НОМЫН ХЭСГЭЭС: Дуурайвал арлын бяцхан Японыг дуурайцгаая

2018 оны 12 сарын 20

 

Уул уултайгаа уулздаггүй

Улс улстайгаа уулздаг

Перс ардын мэргэн үг

ЯПОНЫГ ДУУРАЙХЫН УЧИР

Би Япон судлаач биш. Гагцхүү сэтгүүлч хүний сониуч зангаар харсан ажигласан зүйлээсээ ойр зуурыг бололцооныхоо хэрээр бичиж тэмдэглэж явдаг нэгэн. Япон Улсад албан томилолтын явцуу давчуухан хугацаагаар ганц хоёрхон удаа очиж өнгөцхөн харсан. Бага дунд сургуульд байхаасаа “Монгол орныг түрэмгийлэн эзлэх гэж дайн дажин хийсэн, тэр дайнд аав минь явж байсан. Дайн хийх дуртай ямар хачин улс вэ” гэж гайхан сонирхож, олдсон тааралдсан ойр зуурын ном сонинг хэр хэмжээгээрээ уншиж, цуглуулж багш нар, дайнд оролцож явсан ахмад дайчдын яриаг сонсдог байлаа. Тэдний дотроос Улсын баатар Л.Дандар (1966.10 сар), манай сумын “Хув” Чимэд (1964.03 сар) нарын пионер сурагчидтай хийсэн уулзалт сонин яриа хөөрөө одоо ч сэтгэлд тодхон байдаг.

Харин сүүлийн дөчөөд жилд Японы жирийн иргэд, өндөр мэдлэг чадвартай, туршлагатай сайхан инженер мэргэжилтнүүд (УБТЗ-ын Замын аж ахуйг сэргээх төсөлд ажиллаж байсан), мөн Монгол, Японы төр засгийн өндөр албаны зарим хүний яриаг сонсож, ярилцлага хийж, тэдний ном бүтээлийг өнгөцхөн уншиж явсан. Тухайлбал, Монгол Улсын төрийн тэргүүн (Н.Багабанди, Н.Энхбаяр) нар Япон Улсад айлчилж Японы Цог жавхлант Эзэн хаан Акихитод бараалхсан хоёр удаагийн өндөр хэмжээний бараалхалтыг харж ажиглаж бахархан хүндэтгэх сэтгэгдэл төрж байв. Бас Япон Улсын Засгийн газрын дөрвөн (Т.Кайфу, Ж.Койзүми, Ш.Абэ нарын зэрэг) тэргүүний Монгол Улсад хийсэн айлчлал, тэднийг Монголын төр засгийн өндөр дээд албаны хүмүүс хүндэтгэн хүлээж авсан уулзалтыг сурвалжлах ажилд хэд хэдэн удаа оролцсон. Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ё.Хасуми, Ш.Кубота, М.Ханада, Я.Ичихаши Т.Шимизү нарын зэрэг зургаан Элчин сайд нартай биечлэн уулзаж заримаас нь ярилцлага авч, түүнчлэн Монгол Улсаас Япон Улсад сууж байсан Элчин сайд нар болох С.Хүрэлбаатар, Р.Жигжид нартай уулзаж яриа хөөрөөг нь сонсож байсан удаа бий. Бас болоогүй Японы түүх соёл, зан заншил, газар нутаг, өнөөгийн өндөр хөгжлийн учир, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналын талаар “Миний мэддэггүй, мэдэхийг хүсдэг Япон орон” (2006 он), “Хөгшин Европоос хөх арлын оронд” (2007 он) зэрэг ном, цөөнгүй өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл бичиж байлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын “Монгол-Японы хооронд диполмат харилцаа тогтоосны 35 жилийн ой, “Монгол дахь Японы жил”-ийг зохион байгуулах Үндэсний хороо, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны захиалгаар “Миний мэдэхийг хүсдэг Япон орон” (2007 он) ном бичсэн. Энэхүү номд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч ялангуяа Гадаад хэргийн яамны Газрын дарга С.Хүрэлбаатар (Элчин сайд) зөвлөж ихээхэн дэмжсэнд одоо ч талархаж явдаг юм.

Ер нь монгол, япон хүмүүс барагцаалбал мянга гаруй жилийн (Түүнээс ч цааш байж мэднэ) тэртээгээс бие биенээ мэдэж, зохих хэмжээнд харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэж байсан бололтой юм билээ. Энэ бүхнээс улбаалан Япон бол өвөрмөц сонин, гайхамшгийн орон болохыг ойлгосон. Тэр алгын чинээхэн газар нутаг дээр 130 гаруй сая хүн яагаад баян чинээлэг, амгалан тайван, сайхан амьдарч байна. Ийм ард түмнийг бахархаж, судлаж дуурайхаас өөр аргагүй мэт санагддаг. Харин Монгол Улс хоёр сая шахам ам километр нутаг дэвсгэртэй, гуравхан сая орчим хүн амтай. Байглийн асар их баялагтай, нэг хүн амд ногдох малын тоогоороо дэлхийд дээгүүр ордог энэ баян орны ард түмэн яагаад ядуу зүдүүгийн туйлд ядарч зүдэрч зовж тарчилж явна вэ. Энэ хэний буруу вэ?

Миний ойлгож ухаарснаар япончууд бол үзэл бодолдоо үнэнч, ихэс дээдэс, ахмад үе, ёс төр, зан заншил, түүхэн уламжлалаа эрхэмлэж бурханчлан шүтдэг. Бие биенээ хүндэтгэн дээдлэх хүн чанар өндөр. Төр, засгийн бодлого нь зөв тууштай, өндөр албанд томилох, сонгох хүнээ онож сонгож томилдог. Тэд нар нь ч төр түмнийхээ итгэлийг дээдэлж, эрхэлсэн ажлынхаа төлөө зүтгэж, үнэнч шударга ажилладаг. Чадаагүй юм уу, жаахан төдий алдаа гаргасан бол шууд огцордог. Улс төрийн өндөр соёлтой хүмүүс. Жишээ нь Шинзо Абэ гэхэд 2006 оны сүүлчээр Японы Ерөнхий сайдаар томилогдож нэг жилийн дараа буюу 2007 оны арван хоёрдугаар сард огцорч, таван жилийн дараа 2012 оны эцсээр дахин Ерөнхий сайдаар томилогдсон. Гарч ирэхдээ эрмэг зоримог дайчин ажил хэрэгч хөтөлбөр (“Хүчирхэг Япон Улсыг байгуулна”, “Абэномикс”, “Абэдоктрин” гэх мэт) боловсруулж (Яг л манай У.Хүрэлсүх, Ерөнхий сайд болохдоо УИХ дээр хэлсэн үг шиг) Парламентдаа илтгэж байсан. Шинзо Абэ өнөөдөр жинхэнэ эрч хүчтэй, дайчин улс төрч болохоо харуулж  дэвшүүлсэн зорилт хөтөлбөрөө нэр төртэй биелүүлж байна. Зөвхөн нэг баримт хэлэхэд “Японы Өөрийгөө хамгаалах хүчнийг өргөтгөн  өөрчилж Үндэсний Батлан хамгаалах Яамтай болно” гэж мэдэгдсэн. Энэ бол АНУ-ын 1947 онд “хийж өгсөн” Үндсэн хуулийг өөрчлөх нэлээд амаргүй даваа байсан байх. Амалсандаа хүрсэн, биелүүлсэн. Японы Үндэсний батлан хамгаалах яам байгуулагдаж бүр олон улсад цэргийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болоод явж байна. Үүнийг өнөөгийн Японд миллитаризм толгойгоо өндийлгөж байна гэж үзэж яавч болохгүй байх.

Япон бол бусад улс орныг даган дуурайж туйлширдаггүй. Аль нэг орны ололт, туршлагыг хэрэглэхээр бол сайн талтай, үр ашигтай, хэрэгтэй гэж үзсэн зүйлийнхээ утга учир, ач холбогдол бас сөрөг талыг нарийн нягт, судласны дараа хэрэгжүүлдэг. Онцлог нь “тэр орны тийм зүйлийг япончууд авч хэрэглэсэн байна” гэхийн аргагүй болтол өөрийн болгож нутагшуулдаг. Өнгөрсөн зууны хорь гучаад оны аж үйлдвэрийн хувьсгал, дайны дараах сэргээн босголтын хүнд хэцүүг даван туулж өнөөгийн хөгжлийн өндөрлөгт хүрэх замдаа Зөвлөлтийн эдийн засгийн шинэ бодлого, төлөвлөгөөт эдийн засгийн онол, практик туршлагыг гүнзгий судлаж бүтээлчээр хэрэгжүүлсэн байдаг. Тэр бүхнийг судалж, өөрийн онцлогт нийцүүлэн онол боловсруулж нутагшуулсан эрдэмтэн нь Тачабана гэдэг эдийн засагч байсан гэдэг. Ер нь Англи, Герман, Франц зэрэг орны шинжлэх ухаан, технологийн ололт, хөгжил дэвшил, туршлагыг бүр XYIII, XIX зууны үеэс дээрхийн адил судлаж бүтээлчээр хэрэгжүүлж “үүлдэр угсааг” нь улам сайжруулж ирсэн бололтой юм билээ.

Япончуудын туйлын ажилсаг нягт нямбай, тооцоо судлагаатай ханддаг чанар нь юун “Долоо хэмжиж нэг огтлох” бүр “Ес арав хэмжиж нэг огтолдог байх” гэхээр. Миний ойлголтоор манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өндөр төвшинд байх боломж бүрэн бий. Чухамдаа геополитикийн хувьд манай улстай шууд хиллэдэггүй, гуравдагч хөршийн харилцаатай байдаг, ард түмний зан заншил, шашин шүтлэг гээд ойролцоо төстэй талууд, өвөрмөц онцлог бүхий олон талын ач холбогдол бий. Учир иймд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь чухал. Манайхыг зах зээлийн харилцаанд шилжиж ядаж яваа сүүлийн гучаад жилд хамгийн их туслаж байгаа, бас хамгийн их зээл өгч, хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа цорын ганц орон бол Япон. Бусад орнууд дэмжиж тусладаг ч Японы хаана нь ч үгүй байх. Тэд хоосон амлаж, улс төрийн болоод бизнесийн ашиг сонирхолоо урьтал болгохоос хэтэрдэггүйг өнгөрсөн хугацаа харууллаа. Тэгээд ч улс орноо нэг их бодоод шаналаад байдаггүй, хамаг байдгаа тив алгассан хэсүүлчид, үндэстэн дамжсан луйварчдад тавиад туучихдаг, харин өөрсдөө шанд нь тэрбумтан болдог манай сайд дарга нарт энэ орноос ичих бас үлгэр жишээ авах асар их туршлага байх шиг санагддаг. Жинхэнэ дуураймаар...

Өргөн уудам нутаг, байгалийн асар их баялагтай манай орон, шинжлэх ухаан техник технологийн өндөр хөгжилтэй Япон хоёр, бие биенийхээ дутууг нөхөх өргөн боломж давуу тал байна. Тэгэхээр хамгийн гол нь манай бусдыг дуурайж далдаганах дур тачаалтай, Төр засгийн эрхэм дээдсүүд, сайд дарга, түшмэдүүд юуны өмнө япончуудын улс төрийн өндөр соёлыг дуурайж далдаганаасай. Ядахдаа ажлаа хийж чадахгүй унагасан, шуналын микровт идэгдсэн, хулгай луйврын хэрэгт холбогдсон сайд дарга нар элдвийг гонгинолгүй огцордог зайгаа тавьж өгдөг байгаасай, улс төрийн жаахан ч гэсэн соёлтой болоосой гэж хүсэхдээ “Бусдыг дуурайж далдаганах дуртай бол” япончуудыг дуурайгаа ч гэж хэлж байгаа юм.

Ташрамд өмнө нь номд ороогүй, зөвхөн сонинд нйитлэгдсэн Японы “Японы Ерөнхий сайдын айлчлалд”, “Японы Ерөнхий сайдын айлчлалын дүнд” гэсэн хоёр нийтлэлээ энэхүү товхимолдоо багтаалаа.

                                                                                                                               2018.06.18.


1. Номын хэсгээс: “Өнөөгийн өнгө төрх”-ийн БОСГО ҮГ

2. НОМЫН ХЭСГЭЭС: Оюун санааны үнэт тэжээл үйлдвэрлэгчийн шинэ номын тухай цөөн үг

3. НОМЫН ХЭСГЭЭС: Хүн өөрт байгаа давуу талаа мэдэрч, ухаарч амьдрахын учир

4. НОМЫН ХЭСГЭЭС: Золиос

5. НОМЫН ХЭСГЭЭС: Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлаг!

6. НОМЫН ХЭСГЭЭС: Хорин таван жилийн дараа



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkhavasuren(156.0.213.26) 2018 оны 12 сарын 21

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
X(203.15.208.22) 2018 оны 12 сарын 20

Yaponiig duraihiin tuld yapon hun shig setgelgeetei baih yostoi. Mongolchuud bol baliar huvia hicheesen uchraas hezeech Yapon shig bolohgui.

0  |  0
Top