Нидерландад халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Нидерландын Утрехт хотод өчигдөр /2019.03.18/ нэгэн этгээд гал нээжээ. Уг этгээд хотын төвд трамвайд гал нээж, амиа алдсан хүний тоо гурав болж нэмэгдсэн талаар хотын дарга Ян ван Занен мэдэгдсэн байна. Шархадсан есөн хүн эмнэлэгт хүргэгджээ. Өчигдөр оройны байдлаар амиа алдсан хүний тоог нэг гэж зарлаж байсан аж.

Нидерландын цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж, зургийг нь тараагаад байсан бол удалгүй түүнийг баривчилжээ. Турк гаралтай, 37 настай Гёкмен Таныш гэх уг этгээд ямар сэдэлтэйгээр трамвайд зорчигчид руу гал нээсэн нь тодорхой бус байгаа аж. Гэхдээ Нидерландын зарим телевиз Гёкмен Танышийг гэр бүлийн асуудлаас болж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлсэн байна. Мөн түүнийг Чеченьд байлдаж явсан байж магадгүй гэх албан бус мэдээлэл байгаа аж. Сэжигтэн өөрийгөө Нидерландад цагдаагаар ажиллаж байсан гэж мэдүүлжээ.

Дээрх хэрэг гарсны дараа Нидерландад терроризмын аюулын зэрэг зарлаад байсан бол өнөө өглөө /2019.03.19/ цуцалжээ. Гэхдээ Нидерландын Засгийн газар турк гаралтай эрэгтэйн үйлдсэн хэрэг террорист халдлагын шинж чанартай байхыг үгүйсгээгүй юм. Гёкмен Танышийг хаанаас олж баривчилсан гэдгийг зарлахаас татгалзсан байна. “Утрехт хотод болсон халдлага нидерландчуудыг түгшээлээ” гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рутте мэдэгджээ.

Энэ хэргийн дараа Нидерландад тээврийн боомт, сургууль, сүм хийд, Засгийн газрын барилга байгууламжууд зэрэг олон газрын аюулгүй байдлыг чангатгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top