#1 НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙГ БУДИЛААНТУУЛЖЭЭ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 2019.1, 2019.2 дугаартай Халаалтын зуухнуудын түүхий эд нүүрс нийлүүлэх битүүмжилсэн тендерийг 2019.4.22-нд шалгаруулахаар зарласан. Гэсэн ч “Нээлттэй бус” гэдэг гомдлын хүрээнд ШӨХТГ-аас уг тендерийг түр хойшлуулсан юм. Тендерт оролцох хүсэлтэй компаниудын зүгээс энэ сарын 6-ны өдөр “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”-ын хуулийн зөвлөх Б.Эрдэнээтэй гар утсаар болон биечлэн очиж уулзан, тендерийн баримт бичгийг худалдан авах, дараагийн шалгаруулалт хэзээ явагдах талаар тодруулахад “ШӨХТГ-аас хариу ирүүлээгүй. Баримт бичгийн гаргаж өгөх боломжгүй. Дараагийн шалгаруулалт хэзээ болохыг мэдэхгүй” хэмээн хоёр ч удаа мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Гэтэл тавдугаар сарын 7-ны өдөр 11 цагт шалгаруулалт хэзээ болохыг мэдэхгүй гэж байсан Б.Эрдэнээ тендерийн бичиг баримт хүлээн авах хугацааг хааж, 12 цагт шууд шалгаруулалт явуулсан нь анхаарал татаж байгаа юм. Ноцтой нь өөр компанид тендерийн материал өгөөгүй хэрнээ ХИХУГ-ын тендерт байнга ялдаг гэж яригдаж буй н.Мэндбаяр захиралтай нэр бүхий компанийг дахин шалгаруулсан гэнэ.
#2 ЭРХ БАРИГЧДЫН “ИТГЭЛИЙН 3 ХУВЬ” ХЭНД НААЛДАХ ВЭ?
Гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн жинхэнэ эзэд нь улстөрчид хийгээд тэдний холбоо хамаарал бүхий этгээдүүд болох нь ил болоод хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Эгэл жирийн иргэд нь өндөр хүүгийн дороос өндийх гэж үйлээ үзэж өдөр хоногийг өнгөрөөж байхад давуу эрхтэй нөхдүүд тэдний боломжийг хулгайлчихаад тарвалзсан хэвээр байгаа нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээнээс харагдаж буй. Жинхэнэ жижгүүд ийнхүү өөрсдийн боломжоо эдэлж чадахгүй хэвээр байгаа энэ үед эрх баригч намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэр дээр санал нэгдэв. Нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс “Итгэлийн зээл”-ийн хүрээнд 200-300 тэрбум төгрөгийн зээлийг олгох гэнэ. Зээл авах иргэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орно гэсэн шалгуур үзүүлэлтүүд эхний ээлжинд яригдаж байна. Нэг зээлдэгчид 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох гэнэ.
#3 “САУСГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН АРД ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БИЙ ЮУ?
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт их хэмжээний нөөц бүхий уул уурхайн орд газрууд илэрч, өнгөрсөн хугацаанд нийт 21 лиценз олгогдоод байсны тавыг нь цуцалж, зургаан лицензийн газар нутгийг өөрчлөх замаар уг бүсээс гаргасан. Улмаар Тост, Тосон бумбын нурууг Монгол Улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталсан байдаг. Ингэснээр Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар тогтсон. Гэсэн хэдий ч Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг батлахдаа анхны тооцооллоор нь батлаагүй юм. Улмаар 2017 гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын тогтоол гарч Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоож анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газар хамгаалалтад оролгүй үлдсэн байдаг. Ийнхүү тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдсэн тус газар нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн гэгддэг “Саусгоби коал транс” ХХК-ийн ашиглалтын газар байсан юм. Тус компани нь байгаль орчны үнэлгээгээр экосистемийн нөлөөллийн бүсэд багтаагүй гэх шалтгаанаар лицензээ авч үлдсэн байдаг.
#4 ИЙРЖИ БРОДСКИЙ: ЧЕХ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУД РУУ ГААЛИЙН ТАТВАРГҮЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХОД ТУСЛАХ БОЛОМЖТОЙ
Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой ярилцлаа.
-Монгол Улс Бүгд найрамдах Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 69 жил өнгөрсөн байна. Хоёр орны дипломат харилцаанд гарч байгаа эерэг зүйлс юу байна вэ?
-Бүгд найрамдах Чех улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо ирэх онд тэмдэглэнэ. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл найрсаг хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа. Чех улс Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан бол үүнийгээ хязгаарлаж, Монгол Улсыг эдийн засаг, худалдааны чиглэлд дэмжих бодлого барьж эхэлснийг хэлэх нь зөв байх. Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг нээхэд Чех геологчдийн оролцоо их байсан. Улаанбаатар хотын ундны ус түгээх системийн гуравны нэгд шинэ систем нэвтрүүлсэн гээд олон зүйлийг дурдаж болно.
-Улс төрийн хүрээнд харилцаа ямар байгаа бол?
-Улс төрийн харилцаа илүү тааламжтай байгаа. Энэ онд багтаж хоёр орны хооронд дээд хэмжээний айлчлалууд хийгдэнэ. Монгол, Чех иргэдийн харилцаа найрсаг байдаг нь ерөнхийдөө хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлдөг.
-Хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээ тийм ч сайн биш. Ялангуяа Монгол Улсаас Чехийн зах зээлд ноолууран эдлэл, хувцасаас давж гарч буй бараа бүтээгдэхүүн алга. Эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх вэ?
-Таны асуултад тодотгосон шиг манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа тийм ч хангалттай түвшинд биш байна. Уг нь хангалттай нөөц боломж бий. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр аль аль талаасаа анхаарах шаардлагатай зүйлс байгаа. 2018 оны байдлаар Монгол, Чех хоёр орны худалдааны эргэлт 16 сая ам.долларт хүрсэн. Уг нь 1989 оноос өмнө манай орон Монгол Улсын гадаад худалдааны хоёр дахь том түнш нь байж, Монгол Улсын гадаад худалдааны зургаан хувийг эзэлдэг байлаа. Монгол Улс Чех улстай бүхий л салбарт худалдаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, дэд бүтэц тэр дундаа иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах бүрэн боломжтой. Манай орон аж үйлдвэржсэн улс. Европын орнууд “Ирээдүйн улс” гэдэг нэрийг өгөөд байгаа. Чех улсын зүгээс Монгол Улсад ноу хау, европ стандарт, шинэ технологи, ухаалаг шийдлийг нэвтрүүлэх хангалттай боломжтой юм. 1990 оноос өмнө Чехээс оруулж ирдэг байсан монгол хүмүүсийн сайн мэдэх , өвлийн улиралд тохиромжтой Кароса автобус, “Татра” ачааны машин, “Шкода машин, “Ява” мотоцикль зэргийг дахин оруулж худалдааг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. “Плзнер Уркуэль”, “Будвайзер” шар айраг болон “Батяа” гутлыг Монгол Улс импортлодог.
#5 ЭНЭ ЕРТӨНЦ, ЭНЭ ЦАГ ХУГАЦАА ЯМАРХАН САЙХАН ЮМ БЭ...
Урлагийн тайзнаа 27 жилийн турш үзэгчдийг байлдан дагуулж, уйлуулж, уярааж, инээлгэж, тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд “нар” ургуулсан жүжигчин С.Өлзийхүүд Гавьяат жүжигчин цол өгөхийг шаардагчдын хүсэл хэдхэн сарын өмнө биеллээ олж, ёслол төгөлдөр гавьяагаа үнэлүүлсэн байдаг. Тиймдээ ч алдар гавьяагаа үнэлүүлсэн уран бүтээлчдийн ёслон өнгөрүүлдэг жишгээр жирийн нэг хүлээн авалт, найр наадам хийхийг илүүд үзэлгүй “Миний ертөнц” нэртэй тоглолтоор тайлангаа тавьж, үзэгчдээ баярлуулж, хошин урлагийн нэр хүндийг нэгэнтээ өргөе гэж бодсон биз ээ. Олон жилийн дараа хийж байгаа тайлан тоглолтыг үзэхгүй бол харамсах учраас хошин урлагийн “отгон” гавьяат Санжаагийн Өлзийхүүгийн “Миний ертөнц” тоглолтыг өнгөрсөн долоо хоногт /2019.05.10/ онцлон байж зорилоо. Үнэндээ очихоосоо өмнө хошин урлаг уналтад орж, ахуй тойрсон амьдрал, тулга тойрсон явган зөрчил зэрэгхэнээр үзэгдлээ аргалж, сэдэв ч үгүй, санаа ч үгүй болсон гэх шүүмжлэл чих дэлсэх болсон тул үзэгчдийн тоонд энүүхэндээ гэхэд эргэлзэж байсан нь үнэн. Гэтэл миний бодсон буруу байжээ. Тоглолтын танхим хөл тавих зайгүй, 3000 гаруй суудал нэг ч сул суудал үлдэлгүй, дүүрсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )