(Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ой тойрсон бодлын хэлхээ)
Мартах аргагүй ой. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, олон мянган уншигчид, үзэгчдийнхээ хамт Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглээд гуч гаруй хонож байна. Яг баярын өдөр манай ардчилсан төр, засаг арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж олон зуун сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ажилгүй болгосныг эс тооцвол 100 жилийн ойн сайхан болсон. “Санхүүгийн хувьд мөнхийн хомсдолд байдаг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн удирдлага чадах болохоороо зүтгэж 100 жилийнхээ ойг баярын хурлын илтгэлтэй, шагнал урамшил, медаль тэмдэгтэй, элдэв ном судартай, бас “Их тэнгэр” цогцолборт 100 граммгүй хүлээн авалттай ер нь юм юмтай л тэмдэглэлээ” хэмээн үзэг нэгт нөхөд маань ам сайтай байв. Их ойн цалгисан баяр хөөр намдаж, угтуулан өрнүүлсэн их ажлын ядаргаа тайлагдаж байгаа биз. Аливаа ойг тэмдэглэхэд цаана нь үр дүн, хариуцлага, зорилго, бодлого байдаг болохоор бид 100 жилийн ойгоо амархан мартах аргагүй. Шинэ зууныхаа ажилд ороод л явж байгаа байх.
Ой тэмдэглэж хурал хийх, шагнаж урамшуулах, одон медаль тараах нэг хэрэг. Харин туулсан замаа эргэн сайн харж сургамж авах, нухацтай дүгнэх, шинэ зуунд хийх ажил, хүрэх зорилтоо сайтар бодож, онож тодорхойлно гэдэг амин асуудал. Ой угтсан ажлын хүрээнд манай судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид 100 жилд туулсан замаа дүгнэн үзэж утга учиртай, углуурга чансаатай нийтлэлүүд ч бичлээ. Доктор профессор Т.Баасансүрэн, доктор профессор М.Зулькафиль, доктор, профессор Л.Норовсамбуу, ахмад сэтгүүлч зохиолч Х.Зандраабайдий, доктор Ж.Батбаатар, судлаач Ч.Чойсамба, залуу сэтгүүлч Э.Энэрэл, яруу найрагч Н.Гантулга гээд олон хүн санал бодлоо илэрхийлж, уншигчдын хүртээл болгов. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид тэр бүхнийг анхааралтай эргүүлж тойруулан харж, бодож болгооход илүүдэхгүй байх.
Бидний онцлог, түүхэн уламжлал. Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшил, ололт амжилт, төлөвшил нь XX зууны хориод оноос ерээд оныг хамаарч байх шиг санагддаг. Чухамдаа үүсч, зүг чигээ олж хөгжсөөр өнөөдөр хүрсэн үр дүн бүхний үндэс нь тэр л он жилүүдэд тавигдсан гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Үүнийг манай судлаачид ялангуяа сэтгүүл зүйн шүүмж судлаач доктор Т.Баасансүрэн нарын олон эрдэмтэд чамбай судалжээ. Тэд манай сэтгүүл зүйн үүсэл, үндэс, ололт амжилт нь Д.Бодоо, Ж.Цэвээн, Д.Сүхбаатар, С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Г.Дэлэг, Ц.Дамдинсүрэн, Өвгөөдэй Дамдинсүрэн, Б.Ринчэн, Ц.Намсрай нарын мөнхийн гавьяа хэмээн бараг нэгэн дуугаар онцлон дүгнэсэн байна. Тэдний араас Г.Жамц, Л.Түдэв, Х.Цэвлээ, Д.Нямаа, Ц.Дашдондов, С.Жамбалдорж, Г.Дамба, Б.Лигдэн, Ц.Балдорж, До.Чулуунбаатар, Д.Сарангэрэл нарын зүтгэлтнүүд зүй ёсоор орж таарна. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн үе үеийн, шат шатны ажилтан ажиллагсад, ахмадууд нэг үгээр хэлэхэд жирийн сэтгүүлчээс эхлээд үсэг өрөгч, хянагч гээд ер нь тугалга “долоож” үзсэн бүх хүнийг бахархан дурсахаас аргагүй. Тэдний ач буянаар манай сэтгүүл зүй өнөөгийн төвшинд хүрсэн. Нэг үгээр хэлэхэд мэргэжлийн сэтгүүл зүй болон хөгжиж Монголын онцлогтой үзэл баримтлал, практик онол, бүхэл бүтэн шинжлэх ухааны сургууль (школ) болж төлөвшсөн хэрэг. Тэгэхдээ манай сэтгүүл зүйн түүх, төлөвшил, хөгжлийн онцлог нь Нэгдүгээрт: Практик сэтгүүл зүй том жин дардаг. Энэ нь хөгжин өргөжиж өндөр боловсролтой, нарийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаж улмаар мэргэжлийн сэтгүүл зүй болж төлөвших үндэс болсон юм. Монголын мэргэжлийн сэтгүүл зүйг 1960-аад онтой холбон үздэг. Тавь гаруй жилийн өмнө үндэсний сэтгүүлч мэргэжилтнийг дотоод, гадаадад дөнгөж бэлтгэж эхэлж байсан бол өнөөдөр хорь гаруй их дээд сургууль сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг боллоо. Энэ бол тооны том хувьсал.
Харин манай сэтгүүл зүйн үндсийг тавьж хөгжүүлсэн Ж.Цэвээн, Д.Бодоо, С.Буяннэмэх, академич Ц.Дамдинсүрэн, Г.Дэлэг, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчэн, Ц.Дашням, Ц.Намсрай, Л.Түдэв нарын хүмүүсийн хэн нь ч гадаад дотоодын ямар нэг их дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөгүй, ерөөсөө төрөлхийн заяамал төрмөл сэтгүүлчид байжээ. Энэ цаг үед ч гэсэн арай жаахан чийртэй, уншвартай, тулхтай нийтлэл бичиж байгаа сэтгүүлч нийтлэлчид бараг цөмөөрөө өөр өөр мэргэжлийн чухамдаа практикийн сэтгүүлчид байгааг онцлон дурдмаар байна. Тэгэхээр сэтгүүлчийн ажил мэргэжил гэдэг хүнээс төрөлхийн авъяас, заяамал төрмөл чанарыг яах ч аргагүй шаарддаг аж. Хэн дуртай хүн жинхэнэ сэтгүүлч болж чаддаггүй, харин хэн ч сэтгүүлчийн үнэмлэх авч болдгийг өнөөгийн амьдрал харуулсаар. Энэ бол манай сэтгүүл зүйн нэг онцлог яах аргагүй мөн. Ингэж хэлснээрээ би мэргэжлийн сэтгүүлчдийн бүхэл бүтэн армийг үгүйсгэж байгаа хэрэг биш гэдгийг ажил мэргэжил нэгтэй нөхөд минь болгоох биз ээ. Хоёрдугаарт: Манай ихэнх сэтгүүлчид, нэртэй том зохиолчид байдаг бас нэг онцлог бий. Жишээ нь Ц.Дамдинсүрэн, Б.Ринчэн, Л.Түдэв, Ч.Чимэд, Д.Нямаа, Ш.Сүрэнжав, С.Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, До.Цэнджав, Д.Төрбат нарыг мундаг зохиолч, яруу найрагчдаас гадна том нийтлэлч сэтгүүлчид мөн гэхээс өөр яахав. “Нэг үе манай радио телевиз, “Үнэн”, “Залуучуудын үнэн” сонинуудад зохиолчид дүүрэн, бараг л зохиолчдын хороо шиг байсан. Зохиолчид зохиолоо л уянгалуулан бичнэ биз. Сэтгүүлчид зөвхөн мэдээ, сурвалжлагаа бичих учиртай. Зохиолч, сэтгүүлч хоёрын хийдэг, бичдэг ажил тэс өөр” хэмээн зохиолчдыг жаахан адалсан шинжтэй үг зарим судлаачийн амнаас унадаг. Энэ бол нэг их оносон шүүмжлэл биш. Чухамдаа мэргэжлийн явцуурал, нэг төрлийн туйлшрал. Харин ч манай зохиолчид хөрвөх чадвар сайтай, хос морьтой давхидаг. Тал бүрийн авъяастай хүмүүс болохыг баталсан баримт гэлтэй. Одоо ч зохиолчид Монголын сэтгүүл зүйг түшилцэж өргөлцсөөр явна. Гуравдугаарт: Зарим хүн “Сонин хэвлэл социализмын үед коммунист дэглэм, нэг намын үзэл суртлын зэвсэг болж байсан” гэж сүрхий бухимдан зүхдэг. Гэтэл яг тэр он жилүүдэд манай сэтгүүл зүй дүр төрхөө олж, боловсорч төлөвшсөн гэвэл арай шударга, бодитой дүгнэлт болно байх. Энэ бол Монголын сэтгүүл зүйн өөр нэг онцлог. Эдгээр онцлогийг манай ихэнх судлаачид, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг төдийгүй гадны судлаачид ч онцлон ярьж бичдэг юм билээ. Социализмын үед хэвлэл мэдээллийнхэн гартаа баригдсаныг нийтэлж, сэтгүүлч хүн санаанд орж, амандаа багтсаныг ярьж болдоггүй байсан нь үнэн. Энэ нь нэг талаар хязгаарлагдмал, баригдмал, хаагдмал байсан мэт харагдавч нөгөө талаар тэр аяараа сахилга, хариуцлага, чанар, үр дүн байв. Ингээд бодоход харин ч өмнөх тогтолцооны үед манай сэтгүүл зүй жинхэнэ ёс зүйтэй, илүү хүн чанартай байсан гэж хэлж болмоор. Тэр цагт сэтгүүлч хүний бүтээл үнэн бодитой, зарчимч шударга, амжилт үр дүн, жинхэнэ сайн сайхан, баатарлаг явдал, гавьяат үйлс, том бодлого, том зорилгыг олон түмний хүртээл болгож мэдээлдэг, сурталчилдаг үнэний дуу хоолой болж байсан гэдгийг онцлон хэлмээр байна.
