Таксин Чинаватрагийн дүү сөрөг хүчинтэй нэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн дүү Юүнглүк Чинаватра сөрөг хүчинтэй нэгдэн улс төрд хүч үзэхээр шийджээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Бангкокийн дагуул хотноо болсон сөрөг хүчний уулзалтад оролцсон байна. Тайландын сөрөг хүчнийг дэмжигчид Ерөнхий сайд Апхисит Вижаживагийн бодлогыг шүүмжлэн ярьсан улс төрчдийг дэмжиж байсан ч тэднийг хамгийн их баярлуулсан хүн нь Юүнлүк байсан гэнэ. Тэрбээр уулзалт дээр "Хэрвээ бид эх орондоо жинхэнэ ардчиллыг тогтоохыг хүсч байгаа л бол ард түмнийхээ шийдвэрийг дагадаг байх ёстой. Тайланд орон хүнд хэцүү таван жилийг давлаа, гэхдээ иргэд урагшаа харж амьдарч байгаа гэдэгт би итгэж байна. Надад Тайланд улсыг урагш нь хөдөлгөхийн тулд та бүхний дэмжпэг хэрэгтэй байна" гэж хэлжээ.

Намуухан дуу хоолойтой ч улс төрийн үзэл бодлоо эмх цэгцтэй илэрхийлэх тэрбээр ирэх долдугаар сарын 3-нд болох Ерөнхий сайдын сонгуульд өрсөлдөхөөр нам дотроо нэрээ дэвшүүлж байгаа аж. Юүнлүк Шинаватра "Ерөнхий сайдын сонгууль нь 2006 онд төрийн эргэлтээр суудлаасаа шахагдсан ах Таксины зөв байсан эсэхийг шалгах санал асуулга байх болно" гэж мэдэгджээ. Ах Таксин нь мөн дүүгээ дэмжихийг уриалж, дүүгээ өөрийнх нь яг хуулбар гэж нэрлэсэн байна. Иргэний нийгмийн байгууллагууд ч хатагтай Юүнглүкийг Тайландад үүсээд байгаа таагүй асуудлуудыг шийдэж магадгүй гэсэн нүдээр хараад эхэлчихсэн бололтой. Социологийн судалгаагаар Таксины намын рейтинг Ерөнхий сайд Апхисит Втижаживагийн тэргүүлсэн Ардчилсан намаас хэдхэн хувийн доогуур байгаа гэсэн дүн гарсан. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, фотогеничный төрхтэй түүнийг Тайландын жирийн иргэдийн амьдралаас дэндүү тасархай нэгэн гэсэн шүүмжлэл сүүлийн үед гарах болсон аж. Юүнглүк, Таксин нарын өрсөлдөөн улс орныг удирдагч хоёр намын хооронд тогтоод байсан "хэврэг" найрамдлыг эвдэх вий гэсэн болгоомжлол ч байна. Өнгөрсөн онд сөрөг хүчнийхний дэгдээсэн "Улаан цамцтаны бослого"-ын үеэр 91 хүн амь үрэгдэж, 2000 хүн шархдаж байсан. Хэрвээ энэ удаагийн сонгуулийг шударга явуулж чадахгүй бол өнгөрсөн жилийн явдал давтагдаж болзошгүй гэж иргэд санаа зовж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top