УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.05.07/ хуралдаж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ажлын хэсгийн дүгнэлттэй бүрэн танилцаж амжаагүй байгаа тул хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон 14 гишүүний 71.4 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хэлснээр Байнгын хорооны гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт өчигдөр /2019.05.07/ ирсэн байна. Тиймээс дүгнэлттэй танилцаж байж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой гэж байв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нууцын зэрэглэлтэй ажлын хэсгийн дүгнэлттэй зайлшгүй тухтай танилцах шаардлагатай шүү. Нууцын зэрэглэлтэй материал яагаад Оюу толгойд очсон бэ. Сүүлдээ Оюу толгойг төслийг ажлын хэсэг зогсоох гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Ул суурьтай хандахгүй бол болохгүй. Тиймээс хойшлуулах горимын саналыг дэмжиж байна” гэв.
УИХ-ын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Гишүүд нэгдсэн нэг ойлголттой болохын тулд өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байгаа юм байна. Тэр нь ч зөв байх” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Нууцын зэрэглэлтэй материалыг яахаараа Оюу толгойнхон үзэж танилцчихаад мэдэгдэл гаргадаг юм. Хэн мэдээллийг Оюу толгойд өгсөн бэ. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өгсөн үү, ажлын хэсгийн ахлагч нь өгчихөв үү. Яг хэн өгсөн бэ” гэхэд ажлын хэсгийн зүгээс “Өнгөрөгч баасан гаригт нууцын зэрэглэлд хамаарахгүй санал дүгнэлтийг Байнгын хорооны даргын зөвшөөрлөөр Оюу толгойд хүргүүлж, санал авахаар өгсөн. Тэд амралтын өдрүүдээр ажиллаад хариу ирүүлсэн юм билээ” гэсэн юм. Харин Оюу толгойд ажлын хэсгийн дүгнэлтийг өгсөн “ял”-д унасан Д.Дамба-Очир гишүүн энэ удаагийн байнгын хорооны хуралдаанд оролцоогүй юм. Түүний оронд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуралдааныг даргалж байв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гурван удаагийн ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсгийнхэн гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байхад дүгнэлтийг барьж гүйсэн хүн нь яг хэн юм” гэсэн үгэнд эгдүүцсэн Д.Тэрбишдагва гишүүн “Ажлын хэсэг есөн удаа хуралдсан. Хуралдаа сууж бай. Хуралд суухгүй байж араас нь ингэж олон юм ярьдгаа боль. Тэгж ярьмаар байгаа бол ажлын хэсэгт таван ЖДҮ-чин байгаа шүү гээд ярьвал ярина шүү” гэхэд Х.Болорчулуун гишүүн “ЖДҮ-чин юм байж. Та өөрөө идүүчин шүү” гээд тэдний хооронд маргаан өргөсөн.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хойшлуулахаар санал хураалт явуулахад хоёр удаа дэмжлэг аваагүй ч горимын санал оруулан дахин санал хурааж байж ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлуулав. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359