Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой ярилцлаа.
-Монгол Улс Бүгд найрамдах Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 69 жил өнгөрсөн байна. Хоёр орны дипломат харилцаанд гарч байгаа эерэг зүйлс юу байна вэ?
-Бүгд найрамдах Чех улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо ирэх онд тэмдэглэнэ. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл найрсаг хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа. Чех улс Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан бол үүнийгээ хязгаарлаж, Монгол Улсыг эдийн засаг, худалдааны чиглэлд дэмжих бодлого барьж эхэлснийг хэлэх нь зөв байх. Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг нээхэд Чех геологчдийн оролцоо их байсан. Улаанбаатар хотын ундны ус түгээх системийн гуравны нэгд шинэ систем нэвтрүүлсэн гээд олон зүйлийг дурдаж болно.
-Улс төрийн хүрээнд харилцаа ямар байгаа бол?
-Улс төрийн харилцаа илүү тааламжтай байгаа. Энэ онд багтаж хоёр орны хооронд дээд хэмжээний айлчлалууд хийгдэнэ. Монгол, Чех иргэдийн харилцаа найрсаг байдаг нь ерөнхийдөө хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлдөг.
-Хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээ тийм ч сайн биш. Ялангуяа Монгол Улсаас Чехийн зах зээлд ноолууран эдлэл, хувцасаас давж гарч буй бараа бүтээгдэхүүн алга. Эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх вэ?
-Таны асуултад тодотгосон шиг манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа тийм ч хангалттай түвшинд биш байна. Уг нь хангалттай нөөц боломж бий. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр аль аль талаасаа анхаарах шаардлагатай зүйлс байгаа. 2018 оны байдлаар Монгол, Чех хоёр орны худалдааны эргэлт 16 сая ам.долларт хүрсэн. Уг нь 1989 оноос өмнө манай орон Монгол Улсын гадаад худалдааны хоёр дахь том түнш нь байж, Монгол Улсын гадаад худалдааны зургаан хувийг эзэлдэг байлаа. Монгол Улс Чех улстай бүхий л салбарт худалдаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, дэд бүтэц тэр дундаа иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах бүрэн боломжтой. Манай орон аж үйлдвэржсэн улс. Европын орнууд “Ирээдүйн улс” гэдэг нэрийг өгөөд байгаа. Чех улсын зүгээс Монгол Улсад ноу хау, европ стандарт, шинэ технологи, ухаалаг шийдлийг нэвтрүүлэх хангалттай боломжтой юм. 1990 оноос өмнө Чехээс оруулж ирдэг байсан монгол хүмүүсийн сайн мэдэх , өвлийн улиралд тохиромжтой Кароса автобус, “Татра” ачааны машин, “Шкода машин, “Ява” мотоцикль зэргийг дахин оруулж худалдааг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. “Плзнер Уркуэль”, “Будвайзер” шар айраг болон “Батяа” гутлыг Монгол Улс импортлодог.
-Чехийн бизнесмэнүүд Монголд ямар бизнес эрхлэхийг хүсч байна вэ. Монголчууд Чехэд ямар бизнес эрхэлж байгаа бол?
-Чехийн бизнес эрхлэгчид уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Түүнчлэн хүнсний салбар тэр дундаа хүнс боловсруулах технологиор арвин туршлагатай, мэргэшсэн байдаг. Тиймээс энэ чиглэлээр хамтарч бизнес эрхлэх хүсэл сонирхол их.
-Монголд бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалт орох эрх зүйн орчин ямархуу байна вэ?
-Монголын бизнесийн орчин гадны хөрөнгө оруулагчдад илүү тааламжтай гэж хардаг. Чех улсаас бизнесийн хоёр компани Монгол Улсад амжилттай ажиллаж байна. Нэгдүгээрт, “Финеп” гээд барилгын компани бий. Эрдэнэт хотод орон сууц барьж байгаа. Хоёрдугаарт, “Хаанзаа” гээд цэвэр бохир ус цэвэрлэх байгууламжийн чиглэлээр ажилладаг компани бий. Тус компани Оюутолгойд орчин үеийн мембранан систем дээр тулгуурласан ус цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг дахин ашиглах томоохон системийг нэвтрүүлсэн. Чехийн бизнесмэнүүд монголд үйл ажиллагаа явуулахад визний асуудал тулгардаг. Гадны хөрөнгө оруулагчид жил бүр ажиллах эрхийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл гээд визээ сунгуулахаас эхлээд удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийж буй компаниудад хүндрэлтэй зүйлс байдаг. Энэ бүгдийг илүү хялбар дөхөм болгож өгвөл бизнесийнхэн сэтгэл амар үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Монголын улс төрчид гадны хөрөнгө оруулагчдын тал дээр янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Эргээд энэ нь бизнест нөлөөлөх хандлагатай байдаг. Тиймээс улс төрчдийн хэлж буй үгийг анхааралтай ажигладаг. Монголын улс төрчдийн дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчдын талаар эерэг зүйл ярьдаг.
