлагатай импортлогчдын нэг билээ.

Б.Азаа

zindaa.mn

Top