Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Zindaa.mn сайт Ерөнхий сайдын айлчлалыг газар дээрээс нь шуурхай мэдээлж байсан билээ. Харин Монгол Улсын парламентын хувьд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурсан албан бичгээ түүнд өгсөн долоо хоног өнгөрч байна. Эдгээр гишүүд УИХ-ын даргыг огцортол чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгсэн тул Төрийн ордонд ямар нэгэн хурал болсонгүй. М.Энхболд дарга хуулийн хүрээнд огцрох үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байгаа бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Түүнчлэн Ерөнхий сайдыг эзгүй хойгуур Засгийн газрын хуралдаан болж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зурав

Энэ долоо хоногийн пүрэв гарагт /2018.12.13/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан УИХ-ын гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг албан бичигт одоогоор 38 гишүүн гарын үсгээ зураад байгаа бөгөөд томилолтоор ажиллаж байгаа зарим гишүүн зурж амжаагүй ч УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь М.Энхболдтой ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлж байгааг дээрх гишүүд хэлж байсан юм.
АЛБАН БИЧИГ
УИХ-ын дарга М.Энхболд танаа 2018.12.13 дугаар 13741, Шаардлага тавих тухай:
УИХ-ын дарга М.Энхболд та УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзэж байгаа тул Улсын их хурлын тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Уг хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд бид УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ үүгээр уламжилж байна. Үүнээс үүсч болох аливаа эрсдэл сөрөг үр дагаварыг та хариуцах болно гэдгийг мэдэгдье.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
УИХ-ын гишүүн Х.Баделхан
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Б.Батзориг
УИХ-ын гишүүн О.Батнасан
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
УИХ-ын гишүүн Л.Болд
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
УИХ-ын гишүүн С.Жавхлан
УИХ-ын гишүүн Г.Занданшатар
УИХ-ын гишүүн Д.Мурат
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
УИХ-ын гишүүн Г.Солтан
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
УИХ-ын гишүүн А.Сүхбат
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
УИХ-ын гишүүн Ч.Улаан
УИХ-ын гишүүн Н.Учрал
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн С.Чинзориг
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
УИХ-ын гишүүн Л.Энхболд
УИХ-ын гишүүн Н.Энхболд
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
***
АЙЛЧЛАЛЫН ТОЙМ | Хэлэлцээ + Түншлэлийн ахиц + Хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айчлалаа 2018.12.12-15 өдрүүдэд үргэлжлүүлэв. Ерөнхий сайд 2018.12.12-нд Токио хотод газардсан бөгөөд айлчлалын эхэнд Монгол-Японы төр хувийн хэвшлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн удирдлагуудтай уулзсан. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхах үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Токио хотод худалдааны төлөөлөгчийн газар нээхээр тохиролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай 2018.12.13-ны дүрэв гарагт уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн. Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад хийсэн айлчлалынхаа талаар “Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай Монгол, Японы харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол,спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж, удахгүй нээлтээ хийх гэж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын үед ашиглалтад оруулахаар тохиролцлоо. Яриа хэлэлцээний дүнд Ерөнхий сайд нарын Хамтарсан мэдэгдэл, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн танилцуулга гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Японы бизнес форум болж, хоёр улсын бизнес, хувийн хэвшлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлснийг сайшаахын хамт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэе.
Манай улсын стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай бид цаашид ч харилцаа, хамтын ажиллагаагаа манай хоёр улсын язгуур эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно” гэсэн юм.
***
ЧУУЛГАН: Ирц бүрдэггүй чуулганыг М.Энхболд дарга удирдахгүй гэв

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы энэ долоо хоногийн хуваарьт хуралдаанууд ирц бүрдээгүй шалтгаанаар гурав дахь долоо хоногтоо хойшиллоо.
Ийнхүү чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд "Би хууль ёсоор УИХ-ын даргад сонгогдсон. Миний зүгээс энэ ажил албан тушаалыг өгөхгүй гээд зууралдаад байх зүйл байхгүй. Гэхдээ би бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос тодорхой чиглэл гаргах байх. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос дүгнэлт гартал чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байх шийдвэр гаргаж байна" гэв.
***
АН-ынхан Л.Болд гишүүнийг ”ЯВУУЛАХГҮЙ”

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох эрсдэл үүсээд байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй хэмээн кноп дарж, намынхаа шийдвэрийн эсрэг зогссоноос улбаалан тус намын удирдлагууд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлээд байв. Эл шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ, намаасаа гарах хүсэлтээ намынхаа удирдлагуудад өгөөд байсан юм.
Тэгвэл Л.Болд гишүүний АН-аас гарах хүсэлтийн хариуд АН-ын нарийн бичгийн дарга Ш.Пүрэвдорж тайлбар хийж, УИХ-ын гишүүн Л.Болд нь АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээн, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, АН-ыг мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсний дараа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ дахин гаргах хэрэгтэй" гэж мэдэгдээд байна.
***
Сангийн дэд сайд Х.Булгантуяа ”Дэлхийн шилдэг залуу манлайлагч”-аар шалгарлаа

НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар шалгарсан сайхан мэдээллийг энэ долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Аполитикаас ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтыг танилцуулжээ. Ингэхдээ Засгийн газрын хамгийн нөлөө бүхий залуучуудын дунд судалгаа явуулж, шинжлэх ухаан, тэргүүлэх байгууллагуудын хэдэн зуун нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Тодруулбал, АНУ-ын Конгрессын гишүүн ELISE STEFANIK зэрэг олон улсын нэр нөлөө бүхий эрхмүүд жагсжээ. Улмаар олон улсын түвшинд нөлөө бүхий, бодлого боловсруулагчдын төвд байдаг, олонд алдартай, улс орныхоо нүүр царай болсон залуучуудыг шалгаруулахад 2018 оны судалгаагаар Монгол орныг төлөөлж НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар тодорсон байна.
***
Ерөнхий сайдын эзгүйд Засгийн хуралдаан боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсад албан айлчлал хийж байхад Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс Шадар сайд Ө.Энхтүвшингөөр удирдуулан Засгийн газрын ээлжит хуралдаан болсон юм.
Лхагва гарагт /2018.12.12/ болсон тус хуралдаанаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийн явцтай танилцсан. Ингээд Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ. Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
***
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ”цензургүй” хэлсэн ОНЦЛОХ ҮГС

-Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцсон юм уу. ГОК-ийн хажуу дахь "Эрдмин", "Ачит эх" гэх хоёр компани Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрынх. "Эрдэнэт"-ийг идсэн, ядаж овоолсон шороог нь ард түмэнд өгчих л дөө.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газар Ц.Элбэгдоржийн заавраар л ажилладаг байсан.
-Ц.Элбэгдорж өөрөө найман жил, залгуулаад М.Энхболдыг найман жил хаанаар өргөмжлөхөөр төлөвлөж, түүнийх нь эсрэг өрвөлзсөн хүмүүсийг хонгил руугаа хийгээд, хаанчилна гэж тооцоолсон. М.Энхболдыг гаргах гэж яаж улайрав. Ард түмний буян заяа түшиж, М.Энхболд Ерөнхийлөгч болоогүй. Энэ төлөвлөгөөнд нь саад болох хүн нь Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр байсан. Бусад нь зүгээр л тогоомын хүүхэлдэй.
-Шударга бусын хонгилд улстөрчдөөс гадна бизнесмэнүүд өртдөг. Мөнгөтэй хүмүүсийг шоронд хийгээд, хамаг хөрөнгийг нь сэгсрээд гаргадаг байсан.
-Энх тайван цагт яагаад ийм олон генерал төрөөд байгаа юм бэ. Шударга бусын хонгил руу хэдэн хүн аваачиж хийснээрээ генерал болдог байсан. Хонгилын хаалга нээж өгсөн Н.Ганболд генерал, дагалдан нь Донжчинбуу генерал, Б.Хурц генерал гэх мэт.
-Одоо эргээд бодох нь ээ, би тултал нь тэмцэж чадаагүй байна. "Цагаан суварга", "Дубай"-н гэрээ гээд одоо гоншгоноод байгаа чинь тултал тэмцэж чадаагүй нь л гай.
-Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн. Тэр хэтрэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шинэчлэлийн Засгийн газрыг Ц.Элбэгдорж огцруулсан.
-Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд нэг яриа болсон юм. Н.Алтанхуягаа чи бусад ажлаа хий, би "Эрдэнэт"-ийг хариуцъя гэж хэлсэн.
-Ц.Элбэгдорж гурван сар сул байсан АТГ-ын даргын албан тушаалд шинэ УИХ тангараг өргөмөгц яаравчлан санал оруулж, Х.Энхжаргалыг дөрвөн хоногийн дотор томилуулсан. Х.Энхжаргал нь "Аархал"-д яагаад багтсаныгаа, М.Энхболд яагаад "Аархал" уулзалтад Х.Энхжаргалыг оруулсныгаа аль, аль нь тайлбарласан.
-"Шударга бусын хонгил" нурах дөхөж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад шударга бусын хонгил ажиллаж, Л.Гансүхийг хэрэгт холбосон. Энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг онилсон.
-Монгол Улс цаашид хөгжихийн тулд "Шударга бусын хонгил"-ыг нураах шаардлагатай. Энэ хонгилоос Монгол Улсын хямрал эхэлсэн. Харин Ц.Элбэгдорж, М.Энхболд болон тэднийг тойрон хүрээлэгч нарт маш их давуу талыг бий болгосон. Монголын газрын доорх баялгийг цөөн хүнд аваачсан. Тиймээс энэ хонгилыг устгах ёстой.
-АТГ яагаад Ц.Элбэгдорж, М.Энхболд нарыг шалгахгүй байна вэ?
***
Ерөнхийлөгч: Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногийн эхэнд /2018.12.10/ Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.
Албан бичигт: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд хандан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн. Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэсэн байв.
***
Хотын дарга С.Батболд ажлаа өглөө
Хотын дарга С.Батболд даваа гарагт /2018.12.10/ албан тушаалаасаа огцорч, ажлаа хүлээлгэж өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн байсан бол өнөөдөр тэрбээр захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр хотын дарга С.Батболд дөнгөж сая албан тушаалаасаа албан ёсоор бууж, хотын орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэж өгөөд байна. Хотын дараагийн дарга тодортол Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
МУГЗ сэтгүүлч ЖАМЬЯН гуайдаа их баярлалаа,төрд шургалсан хогын юмнуудын гэмт үйлдлийг ямарч нэмэлт хачиргүй чин үнэнээр нь ил тод гаргаж бичсэнийг уншлаа,М.Энхболд гэдэг чинь төрсөн нь үнэн,үхэх нь үнэн бусад нь цөм худлаа ёстой хогын новш байна,ийм этгээдийг ямар ч тайлбаргүйгээр төрөөс зайлуулаж хорьж шалгаад шоронд нь явуулах хэрэгтэй,араас нь С.Баяр,Мөнхоргил мэтийн юмнуудыг явуулаж төрөө цэвэрлэх цаг болж,ЗГ Хүрэлсүхээ ард нийтээрээ дэмжин хүрээлэж шудрага ёс тогтоох,хуулиа дээдлэх ажилд хоёргүй сэтгэлээр орцгооё