Алхам урагш, хэдэн алхам хойш. Монголын сэтгүүл зүй нэгэн зууныг туулахдаа доктор Ж.Батбаатарын хэлсэнчлэн “... үүсч хөгжсөн, уруудан доройтсон, өөдлөн мандсан”. Сүүлийн хориод жилд манай сэтгүүл зүйн хөгжлийн шинэ үе эхэлсэн нь тодорхой. Тэгэхдээ коммунист үзэл суртлаас ангижирснаар их хөгжиж сайхан болсон мэтээр зарим судлаач, улс төрчид туйлширдаг. Жирийн бичээч би бээр ийм дүгнэлттэй санал нийлдэггүйгээ шуудхан хэлье. Хамгийн гол нь манай сэтгүүл зүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний ачаар сайн сайхан болоогүй. Харин орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, технологийн дэвшил, мэдээллийн хэрэгслийн хөгжил, мэдээллийн их тэсрэлтийн энэ цаг үе Монголын сэтгүүл зүйд хүчтэй нөлөөлж тооны хувьд том хувьсал, өөрчлөлт гарсан нь үнэн. Бас хэтэрхий задгайрч алдсан ч юм бий. Тэгэхээр энэ өөрчлөлт эерэг болоод сөрөг үр дагаврыг зэрэгцүүлэн тээж яваагаас сөрөг тал хэт давамгайлж байгаа нь харамсалтай. Ерээд оны хувьсгалын буянаар коммунист дарангуйллаас салсан Монголын сэтгүүл зүй эх адаг, зах замбараагаа алдаж, ёс зүй, хүн чанараа гээж, олсон амжилт, хүрсэн үр дүнгээсээ ухарч уруудан доройтож яваа нь өнөөгийн бас нэг үнэн. Өнгөцхөн харахад тооны хувьд ахиц гарч үй олон телевиз, богино долгионы радио, хар шар сонинцрууд шил шилээ даран бий болсон. Хоёр сая гаруй хүн амтай Монгол Улс өнөөдөр 200 гаруй (130-аад сая хүнтэй Япон ердөө зургаа, 23 сая хүнтэй Австрали хоёр телевизтэй гэнэ билээ. “ӨС” 2013.03.13. №65) телевизтэй, хэдэн зуун сонинтой гээд бодоход манайд туйлшрал ямар байдлаар явдгийг харуулж байна. Энэ бол ахиц дэвшил гэхээсээ илүү хийрхэл завхрал юм. Ер нь Монголд жижиг том ямар ч асуудалд бодлого алдагдаж замарч завхардгийн наад захын баримт энэ. Зөвхөн сонин, телевизээр жишээ аван тэмдэглэхэд үзүүлж байгаа үзүүлбэр, хэвлэж буй мэдээ мэдээллийн агуулга, ач холбогдол дэндүү доройтсон нь хэн бүхэнд тод байгаа. Үсрэнгүй “дэвшил, хөгжил” авчирсан сүүлийн хорь гаруй жилд зах хязгааргүй архидалт, садар самуун явдал, хар тамхи, хүний наймаа гээд хорвоогийн муу муухай бүхэн Монголд хуран цуглаж, хунгарлан бэхжиж нийгмийг бүхэлд нь бузарлан бохирдууллаа. Энэ бүхнийг харж сэтгэл нь самуурч, цөс нь хөөрсөн сэтгүүлчид санаанд орж, аманд багтсанаа бичиж, хулгай дээрэм, аллага хядлага, садар самуун, хүчирхийллийг аргачлан сурталдаж, дуу хоолойгоо нийлүүлэн ярьж байна. Дээр нь “Улс орон хөгжиж байна. Ард түмний аж амьдрал дээшиллээ. Хүний эрх, эрх чөлөө гоё боллоо” гэх мэтээр хулхи ардчиллыг магтан дуулна. Эсвэл “Дуучин Жимсээ жирэмсэн болж гэнэ. УИХ-ын дарга нялх амрагтай болов. Ерөнхий сайд Алтанцөгц цэнхэр дээл, цагаан малгайгаар гоёжээ. Тэрбумтан Эрдэнэбат ганцад очив. “1990” компанийн захирал Баянсайхан хадам эхийгээ хүчиндэв. Баатарбаяр дарга ажлаасаа халагдав. Сандруу сайд болох гээд нойр хоолгүй гүйж байна” гэх маягийн мэдээ, жижиг хов цуурхал, улс төрийн хийрхэл, хоосон сенсациар эфирийн цагаа нөгцөөж, сониныхоо хуудсыг бөглөж байна. Иймэрхүү мэдээ мэдээлэл хэнд хэрэгтэй, улс орны хөгжилд ямар ач холбогдолтой юм бол оо. Манайд нэг ийм л хар бараан, жудаг мөс чанар, гэрэл гэгээ муутай ядмагхан сэтгүүл зүй сажилж явна. Үүнийг ололт амжилт, хөгжил дэвшил, арчиллын үр дүн, чөлөөт хэвлэл хөгжиж байна гэж ухаарч, шоудаж болно гэж үү.
Нөгөө талаар манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл тэр аяараа олигархиудын гар хөл, тэдний бодлого зорилгыг нийтэд тулган хүлээлгэх хэрэгсэл болж байгаагийн хувьд өөрөө бас олигархижиж байна. Тэгэхдээ нэгд: Манай ихэнх сэтгүүлчид цаг үеийн мананд төөрөлдөж энэ бусармаг тогтолцоот нийгмийг магтан номлогч, үзэл сурталч, эрх баригчдын гар хөл болж байгаа нь нууц биш ээ. Монголын ард түмний дал наян жилийн туршид зүтгэж, хөлс цусаараа бүтээсэн баялгийг өмч хувьчлал гэх гоё үгээр халхавчлан хулгайлан тонож, хангай дэлхийгээс монголчууд бидэнд заяасан, өвөг дээдэс минь хэдэн мянганы турш хадгалж хамгаалж ирсэн байгалийн баялгийг луйварчид цөлмөсөөр байгааг болж бүтэж, хөгжиж дэвжиж, сайн сайхан байна гэж бичсээр, үзүүлсээр байх уу. Сонин хэвлэлийн газар ажиллагсад, сэтгүүлчид, эхлэн болон идэвхтэн бичигчдийн зонхилох нь ертөнцийг зөвхөн зоосны нүхээр харж, шуналын хөөсөнд төөрч таван төгрөгийн зар сурталчилгаа, арван төгрөгийн захиалгат мэдээний төлөө толгойгоо өгөхөөс буцахааргүй болоод байх шиг. Хоёрт: Хөрөнгөтнүүд өөрөөр хэлбэл дээр дурдсан хулгайлан тоногчид, луйвардан цөлмөгсөд буруу замаар олсон мөнгөөрөө далайлган, монголчуудын зах сэжүүрээс нь барьж ядан тэмцсээр яваа хэвлэн нийтлэх эрх чөлөө дээгүүр гишгэлэн туучиж, өнөөгийн муу муухайг сайн сайхан болгож магтуулах, бузар бусармаг явдлаа нуун далдлахдаа мөнгө шүтэх сэтгэлгээнд бурантаглуулсан сэтгүүлчдийг ашигладаг шинэ маягийн дарангуйлал, мөлжлөг бий боллоо. Ийнхүү нийгмийг бүхэлд нь залгиж байгаа мөнгийг бурханчлах үзэл, хэвлэл мэдээллийн салбарт шургалан орж, хүчтэй нөлөөлж, хүрээгээ тэлсээр. Үр дагавар нь ёс зүйгүй, хүн чанаргүй, хар бараан сэтгүүл зүй төлөвшиж, хоргодох орон байраа хайсаар хөрөнгөтнүүдийн цавь суганд толгойгоо хавчуулж хогийн ургамал лугаа тэлэн үржиж байна. Ингэснээр Монголд чөлөөт сэтгүүл зүй хөгжин төлөвшиж, сайн сэтгүүлчид төрөн гарч, үнэний төлөө явж нийгмийг бохирдлоос цэвэрлэх ариун зорилго маань булшлагдаж магадгүй бололтой.
Өөр нэг үнэнийг, нэмэр хачиргүй хэлэхэд Монголын сэтгүүл зүйн, сүүлийн хорь гаруй жилд олсон хамгийн том амжилт нь олон улсын судалгаа үнэлэмж жишгээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд орж дэлхий дахинд хүлээн зөвшөрөгдсөн. Энэ бол үнэхээр том амжилт байлаа. Гэвч харамсалтай нь хоёр гурван жилийн өмнөөс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж ухарсан. Харин өнөөдөр үндсэндээ хэвлэлийн бүтэн эрх чөлөөгүй орон болчихоод явж байгаа юм биш үү. Бүр төр, засгийн бодлогоор хүний эрх зөрчдөг, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халддаг, нийтлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг, сэтгүүлчдийг барьж хорьдог, шийтгэдэг, хэдэн сая төгрөгөөр торгодог, хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаадаг, хүний хувийн өмчид увайгүй халддаг. УИХ-ын гишүүд, сайд дарга нар сайтуудын сэтгэгдлээс улаан голоо тасартал айдаг ийм л улс болон хувирлаа. Энэ бүхэн сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн үед бий болсон ухралт “амжилт” юм. Нэн ойрын харамсалтай баримт бол Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын өдөр, ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Сэтгүүлч хүний гурван цагийн тухай” уран гоё айлдвар айлдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчдэд хандсан мэндчилгээг уншиж байх тэр цагаар арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж, 300 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргасан. Энэ бол өнгөрсөн зууны хориод оны үед харийн хар санаатнууд “Монголын цагаан сарын баярыг улаан сар болгоно” гэж заналхийлж байсантай их төстэй санаа, адилхан үйлдэл юм. Тэр цагт урд хөршийн зарим иргэд, монголчуудыг үндэсний баяр цагаан сараа хийн золгож ахас ихэс, хүүхэд багачуудаа баярлуулах тэр цаг мөчийг харлуулан уй гашуу, нус нулимс, айдас хүйдэст хутгахыг санаархаж байсан гэдэг. Тэгвэл манай ардчилсан дарга нар сэтгүүлчдийг их ойн баярынх нь өдөр өдий төдийгөөр нь ажилгүй болгосон нь зүгээр нэг тохиолдол гэж үү. Уг нь Элбэгдорж нар Сүхбаатарын талбай дээр анх жагсаал хийж, үг хэлэхдээ “Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх...” гэж л ярьж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан парламенттай, “шинэчлэл”-ийн Засгийн газартай Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний талаарх төрийн бодлого орвонгоороо эргэж байх шиг. Энэ нь бидний нөгөө “Ардчиллын буянд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, хүмүүс санал бодлоо айдасгүй илэрхийлэх эрхтэй, хүний эрхийг дээдэлдэг орон болсон” гэдэг маань худлаа шоу, үлгэр болсныг харуулж байгаа хэрэг бус уу. Ийнхүү Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө төдийгүй манай сэтгүүл зүй нэг алхам урагшилсан ч хэдэн алхмаар ухарлаа. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө байхгүй болох нь. Энэчлэн манайд сүүлийн хориод жилд ажиглагдаж эхэлсэн ардчиллын шинж тэмдгүүд өдрөөс өдөрт хумигдсаар байгаагийн захын жишээ энэ. Тэгэхээр Монголын ардчилал худлаа, өнөөгийнхний яриагаар бол хулхи ардчилал юм аа.
Эрх ашгаа хамгаалахын учир. Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалуулах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, боломжийн нөхцөлтэй орчинд ажиллаж амьдрах бусдын адил эрхтэй билээ. Гэвч өнөөдөр Монголд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг ямар нэг байгууллага, хүмүүс, эрх зүйн үндэслэл бараг алга. Хэвлэлийн Эрх чөлөөний тухай хууль гэж дөрөв таван өгүүлбэр бий. Гэхдээ сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахад нэг их чиглээгүй, ерөнхий заалттай. Тэр хуулийг эрх баригчид сүүлийн үед үл тоон зөрчдөг болсон. Нарийсгаж боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Тэгээд л янз бүрийн хүмүүс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэчилсэн хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барилаа гэж шоуддаг. Тэгэхдээ тэдгээр төсөл нь сэтгүүлчдийг хатуу гараар барих, хашраах, сэтгүүлчдээс эрх баригчдыг хамгаалах зорилго голлодог бололтой юм билээ.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гэж эрх мэдэл, хөрөнгө мөнгө дулимаг хэцүүхэн талдаа нэг байгууллага бий. Эднийх цомхон чадвартай, нэр хүндтэй, сахилгатай, хийсэн бүтээсэн юмтай явсан өдөр бий. Намчлагдаж журамлагдсан удирдлага зохион байгуулалтаас ардчилсан хэв маяг уруу ороод хорь гаруй жил болж байгаа нь олзуурхууштай ч шуудхан хэлэхэд уруудах доройтох тал уруугаа явж байх шиг харагддаг. Өнөө хүртэл өөрийн гэх байр байхгүй. Энэ бүхнийг тус байгууллагыг удирдаж байгаа хүмүүсээс болж байгаа мэтээр төсөөлбөл өрөөсгөл болно. Энд нийгмийн тогтолцоо, сэтгүүлчдийн өөрсдийнх нь эв нэгдэл, мэдлэг чадвар, нэр хүнд, зохион байгуулалт, сахилга нөлөөлдөг гэвэл илүү дөхнө. Ер нь манайхан чинь бусдыг шүүмжилж өөлөхдөө чамлахааргүй хэрнээ өөрсдөө болохоор үүргээ биелүүлэх тал нь хангалтгүй, захиргаагүй, удирдах удирдуулах ёс жаягийг төдийлөн ойлгодоггүй талдаа хүмүүс. Үүний наад захын жишээ сэтгүүлчдийн сүүлийн их (ХҮ гэдэг байх аа) хурлаас нэлээн тод харагдсан. Тэрхүү хурлын үед хий хөөрч давхисан, эмх замбараагүй, хүн бүр оносон оноогүй шүүмжилж, санаанд орсоноо цэцэрхэн хашхицсан, бие биенээ үгүйсгэж, болохгүй бүтэхгүй талаас нь харж дайрч давшилсан ерөнхийдөө анархи байдалтай, үймээн самууны шинжтэй зэрлэгдүү хурал болох шиг болсон. Тэр бүхнээс залхсан цөөнгүй төлөөлөгчид тэгсхийгээд явчихна билээ. Хурлаас нэлээд хэд хоногийн өмнө л, ийм тийм жигүүр, хөдөлгөөн, шинэчлэл өөрчлөлтийн ажлын хэсэг гэж баахан бужигнаж давхилдсан. Шинэчлэлийн зарим нөхөд “Монголын сэтгүүлчдийн байгууллагад хийх өөрчлөлт шинэчлэл, шинэчилсэн дүрмийн тухай илтгэл тавина” гэж Их хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад нэрээ бичүүлчихээд хуралдаа ч ирэлгүй, сураггүй алга болсон явдал бий. Тэгээд ч ихэнх нь ярьж хэлж байснаа бараг их хурлынхаа өдөр үдээс хойш мартсан байх.