-Хоёр орны Засгийн газар, Элчин сайдын яамд худалдаа, бизнесийг өргөжүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авбал илүү оновчтой вэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай гэдгийг та мэдэх байх. Эдийн засгаа төрөлжүүлэх боломж юу байгаа бол. Чех улсын зүгээс эдийн засгийн ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?
-Жижиг том олон төрлийн төсөл хэрэгжиж байна. Тэднээс онцлох гурван том төсөл бий. Үүний нэг нь эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх юм. Гурван том төсөл маань хоёр орны гадаад худалдааны эргэлтийг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улс эдийн засгаа солонгоруулах нь зөв. Тэр утгаараа зөвхөн уул уурхай гэлтгүй дэд бүтэц, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт Чех улсын зүгээс анхаарал хандуулж байгаа. Чехийн бизнес эрхлэгчид Монгол Улсад боломж өндөр гэж үздэг. Монгол-Чехийн бизнес форум жил бүр болдог. Үүнд оролцох Чехын компаниудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Манай орны экспортын 81 хувийг европын холбооны орнууд эзэлдэг л дээ. Бизнесээ төрөлжүүлэх үүднээс Ази тив тэр дундаа Монголыг сонирхох хөрөнгө оруулагч, бизнесийнхэн их байдаг юм.
-Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээр уг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?
-Хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийгдсэнээс хойш хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засаг, хамтын ажиллагааны комиссийн хуралдааныг долоон удаа хийсэн. Хурлын эцсийн протоколд 50-60 орчим зүйл бүхий хамтран шийдвэрлэх асуудлууд тусгагддаг. Элчин сайдын яамны зүгээс протоколд тусгагдсан чиглэл бүрт хүрч ажиллахаар зорьж байна. Чех улсын зүгээс тусламж үзүүлэхээ хязгаарлаж байгаа хэдий ч хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал, 2019 онд гурван орон нутгийн хэмжээний жижиг төсөл хэрэгжүүлнэ. Сибирийн тул загасыг үржүүлэх төсөл, агаарын бохирдолтой холбоотойгоор Чехийн утаагүй яндангийн төхөөрөмж 540 ширхэгийг оруулж ирж гэр хорооллын айлуудад өгнө. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн төсөл байгаа юм. Миний зүгээс аль болох мах болон сүү боловсруулах чиглэлийн арилжааны төслүүд дээр илүү анхаарал хандуулах бодолтой байна.
-Төслүүд хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ. Гурван том төсөл нь юу юм бол. Хүнсний салбарт хамтрах сонирхолтой гэсэн. Хүнсний аюулгүй байдалд дэвшил авч ирэх үү?
-Гурван том төслийн нэг амжилттай хэрэгжсэн төсөл бол нэг сая ам.долларын санхүүжилт бүхий ойн төсөл. Төслийн хүрээнд Шарын голд мод үржүүлгийн газар байгуулж, иргэдэд мод тарих, ой цэвэрлэх, хортон шавжинд идэгдсэн ойг нөхөн сэргээх сургалт явуулсан. Энэ хүрээнд Чех технологи, ноу хауг нэвтрүүлсэн юм. Хоёр дахь төсөл мал аж ахуйн салбар хэрэгжиж монгол малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлсэн. Төслийн хүрээнд малын ээмэгний бэлдэц дээр код бичих лазер машиныг програм хангамж болон ээмэгнүүдийг нийлүүлсэн. Чех улс махны томоохон үйлдвэр барих тал дээрээ туршлагатай тул гурав дахь төслөө хүнсний салбарт тэр дундаа Төв аймгийн Зуунмод хотод мах боловсруулах үйлдвэр байгуулсан. Орон нутгийн жижиг төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг оврын тоног төхөрөөмж болон зөөврийн саалтуур нийлүүлсэн. Тус сургалтын төвийнхөн сааж боловсруулсан сүүгээрээ тараг, цагаан идээ хийж ойр орчмын сумдын сургуулиудад нийлүүлж байна.
-Чех улсад хэдэн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ?
-Европын холбооны орнууд дундаас Чех улсад монголчууд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг. Одоогийн байдлаар 10 гаруй мянган иргэн бий. Манай Элчин сайдын яам европын холбооны таван орон болох Эстони, Словак, Литви, Швейцарь, Польш зэрэг орнуудад нэвтрэх шенгений виз олгодог. Мэдээж Чех улсад зорчих шенгений болон урт хугацааны оршин суух виз, монголчуудад ажлын виз буюу ажлын карт олгож байгаа. Манай Элчин сайдын яамнаас өнгөрөгч онд 1200 иргэнд Чех улсад ажиллах виз олгосон. Энэ жил уг тоог давуулах бодолтой байна. Элчин сайдын яамны зүгээс визийн мэдүүлгийн цагийг цахимаар олгож байх үед Элчингийн хашааны гадна уртаас урт дараалал бий болсон. 2031 он хүртэл виз мэдүүлэхээр цаг авч систем дүүрсэн байсан гээд бодохгүй юу.
-Монгол Улсын иргэд, БНЧУ-ын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улсаас Чех улсад хөдөлмөрлөж байгаа хичнээн иргэн байна вэ. Тэдний хөдөлмөрлөх боломж, эрх зүйн орчин ямар байгаа бол?
-Хөдөлмөрлөх эрх зүйн орчин, хангамж маш сайн. Чех компаниуд монгол ажилчиддаа маш их анхаарал тавьж, хөдөлмөрлөх нөхцлөөр хангадаг. Монголчууд шаргуу хөдөлмөрлөдөг, үр бүтээмж маш сайтай байдаг. Чехийн соёл, орчин нөхцөлдөө дасан зохицох чадвар сайны сацуу ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдох нь бага. Ер нь чехүүд монгол ажилчдад эерэг хандлагатай байдаг. Чех улс руу явж ажилах амьдарх сониорхол бүхий монголчуудыг Чехэд очихоос нь өмнө хэл, соёлыг судлах боломжоор хангаж буй “Коруна” хэмээх хувийн чех хэл, соёлын төвийн Улаанбаатар хотод нээгдсэнд би баяртай байдаг. Боловсролын харилцаатай холбоотойгоор манай Засгийн газраас оюутан сурагчдад олгох тэтгэлэг хоёр дахин нэмэгдсэн. Жил бүр 12 оюутанд их сургуульд суралцах тэтгэлэг олгож байна. Монгол оюутнууд чех хэл сурчихвал улсын их, дээд сургуульд үнэгүй сурах боломжтой.
Энэ онд Монгол Улсаас Чех улсад албан ёсны нэг айлчлал болно. Үүний хүрээнд дөрвөн чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурагдана. Үүний нэг нь нийгмийн хамгааллын хэлэлцээр. Тус гэрээ хийгдсэнээр 1995 оноос хойш Чех улсад хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс тэтгэвэр авах боломжтой болно.
-Монголчууд Чехэд ямар ажил хөдөлмөр эрхэлж байна вэ?
-Монголчууд ихэвчлэн хүнс боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэрт ажиллаж байна.
-Та Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд ямар ажлууд амжуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Би гол ажлаа консулын хэлтсээсээ эхлүүлсэн. Намайг анх ирэхэд Элчин сайдын яамны хашааны гадна монгол иргэд виз мэдүүлэхийн тулд маш урт дараалал үүсгэсэн байдаг байсан. Би өөртөө буцахаасаа өмнө эхний ээлжинд шинэ хүлээлгийн байр бариулж Консулын хэлтсээ өргөжүүлэн, консулын хэлтсийн ажиллах хүчээ нэмэгдүүлж виз мэдүүлэгчдийг илүү том хүлээлгийн заалтай болгоно гэсэн зорилт тавьсан. Түүндээ аль хэдийн хүрсэн. Дээр дурьдсан дөрвөн хэлэлцээр маань энэ сарын 21-нд зурагдана гэдэгт би итгэлтэй байгаа. Эдийн засгийн тухайд хоёр орны худалдаа хэзээ ч зогсохгүй марафон гэсэн үг. Эдийн засаг, худалдааны салбарт ахиц авч ирэхийн тулд тулд тодорхой хугацаа шаардах ч өөрийгөө бүрэн дайчилж ажиллана. Мөн Прага хотын амьтны хүрээлэнгээс Монгол Улстай хамтран ес дэх жилдээ “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай говийн Б бүсэд тахийг нутагшуулж байгаа. Ноднин хамтын ажиллагаагаа өргөжүүлж говийн А бүсэд мазаалай, бөхөн, хавтгайг хамгаалах, үржүүлэх чиглэлээр ажиллах болсонд сэтгэл өндөр явна. Прага хотын захиргаанаас тухайн амьтны хүрээлэнгээр үйлчлүүлж буй хүмүүсийн тасалбар бүрээс 333 төгрөгийг энэхүү төсөлд зориулан хандивлах шийдвэрийг гаргасан. Энэ бол маш чухал мөнгө юм. Учир нь Прагын зоопаркаар жилд 1.5 сая орчим хүн үйлчлүүлдэг. Явахаасаа өмнө хийхийг зорьж байгаа бас нэг ажил бол ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрэээндг соёлын хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулах. Арга хэмжээг үндсэн гурван хэсэгт хуваан авч үзэж болно. Чех улсын дэлхийд танигдсан кино, классик хөгжим, орчин үеийн урлаг болон бүжиг байх юм.
-Консулын газрын гадаа виз хүссэн монголчууд маш их байдаг байсан гэлээ. Одоо тэр дугаар дараалал байхгүй болсон уу. Визэнд орохын тулд 2-3 сая төгрөгийн авилга төлж байна гэдэг мэдээлэл бий?
-Богино хугацааны шенгений визийн материал хүлээн авах VFS глобал визийн төв байгуулагдсанаар Чех руу явах гэж байгаа иргэд ямар нэгэн дундын зуучлагчаар дамжих шаардлагагүй шууд визэнд ордог болсон. Тиймээс хэн нэгэнд ямар нэгэн байдлаар мөнгө өгөх шаардлагагүй болсон гэдгийг хэлье. Дараалал дугаарын асуудал бүрэн шийдэгдсэн. Ямар нэгэн тогтоосон тоо, хязгаар байхгүй. Иргэд хүссэн үедээ материалаа өгч болно. Ажил эрхлэх визийн хувьд дундын зуучлалын маягийн зүйл байсан. Үүнийг өөрчилж, бүр мөсөн шийдсэн. Чехэд ажиллах сонирхолтой хүмүүст зориулсан тусгай горим байдаг. Тус горимд хамрагдсан чех компаниуд ажиллах хүчээ сонгон нэрсийн жагсаалтыг гаргаж чехийн дотоод яамаараа дамжуулан Элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлэх цаг авдаг систем гэж байдаг. Одоо ажиглагдаж байгаа нэг зүйлийг хэлье. Виз хүссэн иргэд “Анкет бөглөх цаг зав алга байна” гээд хүнд мөнгө төлөөд бөглүүлдэг. Элчин сайдын яамны зүгээс хэн нэгэн хүнд мөнгө төлөлгүй өөрийнхөө төлөө өөртөө цаг гаргаад тэр анкетаа бөглөж байхыг уриалж байгаа юм. Анкет бөглөхөд тийм хүндрэлтэй зүйл байхгүй. Хүмүүс визэнд орохдоо VFS төв рүү залгаад ямар материал бүрдүүлэхээс эхлээд бүх зүйлээ утсаар яриад үнэгүй авах боломжтой.
-Элчин сайд яриандаа утаагүй 540 яндан оруулж ирж гэр хорооллынхонд өгнө гэсэн. Та Улаанбаатар хотод өвөлжиж үзсэн. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлд ямар ажил хийвэл үр дүнтэй гэж харж байна вэ?
-Ямар ч Элчин сайд ямар ч улсын Засгийн газарт зөвлөгөө өгөх нь зүй ёсны хэрэг биш. Утаанаас салах ид шид гэж байхгүй. Нэг, хоёр хоногийн дотор утаанаас салах боломжгүй. Хамгийн гол нь утааг бууруулах тал дээр юу хийж болох вэ хэмээн өөрөөсөө асуух нь чухал. Миний хувьд ажил, гэрийнхээ хооронд алхаж явдаг. Автомашин ашигладаггүй. Тэр утгаараа энэ нь нэг жижигхэн шийдэл байж болох юм. 1990 онд Чехословак улсад улс аж үйлдвэржилтээс болж агаарын бохирдол маш их болсон. Худалдаа, эдийн засгаа сайн хөгжүүлж чадвал иргэд мөнгөтэй болдог. Санхүүгийн боломжтой иргэд гэр хороололд амьдрахаас илүү орон сууцанд амьдрахыг илүүд үздэг. Тиймээс урт хугацаандаа орон сууцжуулах хөтөлбөр үр дүнтэй.
-Улаанбаатар хот хэрхэн хөгжих ёстой вэ. Таны өрөөний хананд Прага хотын зураг байна. Энэ хэмжээнд хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой бол, хувь хүн талаасаа хариулахгүй юу?
-Энд ирээд жил хагас болох хугацаанд Улаанбаатар хот маш хурдацтай хөгжиж байгаа нь хаа сайгүй харагдаж байна. Би хот төлөвлөлтийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Бид чех архитекторуудыг урьж байсан. Тэд ирэх жил дахин ирж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө хийхэд оролцож, туршлагаасаа хуваалцах байх гэдэгт итгэлтэй байна. Хот хөгжих хамгийн зөв шийдэл нь иргэд өмчтэй болох явдал. Өмчтэй иргэд өөрийн эд зүйлсдээ анхаарал хандуулж, ядаж амьдарч буй орчноо эмх цэгцтэй байхад хариуцлагатай ханддаг. Та Прага хотын талаар асуусан. Прага хот яагаад өнөөдрийг хүртэл ийм цэвэрхэн сайхан хот байсаар байна вэ. Шалтгаан нь өмч хувьчлалтай л холбоотой. Иргэд өмчтэй болоод байраа будах, засварлах, шинээр барихаас эхлээд хөгжил дэвшил гарсан. Прага хотын энэ байгаа нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь өөрчлөлт гэсэн үг.
-Томоохон ямар ажил хийчих юмсан гэсэн бодолтой байна вэ?
-Монгол, Чех хоёр орон шууд нислэгтэй болох хэрэгтэй. Өнөөдөр маргааш шийдэгдчих ажил биш. Тодорхой хугацаа шаардах байх. Чех улс европын холбоонд нэгдээд 15 жил болсон. Европын холбооны дуу хоолой болсон нээлттэй, идэвхтэй орнуудын нэг бөгөөд Европын холбоондоо Монгол Улсыг ихээхэн дэмжиж ирсэн. Монгол Улсаас Европын холбооны орнууд руу гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүн экспортлоход туслах боломжтой. Шууд нислэгтэй болбол Чех улсаас Монголыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэнэ. Үүнээс гадна Чех улсад амьдарч буй 10 гаруй мянган монгол иргэн эх орон руугаа ирж, буцаж байнга ачаалалтай байх болно гэж би харж байна. Прага хот европын холбооны төв болсон газар тул Прага руу шууд нислэгээр очсон бараа бүтээгдэхүүн бусад хот, орнууд руу гарахад хялбар болно.
-Шууд нислэгтэй болох асуудал хөндөгдсөн үү. Ямар авиа компани нислэг үйлдэх боломжтой вэ?
-Хоёр жил хагасын өмнө агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Бид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Нисгэгчдийн зөвшөөрөл олгох системийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, жижиг оврын нисэх онгоцуудыг нийлүүлэх, орон нутагт нисэх буудал барих мөн зөөврийн нисэх онгоцны буудлуудыг бий болгох чиглэлүүдээр хамтарч ажиллаж байна. Энэ бүхэн шууд нислэгтэй болоход дэмжлэг болно. Хэзээ шууд нислэгтэй болох вэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Надаас шалтгаалахгүй. Хувийн авиа компаниудын эдийн засгийн чадавхи, хүчин чадалтай холбоотой.
-Албаны чигийн яриа нэлээд өрнөлөө. Хувь хүн талаасаа жаахан ярихгүй юу. Өмнө нь ямар орнуудад Элчин сайдаар ажилласан бэ. Монгол тэр орнуудаас юугаараа ялгаатай байна вэ?
-Монголын үзэсгэлэнт байгаль надад таалагддаг. Чех монгол хүмүүс хоорондоо найрсаг харилцаатай бөгөөд адилхан хошин шогийн мэдрэмжтэй. Монгол Улс хүмүүсийн хүлээж байснаас илүү сайхан орон юм. Би Улаанбаатарт оффист суудаг Элчин сайд байхыг хүсдэггүй. Монголын сайхан хөдөө орон нутгаар явж аймаг, сумдын Засаг дарга нартай биечлэн уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцах дуртай. Өмнө нь би Дани улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Түүнээс өмнө 10 жил Чехийн Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байхдаа 2006 онд айлчлалаар Монгол Улсад ирж байсан юм. Юу тохиолдох нь тодорхойгүй, машины дугуй хагарч, замаасаа гаран төөрч ч болзошгүй сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийг Монголын хээр талд гав ганцаараа өнгөрөөх нь эвгүй боловч би түүнд дуртай. Гэхдээ би Чехээс ирсэн жуулчдад гурван төрлийн зөвлөгөө өгдөг. Ганцаараа бүү яв. Нутгийн хөтөч дагуулж яв. Ганц машинтай хэзээ ч бүү яв. Мөн сансрын холбооны утас авч яв гэдэг. Монголын бууз, хуушуур, цуйван, айраг болон бараг бүрх хоолонд дуртай. маш гоё.
Сэтгэгдэл ( 0 )