Байнга гэрлэдэг эр 100 хүүхдийн эцэг болохоо амлажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн 63 настай Даад Мухаммед Аль Балуши доод тал нь 100 хүүхэдтэй болох зорилгыг өөртөө тавьжээ. Одоо тэрбээр хууль ёсны 17 эхнэрээс гарсан 60 хүү, 30 охинтой юм. Хэдийнээ 50 ачтай өвөө болсон Аль Башу хоёр долоо хоногийн дараа 18 дахь удаагаа гэрлэх гэж байгаа гэнэ. Дээд амжилтын эзний гурван эхнэрийнх нь хоёр нь ирэх сард ээлжит өв залгамжлагчийг нь төрүүлэх гэж байгаа ажээ. Тэрбээр хуучин болон одоогийн эхнэр бүрдээ байшин, гэрийн үйлчлэгч, автомашин авч өгсөн бөгөөд 19 настай байхдаа анхны эхнэртэйгээ гэрлэсэн байна. Аль Башу шариатын хуулийн дагуу дөрвөөс дээш эхнэртэй байхыг зөвшөөрдөггүй явдалд одоог хүртэл сэтгэл дундуур явдаг гэнэ. Хэрэв зөвшөөрдөг байсан бол зуун хүүхэдтэй болох мөрөөдөл нь хэдийнээ биелсэн байх биз ээ.Олон хүүхдийн эцэг тэрбээр ээлжит гэрлэлтээ батлуулсныхаа дараа Энэтхэг рүү явж хуучирсан хиймэл хөлөө солилуулах аж. Тэрбээр хэдэн жилийн өмнө автомашины осолд орж хөлгүй болжээ. Харин Даад Мухаммед Энэтхэгээс ирэхдээ шинэ сүйт бүсгүй дагуулан ирнэ гэдэгт түүний найзуудынх нь хэн нь ч эргэлзэхгүй байгаа гэнэ. Учир нь тэр Филлипин, Марокко зэрэг дэлхийн янз бүрийн орнуудаас эхнэрээ сонгон бараг байнга л гэрлэж, гэр бүлээ цуцлуулж байдаг ажээ.

Харин Арабын нэгдсэн Эмират Улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Даад Мухаммед улсынхаа Ерөнхийлөгч болон төрсөн нутгийнхаа захирагчид 100 хүүхдийн эцэг болохоо амласан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top