Өргөст хэмхний “Тахал”-аар 10 хүн нас барав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Өргөст хэмхээр дамжсан гэдэсний шинэ төрлийн халдварт өвчин Германд дэгдэж, нас барсан хүний тоо 10-т хүрчээ. Тус улсын албаныхны мэдээлснээр хэдэн зуун хүн эмнэлэгт хүргэгдэн эмчийн хяналтад байгаа аж. Өргөст хэмхэнд хордсон хүмүүсийн олонх нь Хамбург хот орчимд бүртгэгджээ. Нас барсан болон өвдсөн хүмүүсийн идсэн өргөст хэмх Испанийн импортын бүтээгдэхүүн болохыг герман шинжээчид тогтоогоод байна. Шинжээчдийн нэгдсэн дүгнэлт, дэлгэрэнгүй тайлан одоогоор гараагүй ч урьдчилсан шинжилгээгээр испани өргөст хэмхээс HUS буюу гемолизийн урем синдром хэмээх өвчин үүсгэгч нян илэрчээ. НUS үүсгэгч бактери төв мэдрэлийн системийг доголдуулж, бөөрний дутагдал үүсгэдэг байна. Энэ мэдээлэл цацагдмагц Европын олон улс Испаниас хүнсний ногоо импортлохыг зогсоож, тус улсын шошготойгоор худалдаалагдаж байсан хүнсний бүх ногоо, ялангуяа, өргөст хэмх шиг усархаг жимс, ногоог дэлгүүрийн лангуунуудаас эргүүлэн татжээ. Одоогоор Герман, Чех, Британи, Дани ийм арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бол Нидерланд, Австри, Унгар, Люксембургийн эрх баригчид нутагт нь аюулт бактертай өргөст хэмх худалдаалагдаж байж болзошгүй хэмээн ард иргэддээ сануулсан байна. HUS үүсгэгч нян ихэнх тохиолдолд таваас доош насны хүүхдүүдэд илэрдэг ч хүндээр өвчлөгсдийн 87 хувь нь насанд хүрэгчид, тэр дундаа 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Зарим судлаачийн анхааруулснаар НUS-ийн нянгийн тархалт өргөст хэмхээр дамжсан гэдэсний халдварт өвчнөөр хязгаарлагдахгүй гэнэ. Хүнсний бүтээгдэхүүнд туйлын хувьсамтай энэ нян хоол хүнсээр хүнд халдахаас гадна хүнээс хүнд дамждаг болтлоо идэвхжиж мэднэ гэж герман эрдэмтэд мэдээлжээ. Харин энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна хэмээсэн Испанийн албаныхан одоогоор өргөст хэмх экспортлогч хоёр компанийн үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдээд байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top