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд зарим хүний амнаас “Манай сэтгүүлчдийн байгууллага хөөрхөн улс төрждөг, танил тал, нутаг ус гээд цөөвтөр хүний хүрээнд үйл ажиллагаагаа эргэлдүүлдэг, гишүүд дэмжигчдээ нас шүд, “хэл ам таталж шүүмжилж явдаг нөхөр” гэх маягаар ялгаварлан хажигладаг. Асуудал яривал “Манайх төрийн бус байгууллага, бидэнд тийм эрх мэдэл байхгүй. Бид чадахгүй. Бидэнд мөнгө байхгүй гэж ам тагладаг” гэж зэмлэсэн маягийн яриа түгээмэлдүү сонсогддог. Гэтэл гишүүдийн олонхи нь дүрмээр заагдсан татварын хэдэн төгрөгөө нэхэл дагал, хэл амгүй өгнө гэж байдаггүй хэрнээ санхүүгийн эх үүсвэргүй Удирдах зөвлөл, өөрсдийгөө “Яадаг билээ” гэж яваа дарга нараасаа элдвийг нэхэж шүүмжлэнэ. Дарга нар маань ч овсгоо самбаа дутмаг одооныхны хэллэгээр менежмент муутай хүмүүс байдаг бололтой. Тэднийг хичнээн шахаж шаардаад нэг их шүүс тос гарахгүй байж мэднэ. Их ойн хаялга өгөөж, сургамж дүгнэлт юуны өмнө энэ байгууллагын өөрчлөлт шинэчлэлд нөлөөлөх учиртай. Олигархи эрх баригчид сэтгүүлчдийг мөрдөж мөшгөнө, барьж хорино, холбогдолтой холбогдолгүй хэргээр шоронд хийнэ, эрүүгийн хуулиар шийтгэнэ, хэдэн сая төгрөгөөр торгоно. Тэгэхэд манай сэтгүүлчдийн байгууллага гайгүй сайндаа үлбэгэрхэн мэдэгдэл, хэвлэлийн ядмагхан хурал зохион байгуулахаас цаашгүй. Ихэнх тохиолдолд чимээгүй дүлий дүмбэ. Гэтэл цаана нь юу болж байна гэвэл хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний эзэд дураараа дургиж сэтгүүлчдийн эрх ашгийг хөсөрдүүлсээр. Ямар нэг хяналт байхгүй. Эзэн юу гэж дуугарна түүгээр ажил нь явдаг дарангуйллын шинжтэй болчихсон газар ч мэр сэр байна.
Тэгсэн хэрнээ хүнтэйгээ ялангуяа залуу сэтгүүлчидтэй ажилладаг, болох болохгүйг нь хэлж зөвлөдөг, шахаж шаарддаг, туслалцаа дэмжлэг үзүүлдэг, сургаж дадлагажуулдаг, ур чадварыг нь дээшлүүлэх, бичсэн бүтээлийнх нь чанар чансааг сайжруулах, элдэв алдаа мадаг гаргуулахгүй байх, бас тэдний ажиллах нөхцөлийг анхаарч халамж тавьдаг захиргаа, удирдлага, редакци гэж хэвлэл мэдээллийн газруудад бараг байхгүй. Гайгүй сайндаа л элдэв сенсаци, үнэн худал, дэл сул, хов живийн элдэв мэдээ, хэд гурван төгрөгийн реклам, зар сурталчилгаа олж ир гэж шаардана, нэхнэ. Чадсан нь “тэр сайн” гэсэн нэг хэвийн шалгуур, үнэлгээтэй. Олж ирсэнийг нь ямар ч хяналтгүйгээр нийтэлнэ. Олны дэмжлэг авах юм уу, холбогдох хүмүүс чимээгүйхэн байвал эзэд баатар, сонин сайн болно. Худал мэдээлсэн, хүн гүтгэсэн хэрэг мандаад болохоо байвал баримтыг олж ирсэн, бичсэн сэтгүүлч буруудаж, шүүхэд дуудагдаж, хэрэгт холбогдоно, хүндэрвэл торгуулна, шоронд сууна. Энэ бүхнээс шалтгаалж сэтгүүлчид олигтой өсч өндийдөггүй, аль нэг даргын ам харж хурууных нь үзүүрээр явдаг тийм нэг идэвхгүй үхширмэл байдал, ёстой нөгөө хуучин арга барил голлож байх шиг санагддаг. Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын захиргаа, редакци ийнхүү тааруухан ажилладаг болохоор сэтгүүлчид эзэнгүйдэх явдал түгээмэл байна. Нөгөө талаар аль ч редакциар ороход тэдний ажиллах нөхцөл, ажлын байр тун хэцүү. Наад зах нь өнөөдөр ид ажиллаж байгаа сэтгүүлчдийн чухам хэдэн хувь нь өөрийн орон сууцтай байдаг бол...
Энэ бүхнээс ажиглахад сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага зайлшгүй хэрэгтэй болжээ. Энэ бол Сэтгүүлчдийн Үйлдвэрчний Нэгдсэн Холбоо. Ахмад сэтгүүлч С.Данаажавын санаачилгаар ерээд онд ийм байгууллага байгуулагдаж байсан. Гэвч манайхны арчаагүй байдал, шуудайд хийсэн ямааны эвэр шиг бодол сэтгэлгээнээс болж төдхөн алдарсан. Үйлдвэрчний байгууллага нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалдаг. Төр, засгийн эрх баригчдын дарангуйллын эсрэг дуу хоолойгоо сонсгодог. Сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод төвшинг тогтоож редакци, эздийн байгууллагатай гэрээ хэлцэл хийх, хөдөлмөр хамгаалал, ажлын цагийн норм хэмжээг тохирч хэрэгжилтэд нь хяналт тавих, эрх ашгаа хамгаалсан тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах гээд хийх ажил хангалттай бий. Жишээ нь манай сэтгүүлчид хоёр өдөр ажил хаялаа гэхэд улс орон тэр аяараа нүд, чихгүй болно. Эрх ашгийнхаа төлөө үгээ хэлдэггүй, асуудалд хоомгой хандаж мэргэжлийн алдаа гаргах, ажилдаа эзэн болж чаддаггүй, олигтой нийтлэл бичдэггүй, голдуу бусдын үгээр явж тааруухан бүтээгдэхүүн гаргадаг, арчаа унхиа муутай гээд сэтгүүлчдээс өөрсдөөс нь шалтгаалсан юм ч цөөнгүй байдаг байх.
Төгсгөлд нь хэлэхэд өнгөрсөн түүхээ коммунист, үзэл сурталжсан гэх мэтээр хараан нулимаж, шороо цацахын оронд Монголын онцлогтой сэтгүүл зүйн ололт алдаа, сайн муу, дэвшил хоцрогдлыг тал талаас нь харж, авах гээхийн ухаанаар хандах нь зүйд нийцнэ байх. Юуны өмнө “Америкт тийм байдаг. Японд ингэдэг. Германд ийм юм билээ” гэхчилэн хэн нэгнийг хуулбарлаж туйлшрамгүй байна. Алийн болгон бусдыг сармагчин шиг дуурайж явах билээ. Даяаршлын энэ эрэн үед нийтийн жишиг, өндөр хөгжилтэй орнуудын арга туршлага чухал ч гэлээ хамгийн түрүүнд өөрийн онцлог, түүх, уламжлалаа тэргүүн зэрэгт тавих нь зөв биз. Манайх юуны түрүүнд гадныхнаас техникийн дэвшил, технологийн ололтыг нь ашиглах учиртай. Бидэнд үндэсний онцлог, өөрийн толгой, чамлахааргүй үр дүн байна. Үе үеийн ахмадууд, бичиг соёлын мэргэд, тэдний бий болгож өвлүүлсэн уламжлал, хуримтлуулсан туршлага, бүтээл туурвилаас сургамж үлгэр авах ёстой. Энэ бүхэнд тулгуурлан цаг үеэ ухаалаг цэгнэж тэгэхдээ ирээдүйгээ харж ажиллая. Бид бишгүйдээ туйлширлаа. Тэглээ гээд хожсон нь дэндүү бага байна. Гол нь зуун жилийнхээ түүхийг тогтон харж хуучин шинэ, практик онолыг оновчтой уялдуулж бүтээлчээр хандъя. Шинэ цагийн өөрийн онцлогтой сэтгүүл зүйг төлөвшүүлж улам баяжуулан хөгжүүлье. Монгол Улсын Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэсний ач холбогдол энд л байх болов уу.
2013.04.16.
“Зууны мэдээ” сонины 2013 оны IY сарын 19. №98
1. Номын хэсгээс: “Өнөөгийн өнгө төрх”-ийн БОСГО ҮГ
2. НОМЫН ХЭСГЭЭС: Оюун санааны үнэт тэжээл үйлдвэрлэгчийн шинэ номын тухай цөөн үг
3. НОМЫН ХЭСГЭЭС: Хүн өөрт байгаа давуу талаа мэдэрч, ухаарч амьдрахын учир
5. НОМЫН ХЭСГЭЭС: Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлаг!
Сэтгэгдэл ( 0 )