АТГ | Оршин суух тодорхой хаяггүй, орон гэргүй болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүллээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглан, бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тодруулбал, Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар нь бүлэглэн, тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт оршин суух тодорхой хаяггүй, орон гэргүй, тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авчээ.

Улмаар улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглан, цахим интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч, холбогдох мэдээллийг өөрчилж, засварласан байна.

Мөн гэмт хэргийн замаар олсон мөнгө, хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан, түүнээс бий болсон ашиг, үр шимийг урт хугацаанд хүртэж байжээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд дээрх этгээдүүдэд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг гаргаж өгч, албан үүргийнхээ дагуу хийх ёсгүй үйлдэл хийсний хариуд удаа дараа хахууль авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ийнхүү зохион байгуулалттай бүлэглэн мөнгө угаасан болон албан тушаалтнууд хахууль авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top