”Дойче Банк” моргейжийн хэргээр шалгагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Таван толгойн ордыг хариуцаж “Эрдэнэс-Таван Толгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах ажлыг зохион байгуулахаар болсон Германы “Дойче Банк” болон АНУ-ын “Голдман Сакс” банкны талаарх таагүй мэдээлэл тасрахгүй нь бололтой. “Блумберг” агентлагийн мэдээлснээр “Дойче Банк”, “USB AG” болон “JPMorgan Chase & Со” банкууд моргейжийн аюулгүй байдлын хэргээр шалгагдаж эхлээд байгаа гэнэ. Нью-Йорк хотын ерөнхий хуульч Эрик Шнайдерман энэ хэргийг мөрдөж байгаа юм байна. Цаашид   мөрдөн   байцаалт улам эрчимжих аж. Ноён Эрик Шнайдерман  эдгээр банкуудыг моргейж буюу хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацааны зээл олгохдоо хэрэглэгчдийг хохироосон гэж үзжээ. “Дойче Банк” тэргүүтэй банкууд зээлийн аюулгүй байдалд анхаарал тавилгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь маш их хохирол дагуулсан гэж “Уолл Стрит Жоурнал” мэдэгдсэн байна. Германы хамгийн том банк болох “Дойче Банк”-ны Ерөнхийлөгч Йозеф Акерман одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Дашрамд дурдахад, “Дойче Банк”-ны хууль бус үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл их гарах болсон нь тус банкны хувьцааны ханшид муугаар нөлөөлж эхэлжээ. Энэ оны тавдугаар сарын 25-ны лхагва гарагт ч “Дойче Банк”-ны хувьцааны ханш 0.7 хувиар унасан талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu