Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт их хэмжээний нөөц бүхий уул уурхайн орд газрууд илэрч, өнгөрсөн хугацаанд нийт 21 лиценз олгогдоод байсны тавыг нь цуцалж, зургаан лицензийн газар нутгийг өөрчлөх замаар уг бүсээс гаргасан. Улмаар Тост, Тосон бумбын нурууг Монгол Улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталсан байдаг.
Ингэснээр Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар тогтсон. Гэсэн хэдий ч Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг батлахдаа анхны тооцооллоор нь батлаагүй юм. Улмаар 2017 гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын тогтоол гарч Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоож анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газар хамгаалалтад оролгүй үлдсэн байдаг.
Ийнхүү тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдсэн тус газар нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн гэгддэг “Саусгоби коал транс” ХХК-ийн ашиглалтын газар байсан юм. Тус компани нь байгаль орчны үнэлгээгээр экосистемийн нөлөөллийн бүсэд багтаагүй гэх шалтгаанаар лицензээ авч үлдсэн байдаг.
Өдгөө “Саусгоби коал транс” компани энэ нутагт ашиглалтын хоёр лиценз эзэмшиж буй. “Гашуу толгой-1” гэгдэж буй бүлэг ордод байрлах дээрх хоёр талбайн лицензийн хугацаа 2042, 2045 онд дуусна. Сүүлийн 10 жилийн хугацаанд уул уурхайн нөлөөллийн улмаас Гурвантэс суманд 30 гаруй гол, булаг шанд ширгэж үгүй болоод байна. “Саусгоби коал транс” компанийн үйл ажиллагаа явуулж буй Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг хатаж ширгэх, устаж үгүй болох аюулд хүрээд байгаа юм.
Иймд нутгийн иргэд тус газрыг хамгаалалтад авах, “Саусгоби коал транс” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Улмаар хоёр шатны шүүхээс “Саусгоби коал транс” компани нь тус уурхайд их хэмжээний хөрөнгө оруулсан учир хохирох магадлалтай, мөн устаж үгүй болох аюулд өртсөн гэх Хөвдийн гол, Хуршуутын гол нь ширгэж алга болоогүй учир иргэдийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, уул уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж иржээ.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан мэдээллүүдээс үзэхэд тус компанид ашиглалтын лиценз олгох үйл явц, цаашлаад үйл ажиллагаа явуулах шүүхийн шийдвэр, шүүхэд хохирогчоор орж ирж буй гуравдагч этгээд болох Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл зэргээс харахад, дээрх үйл явц нь хууль бус байх магадлал тун өндөр байгаа юм.
Нэгдүгээрт, “Саусгоби коул транс”компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь дээд доод юрийн болон дээд цэрдийн галвын үед үүссэн байх бөгөөд тус газрын усны түүх нь мөн л ижил 80-200 сая жилийн туршид бий болж тогтсон газар доорх хагаралын нөлөөгөөр үүссэн усан санд цугларсаар баян бүрдүүд болон ил гарсан байдаг ажээ.
Тиймээс Ашигт малтмал хариуцсан агентлаг, Байгаль орчны яам, мэргэжлийн хяналтын шат шатны байцаагч нар “Саусгоби коул транс” компанид мэргэжлийн усны байгууллагын дүгнэлт гаргуул гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн байдаг ч усны мэргэжлийн байгууллагын дүгнэлт, усны асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар хавтаст хэрэгт нэг ч удаа дурдагдаагүй байжээ.
Хоёрдугаарт, зураг зүйн шүүлт хийдэг программ дээр нь хориглосон, давхцалтай гэсэн тайлбарууд гарч ирсээр байхад лиценз олгож болно гэх тайлбар бичсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, “Саусгоби коул транс”компанид МҮ-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо усны эхтэй давхцалтай, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай давхцалтай, тусгай хэрэгцээний газартай давхцалтай, цоохор ирвэсний нөөц нутагтай давхцалтай гэсэн олон давхцалтай байсаар атал зөвшөөрөл олгогдсон нь илт хууль зөрчсөн байжээ.
Гуравдугаарт, “Саусгоби коул транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралд тус компаниас гадна Худалдаа хөгжлийн банк хохирогчоор орж ирдэг. Учир нь “Саусгоби коул транс” компани ашиглалтын лицензээ барьцаалан тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх ба энэхүү талбайг ашиглахыг хоригловол Худалдаа хөгжлийн банк хохирох нөхцөлд хүрч байна гэх тайлбарыг шүүхэд өгчээ. Угтаа Худалдаа хөгжлийн банк аливаа зээлдэгчээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар авч барьцаалах ёсгүй бөгөөд барьцааны тухай мэдээллийг нийтэд ил тод хүргэх хуультай байдаг аж.
Иймд нутгийн иргэдийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан хууль зөрчсөн байдлаар үүссэн барьцааны зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж үзэж байгаа ба банк зээлдэгчээс тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа өөр эд хөрөнгөөр барьцааны гэрээгээ өргөтгөж эрсдлээ багасгах хуулиар хүлээсэн үүрэгтэй болохоос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эс болгох талаар хөөцөлдөх үүрэггүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэхүү мэдээллээс үзэхэд Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутгийг ухах ажиллагааны гол санхүүжүүлэгч нь Худалдаа хөгжлийн банк байх магадлалтай бөгөөд цаашлаад “Саусгоби коул транс” компани нь тус банктай шууд хамааралтайгаар үйл ажиллагаа явуулдаг гэх хардлага бий болж байна.
Сэтгэгдэл ( 2 )
энд ч нөгөө хүн хог, шуналын хүүдий, монголыг, монголын баялгийг зарахаар чичирч байсан элбэгдорж холбогдсон л байгаа. эрдэнэт дээр яаж байлаа, 5 толгой дээр яаж байлаа. үнэхээр ой гутам бузар шүү
ШУНАЛТ БАДАМЖУНАЙГИЙН ГАР ХҮРЭХГҮЙ ГАЗАР МОНГОЛД ҮЛДЭЭГҮЙ ЮМ БАЙНА ДАА