Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостай ярилцлаа.
-Энэ жил орон нутгийн болон олон улсын чанартай авто замуудыг шинэчлэх ажил өрнүүлнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
-Ер нь дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хаа сайгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хүнд даацын тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэж буй байдал нилээн хөндөгдөж байна. Ялангуяа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас барилгын материал ачсан хүнд даацын ачааны автомашин зам эвдэх нөхцөл байдал бий болгож байна гэсэн гомдол ихээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсан ажлын хэсэг гарч, Замын-Үүд сумын чиглэлд долоо хоногийн хугацаатай ажиллалаа. Хяналт шалгалтаар зөөврийн пүү аваачиж тухайн замд тээвэрлэлт хийж байгаа том оврын автомашинууд тээвэрлэлтийн даац хэтрүүлж байна уу, үгүй юу гэдгийг анхны цэгээс нь буюу ачаа ачих эхлэлээс хяналт шалгалтын зөвлөмжүүд гаргаад замын хяналтыг зохион байгуулсан. Ер нь иргэдээс ирж байгаа гомдолтой холбоотойгоор хяналт шалгалтуудыг тогтмолжуулна. Холбогдох бүх пүүнүүд дээр гарч байгаа манай байцаагч нар Зам тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албаныхан, Авто тээврийн үндэсний төв дөрөвдүгээр сарын 15-аас хамтарсан сарын аяныг зохион байгуулж байна. Мөн дөрөвдүгээр сарын 15-25-ны хооронд Дархан, Налайхын чиглэлийн авто замуудыг хааж засварт оруулах юм. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн авто замуудын ачаалал эрчимтэй нэмэгдэх байх. Налайхын замыг хааж Төв аймгийн нутгаар дамжин өнгөрөх шаардлага гарч байгаа. Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гараад АТҮТ-ийн хажууд Тээврийн цагдаагийн албанаас гэрээт Замын цагдаагийн хэлтэс зохион байгуулж нэгжтэй болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зам хаасан хоёр чиглэлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн эрчмийг бууруулах, зорчигчдыг хүндрүүлэхгүй байх ажлуудыг зохион байгуулна. Зам засварын ажил дуустал ТЦА, гэрээт Замын цагдаагийн хэлтэс, АТҮТ-ийн улсын байцаагчид тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн асуудлыг зам хаагдсан энэ хугацаанд хэрхэн зохицуулах вэ?
-Дарханы зам бол түр замаар зорчино. Эрдэнэт, Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Лүн сумаар гараад Дашинчилэнгээр зорчино. Налайх чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг Төв аймгийн Сэргэлэн сумаар зорчуулах зохицуулалт хийгдсэн. Энэ талаар хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзаж нэгдсэн байдлаар танилцуулга хийж гэрээгээ байгуулж түр маршрутаа батлуулсан. Ер нь бол иргэдийг аль болох түр замаар биш хууль бус тээвэрлэлтэд суухгүйгээр найдвартай тээврийн хэрэгслийг сонгох боломжоор хангаж ажиллана.
-Хууль бус тээвэрлэлттэй олон жил тэмцэж байгаа. Үр дүн хэр гарч байна вэ?
-Хулгайн тээвэр буурч байгаа. Хулгайн тээвэр буюу хууль бус тээвэрлэлт иргэдийн амьжиргаа, ажилгүйдэлтэй холбоотойгоор нэмэгддэг тал бий. Хууль бус тээвэрлэлт хийж байгаа иргэдэд бидний зүгээс торгуулийн арга хэмжээ, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа. Мөн энэ тээвэрлэлтийн тухайд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, буруу талдаа жолооны хүрдтэй, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, жолоо барьж байгаа хүний ажил амралтын дэглэм алдагдсан гэх мэт зөрчлүүд бий. Жишээ нь өнөөдөр өглөө Эрдэнэт рүү гараад орой нь буцаад хүн тээвэрлээд ирэхээр тухайн жолооч ядарч ажил амралтын дэглэм зөрчигдөөд харанхуй замд гэрлийн гялбаанд орох, зүүрмэглэхэд осол гарч иргэд хохирдог. Тиймээс бид аль болох ийм нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг юм.
-Хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт хэдэн аж ахуйн нэгжийн том оврын автобус үйлчилгээ үзүүлдэг вэ?
-АТҮТ-тэй гэрээтэй 67 аж ахуйн нэгжийн 1005 том, дунд оврын автобус 76 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Мөн эдгээрийг 1250 орчим мэргэшсэн жолооч жолоодож байгаа. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жилийн хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 1005 үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудын 850 орчим нь том оврын автобусууд байдаг. Цаашдаа зорчигч тээвэрлэлтийн ажиллагаанд такси үйлчилгээг явуулахгүй байхаар тогтсон. Одоо үйлчилгээ үзүүлж байгаа таксинуудыг стандартын дагуу 10 жил нь гүйцэхээр тээвэрлэлтээс хасаад явна.
-Одоо үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн дундаж насжилт хэд байгаа вэ?
-Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа нийт тээврийн хэрэгслүүд бүгд стандартын дагуу насжилт нь 12 хүртэлх жил байдаг ба хугацаа нь болоогүй байгаа. Монгол Улсын хилээр хэдэн онд орж ирсэн нь хамаагүйгээр үйлдвэрлэгдсэн хугацааг стандартаар мөрдүүлдэг.
-Гашуун сухайд боомтоор хил гаргаж байгаа нүүрсийг тээвэрлэх тээвэрлэлтийн “С” зөвшөөрлийг танай газраас олгодог. Сүүлийн үед нь энэ зөвшөөрлийг олгоход хахууль авч байна гэсэн яриа ихээр гарах болжээ. Ер нь сард эсвэл жилд хэдий хэмжээний зөвшөөрөл олгодог юм бэ?
-Иргэдэд нэг зүйлийг ойлгуулахад улс хоорондын байнгын ачаа тээвэрт олгодог “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг манай газар хэвлэж олгодоггүй. Энэ зөвшөөрлийн бичиг нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэгддэг. Жишээ нь БНХАУ-ын Засгийн газраас манай улс энэ жил 30-40 сая тонн нүүрс авах учраас үүндээ тааруулсан зөвшөөрлийн бичгийг олгоё гэх мэтчилэн тохиролцдог юм. Энэхүү зөвшөөрлийг олгоход мөн л тухайн аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл стандартад нийцэж байна уу гэдгийг үзэж байж “С” зөвшөөрлийг олгодог. Олголтыг манай байгууллага хариуцдаг учраас л ийнхүү маргаан дагуулдаг байх. Зарим аж ахуйн нэгжүүд шаардлага хангадаггүй, мэргэшсэн жолоочгүй, тээврийн хэрэгсэл нь бүрэн бус аж ахуйн нэгжүүд зөвшөөрлийг авна гээд дайрч, бусадтайгаа барьцдаг байдал гардаг нь хэл ам гарах нэг нөхцөл болдог. Нөгөө талаараа нүүрс тээвэрлэлт хийж байгаа 12 мянга гаруй жолооч байгаа. Гэтэл энэ зөвшөөрлийг ганцхан “Гашуун сухайт”-ын боомтод олгодоггүй долоон боомтод олгодог учраас хязгаарлагдмал. Өнөөдрийн байдлаар Гашуун сухайт боомтод нэг улиралдаа 4000-4500 орчим л оногддог. Үүнийг шийдвэрлэхийн тулд манайх тээврийн хэрэгслийн нэгдсэн системд бүгдэд нээлттэйгээр оруулсан. Ингэхээр тухайн зөвшөөрлийг зөвхөн АТҮТ-өөс олгодогийг зогсоож гааль, Зам тээврийн хөгжлийн яам, олборлолт хийж байгаа уурхай, хилийн цэргийнхэн, замын компаниуд зэрэг Аж ахуйн нэгжүүд бүгд харах боломжтой. Энэ программ дээр Аж ахуйн нэгжүүд бүгд тээврийн хэрэгслээ бүртгүүлээд бие биеийгээ хянах боломжтой. Мөн ингээд шууд олгогдохгүй Зам тээврийн хөгжлийн яаман дээр тусгайлсан Ажлын хэсэг гарч бүх зөвшөөрлийг хянаж байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн зөвшөөрөл дагуулсан хууль бус үйлдэл маргаан бүрэн дуусна гэж бодож байна. Авто тээврийн үндэсний төвөөс энэ жилийг “Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх жил” болгон зарласан. Үүний хүрээнд хийгдэж багаа ажлын нэг хэсэг нь зөвшөөрлийг онлайнаар бусдын нүдэн дээр ил олгох юм. Бидний зүгээс аль болох эдгээр механик ажлуудыг багасгаж иргэдийн оролцоог бууруулж ухаалаг системээр шийдвэрлэхээр зорьж байна.
-Монгол Улсад нийт хэдэн автомашин хөдөлгөөнд оролцдог вэ?
-Улсын хэмжээнд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгийн 540 мянга нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Дээр нь ашиглалтаас хасагдсан сэлбэгээр худалдаалагдсан автомашинуудыг улсын бүртгэлээс хасч байгаа. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 7500 орчим тээврийн хэрэгсэл хасагдсан тоо байгаа. Тэгэхээр иргэд таван жилээс дээш жил татвараа төлөөгүй, ашиглахаа больсон, сэлбэгэнд зарсан автомашиныхаа гэрчилгээг татварын албан дээрээ авч очоод татварын өргүй гэсэн бичиг авчраад улсын бүртгэлээс хасуулах боломжтой.
-Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад анхаарч байна. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Автомашинаас гарч байгаа хорт утааг хэрхэн бууруулах боломжтой вэ?
-Тээврийн хэрэгслээс ялгаруулж буй утааг хэмжих багасгах боломж нь техникийн хяналтын улсын үзлэг буюу тээврийн хэрэгслийн оношлогоо юм. Оношлогоонд тэнцээгүй тээврийн хэрэгслийн дийлэнх нь ялгарч байгаа утааны хэмжээ ихтэй гэж оношлогддог, тэнцээгүй тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ирэхийг шаарддаг. Сүүлийн хагас жилийн хугацаанд АТҮТ, ТЦА-тай хамтран нийслэлд болон орон нутагт газар дээр нь шалгалт хийж дараа дараагийн арга хэмжээг авдаг болсон. Энэ хүрээнд сүүлийн нэг сарын дотор 1000 гаруй тээврийн хэрэгслийг газар дээр нь үзлэг оношлогоонд оруулж бүрэн бүтэн байдлыг нь хангуулсан байна. Тиймээс иргэд өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийн төлөө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох нь чухал.
-Автомашины улсын дугаарын шинэчлэлт хийнэ гэж ярьж байсан ч чимээгүй болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтсон бэ?
-Өмнө нь автомашины улсын дугаарын шинэ стандарт нэлээн маргаан дагуулсан. Гэхдээ бидэнд автомашины дугаар нэн яаралтай хэрэгтэй байна. Яагаад гэвэл жилдээ 100 гаруй мянган автомашин Монгол Улсын хилээр орж ирж байна. Тэдгээрийг хангах улсын дугаарын нөөц дууссан. Үүнтэй холбоотойгоор улсын дугаарын шинэ сери шаардлагатай. Одоогоор журам боловсруулах шатандаа явж байгаа. Өнөөдөр маргаашдаа энэ асуудлыг ярих эрт байна. Эхлээд ямар журмаар улсын дугаарыг хэрхэн олгох вэ гэсэн журмыг баталж гаргах хэрэгтэй.
-Авто тээврийн үндэсний төвд иргэд нэлээн хандаж ачаалал үүсгэж байдаг. Иргэд хамгийн их танай газарт ханддаг шалтгаан юу вэ?
-Хамгийн түрүүнд хот хооронд зорчиж байгаа иргэд байдаг. Өмнө нь хоёрхон авто буудалтай байсан бол одоо гурван авто буудалтай болсон. Ингэснээр өмнөх хоёр авто буудлын ачаалал 20 хувиар буурсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн бүртгэл болон техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр ачаалалтай байдаг. Өнгөрсөн жилийг “Авто тээврийн менежментийг сайжруулах жил” болгож зарлаад энэ хүрээнд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүйгээр аймаг орон нутгуудад шинээр авто буудлууд, хяналтын үзлэгийн төвүүдийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймаг өөрийн гэсэн авто буудал, техникийн хяналтын үзлэгийн төвүүдтэй болжээ. Энэ жилийг “Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх жил” болгож иргэдийг аль болох цаг зав хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой болгож онлайнаар захиалга авдаг болгосон. Үүнийг ч иргэд ихээр ашиглаж эхний улирлын байдлаар 95 мянга орчим онлайн билет захиалга бичигдсэн байна.
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт гарсан ослын дүгнэлт юу гэж гарав. Тухайн үед танай байгууллагын буруутай үйл ажиллагаа бас байсан гэж хэвлэл мэдээллээр цацагдаж байсан?
-Нэгдүгээр сарын 08-ны өдөр гарсан энэ осолтой холбоотой хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Эцсийн дүгнэлт гарахаар хариуцлагын асуудал яригдана. Тухайн осолтой холбоотойгоор манай байгууллага шуурхай зохицуулалтыг хийж ажилласан. Жишээ нь холбогдох даатгалын байгууллагатай шуурхай холбогдож осол гаргасан аж ахуйн нэгжтэй хамтран иргэдийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулсан байдаг.
-АТҮТ-тэй гэрээтэй ажилладаг байгууллагууддаа хэрхэн хяналт тавьж эрсдлийг урьдчилан тооцоолдог вэ?
-Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууддаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Мөн Зам тээврийн хөгжлийн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран эрсдлийн үнэлгээний шалгалт хийдэг.
-Орон нутагт зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд хурд хэмжигч, байршил тогтоогч суурилуулаад таван жил өнгөрсөн байна. Үр дүн хэр гарч байна вэ?
-Энэ төхөөрөмжийг суурилуулсанаас хойш замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журамд заасны дагуу орон нутгийн замд 70 км цагаас дээд хурдлахыг хориглодог. Зарим нэг жолооч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн гүйцэд түрүүлэх болон хурд заасан хязгаараас давсан тохиолдолд гэрээтэй Аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажилладаг. Анх хурд хэмжигч байршил тогтоогч суулгаж эхэлж байсныг бодвол одоогийн байдалтай харьцуулах аргагүйгээр хурд хэтрүүлэлт буурсан гэж болно. Энэ байдал жил ирэх тусам буурч байна гэж үзэж байгаа.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 1 )
3500 байсан машины тоог 14000 болгож авилга авчаад одоо машин ямар ч нэмэх боломжгүй болохоор нь нээлттэй болгож байгаамуу