Өвөрмонголчууд Хятадын дарангуйлагч нарыг эсэргүүцэж эхэллээ. Энэ үйл явдал санаандгүй явдлаас болоогүй болов уу. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошууны Мэргэн гэдэг малчин залууг хоёр хятад жолооч машинаар дайрч алснаас болж иргэд улам бухимдан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулжээ. Олон хоног үргэлжилж буй энэхүү жагсаал цуглааныг сүүлдээ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хүртэл дэмжиж байна. Харин хятадууд бүрэн зэвсэглэсэн 300 гаруй цэргийн хүчээр жагсагчдыг сүрдүүлэн тарааж байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн тус аймгийн Абга хошуунд бас иргэдийн эсэргүүцлийн жагсаал болж эхлэв. Уурхайн утаа тортог тухайн орон нутгийн байгальд сөргөөр нөлөөлснөөс болоод иргэд нь ийнхүү орон нутгийнхаа засаг захиргаанаас нүүрсний уурхайгаа хаахыг шаарджээ. Энэ тэмцэл дээрхийн адил Сунь Шу Нин хэмээх хятад жолооч нэгэн өвөрмонгол хүнийг машинаар дайрч алсан явдлаас болоод эрчимжсэн байна. Эдгээр эсэргүүцлийн жагсаалыг манай улсад ажиллаж амьдарч байгаа Өвөрмонгол иргэд дэмжиж “Хөх монгол”, “Талын цөөвөр чоно”, “Цагаан хас” хөдөлгөөнийхөнтэй хамтран Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны үүдэнд өчигдөр жагсаал хийлээ. Тэнд очсон Монголын иргэд Өвөрмонголын ахан дүүсийнхээ эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Өвөрмонголчуудыг ийнхүү дэмжихийн буруу гэж юу байхав. Гэхдээ монголчууд маань өнөөдрийг хүртэл харийн оронд амиа алдсан иргэдийнхээ төлөө юу хийсэн билээ. Бараг чимээгүйхэн суусаар өдий хүрсэн байх. Солонгост харамсалтайгаар алагдсан эмэгтэйн тухай хэвлэлүүд шуугиад л өнгөрсөн. Тайландад алагдсан Алтантуяагийн хэргээс шүүхийн хуйвалдаанаар мултарч гараад яваа алуурчинг эсэргүүцсэн дуу хоолой сонсогдсонгүй. Монголчуудынхаа төлөө дуугарч л баймаар байна даа.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )