БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир лхагва гарагт Хятадын нийслэлд хүрэлцэн ирж, тус улсын төрийн тэргүүн Ху Жинтаотай уулзан эдийн засгийн хамтын ажиллагаа болон Пхеньянд үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцжээ. Энэ удаагийн айлчлал нь Умард Солонгос дахь хүнсний хангамжийн байдалд үнэлэлт өгөх зорилгоор АНУ-ын төлөөлөгчид Пхеньянд ирсэн үетэй давхцаж байгаа юм. Энэ тухай Ким Чен Ирийн айлчлалыг сурвалжлах эрхийг авсан цорын ганц хэвлэл болох Бээжинд хэвлэгддэг " Глобал таймс" сонинд бичжээ.
Хятадын Ардын Хурлын ордонд болсон хоёр орны удирдагчдын уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг сэргээх явдал байсан гэж шинжээчид үзэж байна. Уг хэлэлцээг сэргээхгүйгээр Умард Солонгосын тал Барууны орнуудаас тусламж авах боломжгүй болоод байгаа юм.
Ким Чен Ирийн хуягласан галт тэрэг Хятадын нутаг дэвсгэрээр аялахдаа нийтдээ 3 мянга орчим км газрыг туулжээ. Умардын төлөөлөгчид Зянсу мужийн төв Нанкин хотод зочилсон ба уг хотод Ким Чен Ирийн ирж буйг харуулсан гэрэл зураг болон дүрс бичлэгийг интернетэд байрлуулсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )