Японд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлтийн дараагаас ХБНГУ-д атомын эрчим хүчийг ашиглахаас бүрэн татгалзах тухай асуудлыг хөндөх болсон юм. Учир нь Японд болсон байгалийн гамшгийн улмаас "Фүкүшима-1” АЦС-д осол гарч, агаарт цацагдсан цацраг идэвхт бодисоос болж ойролцоох бүс нутгаас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн юм. Герман улс нь АЦС-аас бүрэн татгалзах тухай мэдэгдэл хийсэн аж үйлдвэржсэн хамгийн анхны орон болж байна. Германы Засгийн газраас АЦС-ын үйл ажиллагааг 2022 он гэхэд бүрэн зогсоох тухай шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээллээ. Өмнө нь ХБНГУ-ын 20 гаруй хотод хэдэн арван мянган жагсагчид атомын эрчим хүчээсээ татгалзахыг уриалан жагсаал хийж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байсан ХБНГУ-ын Засгийн газар ийнхүү АЦС-аас татгалзлаа. Өмнөх эвслийн Засгийн газар нь 2002 онд АЦС-ыг аажмаар хаах талаар хэлэлцэж байсан удаатай. Улмаар тэд цөмийн эрчим хүчний хэрэглээг алгуур зогсоохоор төлөвлөж байжээ.Гэвч өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын Засгийн газар нь төлөвлөгөөгөө өөрчилж, эрчим хүчний байгууллагуудтайгаа хэлэлцээ хийж, нутаг дэвсгэрт нь байгаа 17 атомын цахилгаан станцын үйл ажиллагааг 8-14 жилээр уртасгах шийдвэр гаргасан юм.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )